-148 орноос 33 нь ямар нэгэн медаль хүртээд байгаагаас манай улс нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар XVIII байрт жагсаж байна-
Дэлхийн оюутны зуны Универсиад XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод үргэлжилж байна. Наадмын дөрөв дэх өдөр буюу өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, медалийн буухиаг үргэлжлүүллээ. Тэрээр медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Яао Шионгийг цэвэр ялж, монголын багийн гурав дахь, жүдо бөхийн хоёр дахь медалийг авчирлаа. Мөн өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Баярмагнай хүрэл медалийн төлөө Бразилын бөхтэй барилдсан ч цэвэр ялагдаж, шагналт V байрт эзлэв.
Universiade 2015 judo 48kg final Munkhbat Urantsetseg
Posted by Монголын жүдогийн оюутны шигшээ баг on Tuesday, July 7, 2015
“Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай дэлхийн оюутны зуны Универсиад XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд 148 орны 12986 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсын 160 тамирчин спортын 12 төрөлд хүч үзэж байна.
Өнөөдрийн байдлаар 40 багц медалийн эзэд тодорсноос 33 орон ямар нэгэн медаль хүртээд байна. Наадмыг зохион байгуулагч орон 10 алт, 8 мөнгө, 8 хүрэл, нийт 26 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон, БНХАУ, АНУ, Франц, ОХУ, Итали, Украин, Их Британи, Германы багууд II-X байрт жагсаж байна. Харин манай баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медальтайгаар жагсаалтын XVIII байрт бичигдэж байна. Тодруулбал, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа аваргын алтан медаль хүртсэн бол Гавьяат тамирчин М.Уранцэцэг, гар бууны эрэгтэй баг болох Энхтайваны Даваахүү, Бадамгарав, Оюуны Төгөлдөр нар хүрэл медаль хүртээд байна.
Ч.БОЛОР