УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-Тантай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярихаас өмнө таны санаачлан зохион байгуулсан “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтын үр дүн болоод зохион байгуулах болсон сэдэл шалтгааныг эхлээд тодруулахыг хүсч байна?
-Өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагасыг 30-аас доош настай миллениалууд эзэлж байгаа ч тэдний маш бага хувь нь улс төрийн оролцоотой байна. Нийгмийн олон салбарт залууст орон зай үгүйлэгдэж, тэдний дуу хоолой дутагдаж байгааг анзаарсан учраас Монгол залуусын нийгэмд үзүүлэх оролцоо, хувь нэмрийг дээшлүүлж, олон салбарт өөрчлөлт шинэчлэлийг авчрах сэдлийг өгөх зорилгоор Азийн сан (The Asia Foundation) тэргүүтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй долоон олон улсын байгууллагатай хамтран “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтыг зохион байгуулсан.
Хоёрдугаарт, залуусын олон байгууллагуудад лекц уншиж залуучуудтай санал бодлоо солилцож байх үед өндөр боловсрол мэдлэгтэй, зөв хандлага, хариуцлагатай залуус Монголынхоо улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд маш шүүмжлэлтэй хандаж байсан. Тэднээс “Та нар өөрсдийнхөө ирээдүйг яаж харж байна вэ гэж асуувал, “Сайн сайхан, гэрэл гэгээтэйгээр төсөөлж байна” гэж хариулах нь тодорхой. Гэтэл энэ төсөөллөө бодит болгоё гэвэл улс орны нөхцөл байдал бүгдэд нь хамаатай гэдгийг мэдэх атлаа залуучууд “Би оролцохгүй, улс төр муухай байна" гэх хандлагатай. Ийи маягаараа байвал хэн оролцож, хэн нийгмийг сайн сайхан болгох юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. “Улс төр бохир байна” гэж шүүмжлэх нь зөв ч улс төрийг зөв голдиролд нь оруулахад бүх хүний оролцоо ялангуяа залуучуудын оролцоо хамгийн чухал. Улс төрийн оролцоо, идэвхийг аль намын гишүүн байх, цаашлаад улс төрийн аль нэг шатны сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх, хамгийн наанадаж сонгуульд саналаа өгөх нь асар чухал юм. Энэ үүднээс “Залуусын дуу хоолой” чуулганыг зохион байгуулсан.
“Залуусын дуу хоолой” чуулганд оролцогчдоос хоёр хүнийг илүүтэй онцолж яримаар байна. Нэгдүгээрт, дохионы хэлний С.Бямбадэлгэр багш ажил мэргэжилдээ эзэн нь байж,түүнийгээ чин сэтгэлээр хийхийг үлгэрлэж яваа эмэгтэй. Дуу, хөгжмийг дохиогоор орчуулна гэдэг мэдээж хэцүү. Урлагийн тэр сайхан мэдрэмжийг сонсохыг хүссэн ч сонсож чадахгүй байгаа тэр хүмүүст мэдрүүлэхийн тулд дууг сэтгэл зүрхээрээ мэдрэн, үйл хөдлөлөөрөө орчуулан бүжиглэж байсан нь сошил орчинд маш олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн байна лээ. Арга хэмжээний төгсгөлд би Бямбаа багшид цэцэг бэлэглэхэд маш их баярлаж, хоёул нүдэндээ нулимстай тайзнаас буусан. Үүгээр би юу хэлэхийг хүсэж байна вэ гэхээр дохионы хэлний багш нарыг дэмжиж бидний хувьд энэ чиглэлийн боловсон хүчнийг сайтар бэлтгэх шаардлага байна. Мэргэжлийн дохионы орчуулагч багш Монголд цөөхөн байдаг энэ чиглэлээр мэргэжилтэн манайд бэлтгэдэггүй, зөвхөн гадаадад бэлтгэдэг.МҮОНТВ мэдээгээ дохионы хэлний орчуулгатай хүргэдэг шиг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн аль болох мэдээ мэдээллээ дохионы хэлээр орчуулж хүргэх шаардлага байна.
Мөн хараагүй иргэдэд зориулсан барел үсэгтэй ном, сонин гаргах нь анхаарах асуудлын нэг. Хоёрдугаарт, чуулга уулзалтын содон зочин бол Сонсголгүй иргэдийн холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар байсан. А.Энхбаатар 2016 онд ИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэг бие даан нэр дэвшихээр бүртгүүлэхээр очиход нь дэмжигчдийнх нь дөрвөн нь 18 аас доош насных байна гэсэн шалтгаанаар Сонгуулийн Ерөнхий хорооноос бүртгэхээс татгалзаж хассан ч шүүхийн шийдвэрээр ялж сонгуулийн компанит ажлаа хийж байсан тухайгаа хуваалцсан. А.Энхбаатарын зорилго, мөрөөдөл, эр зоригийг олон залуус үнэлж түүгээр бахархаж байсныг дурдмаар байна. А.Энхбаатарын хэлсэн чухал санаа бол “Хэрвээ сонсголын бэрхшээлтэй иргэд аль ч шатны сонгуульд нэр дэвшиж өрсөлдье гэвэл бүгдэд нь Сонгуулийн ерөнхий хорооноос дохионы хэлний орчуулагч гаргаж өгдөг байх хэрэгтэй” гэдгийг хэлж байсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулж тэдний дуу хоолойг хүргэх чиглэлд ажиллаж ирсэн гишүүдийн нэг нь та. Энэ ч үүднээс “Залуусын дуу хоолой” чуулганд нийгмийн бүх бүлгийг оролцуулж ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангаж илтгэл, диалогийг тэдэнд дохионы хэлээр орчуулж хүргэсэн нь өргөн хүрээг хамарсан гэж харж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн бодлого дутагдсаар ирсэн. Одоо ч энэ байдал нь хэвээр үргэлжилсээр байгаа гэдэгтэй та санал нийлэх байх?
-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжууд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу, хэрэгжилтийн шатандаа алдаа, догогдол гарч байгаа эсэхийг хянах хяналт дутмаг байна уу даа гэж би хувь гишүүнийхээ хувьд хардаг. Хэдийгээр цаасан дээр хуулийн зөв үг, үсэг заалтууд нь байгаа ч магадгүй хуулийг хэрэгжүүлэх явцад хангалтгүй байх нь элбэг. Жишээлбэл тухайн барилгыг барих норм, нормативт тэргэнцэртэй иргэд орж гарах гарцтай байна гэж заасан атал бодит байдалд стандарт хангаж чадаж байгаа эсэх, тэргэнцэртэй иргэн тухайн барилга руу бие даагаад орж, гарах бололцоо бүрдсэн үү гэж асуухад үүднээс нь эхлээд алдаа дутагдал их байна гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлдэг. Үүнд иргэд хяналт тавихаас гадна холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хяналт тавьж олон талын оролцоо уялдаж байж хууль хэрэгжинэ.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьж байгаа энэ үед тэгш хүртээмжтэйгээр иргэдийнхээ оролцоог хангаж чадаж байна уу гэвэл хангалтгүй байна л даа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулахаас гадна гишүүдийн уулзалтад залуусын оролцоо тун бага харагдаж байгааг та ч гэсэн анзаарсан байх?
– Санал нийлнэ. Үндсэн хууль бол арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг эдийн засгийн чадавхаас нь үл хамааран хүн бүхэн тэгш эрхтэй байх, тэгш эрхийг нь баталгаажуулах тухай хамгийн чухал тунхгийн суурь баримт бичиг. Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчилдөг хууль биш.Нэг удаа нэмэлт өөрчлөлт хийлээ гэхэд үр дүн нь цааш урт хугацаанд гардаг учир залуучуудын амьдралд төдий чинээгээр шууд нөлөөтэй. Хуулийн төслийг танилцуулах уулзалтад ихэнх нь дундаас дээш насныхан, ялангуяа ахмадууд оролцож байгаа. Албан байгууллагуудад хэлэлцүүлэг хийхэд нас насны хүмүүс оролцож байгаа нь тодорхой үр дүнтэй байсан. Нөгөө талаар залуучууд залуучуудыгаа илүү сонсдог. Тэр аргаар залуучуудад нөлөөлөх нь зөв гэж харж байна.
АНУ-ын Үндсэн хуулийг хүмүүст хүргэхдээ заалт бүрээр нь хип хоп дуу хийж хүргэж байсан жишээ байдаг. Тэгэхээр залуусын сонирхолд тулгуурлаж ажиллах нь илүү хүртээмжтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
Залуус хөгжлийн тухай ярихдаа баригдмал сэтгэхүйгээр бус илүү чөлөөт сэтгэмээр байна гэж их ярьдаг. Нэг залуу “Бид тулгасан загвараар яваад залхаж байна”гэж хэлж байсан. Дээд үеийнхнээс нь тулгадаг, магадгүй олон удаа сонгогдсон улстөрчид, олон удаа гарсан дарга нар тодорхой систем зохиочхоод түүнийгээ “Та нар хүссэн, эс хүссэн үүний дагуу яв” гэж залууст тулгадаг. Магадгүй буруу систем тулгаад түүнийх нь дор хүссэн, хүсээгүй залуус, олон нийт үг дуугүй байгаа нь өнөөдрийн нөхцлийг үүсгээд байгаа юм биш биз гэдгийг хүн бүр бодох хэрэгтэй.
"ЗАСАГЛАЛААС БОЛЖ НИЙГМИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДООГУУР БАЙНА ГЭДГИЙГ БИД ЭХНИЙ ЭЭЛЖИД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ"
Та нийгмийн бухимдлыг хэлж байна уу?
-Тийм ээ. Өнөөдөр нийгэмд хамгийн их тулгамдаж буй утаа, түгжрэл, цэцэрлэг, сургуулийн хүртээмж, боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, цаашлаад залуусын амьжиргааны асуудал хүчтэй яригдана. Залуу хүний эдийн засгийн чадавх хаа газар л амаргүй байдаг гэж хүлээн зөвшөөрөх тал бий. Орлого багатай магадгүй хамгийн бага өртөгтэй байр сууцанд амьдардаг амьдралаа тэгээс босгосон гэж хаа газрын залуучууд ярьдаггүй гэж үү. Гэхдээ үүний хамгийн чухал нь ажиллаж хөдөлмөрөөд эдийн засгаа бэхжүүлж чадаж байна уу, амьдралаа хэрхэн хурдан хөл дээр нь босгох вэ, тийм боломж нийгэмд хэр байгаа вэ гэдэг нь асуудлын гол. Ямар ч залуу хүн итгэл найдвар, эрмэлзлээр дүүрэн байдаг ч ирээдүйн сайн сайхан амьдрал, эдийн засгийн чадамжтай нөхцөл яаж бүрдэх вэ гэвэл тэр нь зөв орчин, нөхцөл байж бий болно.
Гэтэл дийлэнх нь зүтгээд зүтгээд магадгүй 10-20 жилийн дараа амьдрал нь сайжрахгүй нөгөө л бахь байдгаараа байвал хувь хүний хүчин зүйлээс даваад, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай илүү холбоотой. Өнөөдөр зөвхөн Өмнөд Солонгост гэхэд манай улсын 40 мянган залуус ажиллаж байна. Солонгос хүмүүсийн өөрсдийнх нь хийхээс дургүйцдэг “Three D-Dirty, Dangerous, Difficult job” буюу бохир, аюултай, хэцүү гэж үздэг хар бор ажлыг нь Монгол залуус хийж байна.
Олон жил сурч боловсрол эзэмшсэн эмч, инженер нарийн мэргэжлийн боловсон хүчнүүд мөн ялгаагүй Солонгост очиж ажиллаж байна. Тэнд очоод нарийн мэргэжил шаардагдахгүй зөвхөн эр зориг, өөрийгөө золиослохоос буцахгүй байхыг шаардсан ажил хийгээд цуглуулсан мөнгөөрөө эх орондоо амьдрахын төлөө залуу нас, эрүүл мэндээ хүний нутагт зольж байгаад би хамгийн их эмзэглэдэг. Эдийн засгийн хувьд ирээдүйгээ босгох боломж нь хомс байгаа учраас хүссэндээ бус аргагүйн эрхэнд гадагшаа явж ажиллаж байгаа. Идэвхтэй ажиллах насны залуусын дийлэнх нь яаж ийж байгаад Солонгосын визтэй болохсон гэж мөрөөдөл нь болж хувирсан.
-Нийгмийн үнэн төрхийн нэг хэсгийн та ярилаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт дээрх нийгэм эдийн засгийн байдалд хэрхэн нөлөөлөх вэ? Залуусын амьдрал ахуй сайжрахад нөлөөлөх үү гэдэг нь эргэлзээтэй байна л даа. Засаглалын шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж байгаа?
-Үндсэн хуулиар суурийг нь зөв тавьж өгөх нэн чухал байгаа юм. Хамгийн нэгдүгээрт татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой зарцуулахаас эхэлнэ. Хэрэв зөв, оновчтой зарцуулдаг, зарцуулалт нь ил тод, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих орчин нь илүү эрүүл байснаар нийгмийн бухимдал багасна. Тухайлбал, дэд бүтцийн асуудлыг авч үзвэл энэ олон зам стандартын дагуу тавигдахгүй байгаад олон нийт бухимдаж байна. Замын тендерийг авсан нь яагаад дундаас нь зувцуулж байх ёстой юм. Энэ нь мэдэгдэхгүй өчнөөн жил явж ирсэн нь засаглалын ил тод бус, засаглал хариуцлага тооцох чадавхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр засаглалаа сайжруулж байж дэд бүтэц, бизнес, татварын орчин илүү шударга зөв явна. Ингэх юм бол шударгаар хөдөлмөрлөж байгаа нь шударгаар үр ашгийг хүртэнэ. Засаглалаас болж нийгмийн нөхцөл байдал доогуур байна гэдгийг бид эхний ээлжид хүлээн зөвшөөрөх ёстой. Дээр хэлсэнчлэн олон залуус Солонгост очиж хүнд хөдөлмөр эрхлэх нөхцөл үүсч байгаагийн цаад шалтгаан нь засаглалд бий.
Засаглалын хяналт, тэнцвэр алдагдсан энэ цаг үед Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж хяналтыг сайжруулах зорилт тавьж байгаа нь ололттой гэж харж байна.
Салбар хуулиуд нь дагаад сайжирч зөв голдиролдоо орох хэрэгтэй. Энд өөр нэг асуудлыг орхигдуулж болохгүй.
-Ямар?
-Төрийн байгууллагуудын хүнд суртал олон залуусын хүсэл мөрөөдлийг мохоож байна. “Залуусын дуу хоолой” чуулганы үеэр бизнес эрхлэгч залуучуудын салбар хуралдааны сул суудал олдоогүй. Эндээс залуучууд бизнес эрхлэх ямар их хүсэл сонирхолтой болох нь шууд харагдсан. Бизнес эрхэлж амьдралаа сайжруулах хүсэл эрмэлзэл байлаа ч тулгамддаг асуудал нь залуусын хувьд ижил төстэй байна. Төрийн хүнд суртал Гааль, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжилзүйн газрыг дурдаж “Надад ийм байгууллагаас ингэж бизнест маань саад тээг учруулсан гээд олон жишээг дурдаж ярьж байсан. Угтаа төрийн байгууллагаа иргэддээ мэргэжлийн түвшинд тусалж, бололцоог нь бүрдүүлж өгөх ёстой. Хяналт мэдээж байлгүй л яахав. Гэхдээ шударга зарчмыг баримтлах учиртай. Бизнес эрхлэгчдээ дэмжихгүй гэвэл бүх хүн төрийн албан хаагч байх боломжгүй. Төрийн алба цомхон байх ёстой гэж ярьдаг атлаа хувийн хэвшлээ төр нь дэмжихгүй байна.
Дараагийн асуудал нь төрийн өмчийн засаглал. Төрийн өмчийн компанид чухал албан ажил хийж байгаа хүмүүс төрийн өмчийг өөрсдийнх нь түр зуурын эзэмшлийн компани мэтээр авирлаж, цовхорч байгаа нь эргээд л төрийг нүсэр үр ашиггүй болгон данхайлгаж нийгмийн амьдралд хүндээр тусч байна.
-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах зөвшилцөх ажлын хэсгийг байгуулаад байгаа. Энэ удаагийн өөрчлөлтийн төслийг хэр сайн болсон гэж харж байгаа вэ?.
-Хоёр хуулийн төсөлд нэгтгэж хэлэлцээд батлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Одоогоор ажлын хэсэг ажиллаж байна. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол амин сүнс нь шүүхийн засаглалыг сайжруулах явдал. Парламентын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд шүүгчдийн томилгоо, ажилласан жил, шүүгчдийн хариуцлагын зөвлөл байгуулах зэрэг зарчмын тодорхой өөрчлөлтүүд орж байгаа. Улс төрөөс хамааралтай шүүгчийн томилгоог бүрэн халж бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг өөрсдөө сонгодог, тэр сонголтыг Ерөнхийлөгч батламжилдаг байх тогтолцоо руу орж байгаа. Батламжлахаас татгалзвал шалтгаан нь ил тод байх. Тухайлбал, Англид хатан хаан нь шүүгчдийг батламжилдаг.
Мөн хуулийн өөрчлөлтөөр Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулна.Ингэснээр нээлттэйгээр иргэд олон нийт, иргэний нийгэм хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоотойгоор тухайн шүүгч хэн бэ туршлага, замнал, хандлагатай нь тодорхой танилцах боломж олгох нь асар чухал. Томилгооны сонсголын соёл бий болсноор олон нийтийн хяналт тогтоох эрүүл агаар орох боломж гэж би хувьдаа харж байгаа. Дээрх хэлсэнчлэн хүний эрх, тэгш байдлын жинхэнэ шалгуур яван явсаар шүүхэд дээр л харагдана. Аливаа зөрчил, асуудал үүсэхэд иргэн шүүхээр шударгаар шийдвэрлүүлэх бололцоотой гэсэн итгэл үнэмшил нь бий болсон цаг шүүхийн засаглал сайжирчээ гэж дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдлын буруутай нь хэн бэ гэдгийг тогтооход шүүх шударгаар шийдэж чаддаг болсон цагт иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл нь нэмэгдэнэ.
Холбоотой мэдээ