Бээжин Хонконг руу цэрэг илгээх боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Бээжин Хонконг руу цэрэг илгээх боломжтой

Бээжин Хонконг руу цэрэг илгээх боломжтой

Хонконгийн хойд дүүрэгт өнгөрсөн долоо хоногт саваа модоор зэвсэглэсэн жагсагчид галт тэрэгний зорчигчд руу дайрсан хэргийн дараа цагдаа нар хамгаалалтын саад босгож, үймээн гаргасан хүмүүсийг баривчлахаа анхааруулжээ. Жагсагчид өнгөрсөн амралтын өдрөөр жагсаалаа галт тэрэгний буудалд үргэлжлүүлэхээ мэдэгдсэнээр ойр орчмын дэлгүүрүүд үдээс өмнө хаалгаа барьж, цагдаа нар хамгаалалтад гарсан байв. Хонконгийн жагсагчид Баасан гаригт хотын олон улсын нисэх буудалд дээр суулт хийсэн ба олон улсаас аялагчдад хандан сэрэмжлүүлэг гаргасан юм. Нисэх буудалд болсон суултад 15 мянга орчим хүн оролцсон талаар зохион байгуулагчид мэдээлсэн бол цагдаа нар ихдээ 4000 хүрсэн гэж мэдэгджээ. Нисэх буудалд суулт зарласан иргэд “Эцсийн зогсоол Хонконгоос Эрх чөлөөнд”, “цагдаа, дээрэмчдээр удирдуулсан Хонконг хотод тавтай морил” гэх мэт лоозон барин олон улсын нислэгээр ирсэн зорчигчдыг угтжээ.

Хонконгийн No.2 эрх мэдэлтэн, нарийн бичгийн дарга Мэттью Чун иргэдэд хандан эсэргүүцэл, шаардлагаа тайван, зүй зохистой аргаар илэрхийлэхийг түр бүр хийгээд байдаггүй хэвлэлийн хурал зарлан мэдэгджээ. Бямба гаригийн  жагсаалын өмнө Хонконгод 3000 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад гарч, хууль бусаар цугларсан иргэдийг баривчлах үүрэг хүлээжээ. Улмаар Бямба гаригийн орой цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэн нулимс асгаруулагч цацан, иргэдийг бороохойдон зодож, баривчилснаар үймээн, сандрал үүсгэсэн байна. Хонконгийн эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр галт тэрэгний буудалд болсон үймээний үеэр нийт 23 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэнээс хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Үүнээс гадна цагдаа нар 11 хүнийг баривчилжээ.

Их Британийн хуучин колони Хонконгод найм дахь долоо хоногтоо энэхүү эсэргүүцлийн жагсаал өрнөж байна.

Нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөл олны дургүйцлийг төрүүлснээс эхэлжээ. Эсэргүүцлийн жагсаалын үр дүнд хуулийн төсөл хүчингүй болсон ч Хонконгийн ерөнхийлөн захирагч Кэрри Ламыг огцруулах болон жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн хэргийг шалгахыг шаардан үргэлжилж байна. Нөгөө талд Хятадын дарга Ши Жиньпин Хонконгод үүссэн нөхцөл байдлыг газар авхуулалгүй зохицуулах үүрэг хүлээж байна. Хятадын Коммунист нам ирэх аравдугаар сард 70 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэж буй энэ үед Хонконгод үүссэн нөхцөл байдал Бээжингийн эрх баригчдын шүдний өвчин болоод болов. Улмаар Ши Жиньпин олон улсаас төдийгүй Хятадын Коммунист намын удирдлагуудын зүгээс нэлээд дарамтыг мэдэрч байгаа аж. Тухайлбал, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн долоо хоногт  “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр бүх талууд Хонконгод хүчирхийлэл, үймээн дэгдээхээс сэргийлж, зөв алхмыг хийх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

Нөгөө талд Хонконгод үүссэн нөхцөл байдал даамжирч 1989 оны Тянь Ань Миний “цуст” түүхийг давтах вий гэсэн болгоомжлол байна. Хятадын хэвлэлийн “Хонконг шатаж байна. Гэхдээ гал нь Хонконгийн иргэд юм” гэх гарчигтай нийтлэлд Хонконг руу цэрэг илгээж болохыг Хятадын батлан хамгаалах яамны төлөөлөгч Ву Цияны ярьснаас иш татан бичжээ. Нийтлэлд дурдсанаар Хонконгийн удирдлагууд Бээжингээс цэргийн тусламж хүсвэл Хятад цэргээ илгээхийг хуульчилсан байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж