Ц.Элбэгдорж: Засгийн газрын хувь заяаг нам шүүдэг байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Засгийн газрын хувь заяаг нам шүүдэг байж болохгүй

Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д суудалтай намуудын дарга нар болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  Өнөөдөр энд УИХ-д суудалтай намуудын дарга нар, бүлгүүдийн дарга нар, Засгийн газрын удирдлага, Ерөнхий сайд, Шадар сайд нарыг урьж уулзалт хийж байгаа учир нь сүүлийн хоёр, гурван хоногт өрнөсөн улс төр, Засгийн газар, нам тойрсон асуудал дээр байр сууриа илэрхийлье гэж бодсон юм. Энэ асуудлаар  бид байр сууриа нэгтгэх нь зөв юм. Байдлыг хоёроос гурван хоног харлаа. Хараад байхад асуудал сайн тал руугаа явахгүй байна. Улс оронд хохиролтой, ард иргэдэд хохиролтой чиглэлд явж магадгүй байна. Ажил ихтэй байгаа учраас тавхан чиглэлээр энэ байдал дээр байр сууриа илэрхийлье. Аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад Засгийн газарт хамтарсанаа больдог. Засгийн газрын хувь заяаны асуудлыг шүүдэг байж болохгүй. Энэ бол манай Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа шийдвэр. Ардчилал ялсны 25-26 жилийн ойг нь  монголчууд бид тэмдэглэх гэж байна. Монголчуудын 25 жилийн өмнө хийсэн сонголттой зөрчилдсөн шийдвэр юм. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь мэдэж байгаа. Аль 1990 онд л бид “Нам бол нийгмийг удирдан чиглүүлэх хүч. Гардан зохион байгуулагч” гэж ярьдаг байсан тэр заалтыг Үндсэн хуулиас авч хаясан шүү дээ. Тэгэхээр энэ бол Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа үйл ажиллагаа шүү гэдгийг энд шууд хэлэх нь зөв байх. Үндсэн хуулиараа бид намын засаглалыг халсан. Ард түмний засаглалтай болъё гэсэн. Түүнийг төлөөлж хэрэгжүүлдэг хүмүүс бол УИХ, Засгийн газар, сонгогдсон Ерөнхийлөгч, сонгогдсон хүмүүс юм. Тэгэхээр Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн шийдвэрийг албан тушаалтнууд гаргах ёсгүй. Нэг намын арван хэдэн хүн суугаад  засгийн талаар юугаа ярьсан, ямар үндэслэлээр ярьсан гэдэг нь тодорхойгүй. Хэн хэн гэдэг нь тодорхойгүй. Ийм байдалтай суугаад, ийм шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна. Нэгдүгээр байр суурь бол энэ. Ер нь бүх албан тушаалтан, бүх улс төрийн байгууллага, ялангуяа улс төрийн нам Үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлалыг дагаж ажиллах ёстой. Ийм үүрэгтэй, ийм хуультай. Хоёрдугаарт хэлэх зүйл бол хариуцлагатай байя. Ярьсан, хэлсэндээ байя. Манай намуудын дарга нар, бүлгүүдийн дарга нар, Ерөнхий сайд энд байна. Засаг байгуулж байхдаа юу ярьж байснаа эргэж санах хэрэгтэй. “Дахиж засгийг огцруулахгүй. Улс төрийн ийм тогтворгүй байдал үүсгэхгүй” гэж ярьж байсан биз? Тулгамдсан асуудлаа шийднэ гэсэн яасан бэ? Хэрэв асуудал ярих гэж байгаа бол УИХ ойрын үед төрийн албыг хариуцлагатай болгох тухай Төрийн албаны хуулийг хурдан баталж өг. Тэр улс төрийн намыг хариуцлагатай болгох тухай хуулийг баталж өг. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг баталж өг. Ингэж байж улс орон жаахан хариуцлагатай болно. Одоо бид нар ингээд яриад сууж байна. Ингэж ярьж байгаад итгэдэг хүн улам ховордож байна шүү дээ. Намын дарга нь ч бай, улстөрч нь ч бай, хэн ч бай, ярьж байхад итгэдэг хүн улам ховордож байна. Ийм учраас улсаа хариуцлагатай болгох гэж байгаа, бид хариуцлагатай болж байгаа гэдгээ үйлдлээрээ, хийж байгаа ажлаараа харуулах цаг болсон. Харин улс орноо бид өөрсдийнхөө үйлдлээр унагаж болохгүй. Хариуцлагагүй байдлыг дэвэргэж болохгүй гэж би бодож байна. Гуравдугаарт, алдаа гээд орхисон муу зүйлээ бид давтах хэрэггүй. Энд байгаа олон хүн мэднэ. 1990-ээд онд л гардаг байсан асуудал шүү дээ. Энэ алдаа боллоо. Үүнээс сургамж авъя. Зарим хуульдаа өөрчлөлт оруулъя гэж ярилцаад, нам, хамт олныхоо хүрээнд ч хүртэл ярилцаад шийддэг байсан шүү дээ. Одоо бид хүүхэд биш. Нөгөө талаас ард түмэн бас хүүхдүүд биш. Ард түмнийг, харж байгаа хүмүүсийг хууртаж байна гэж, эсвэл бидний ярьж байгаад итгэж байна. Зөв болж байна гэж ерөөсөө бодох хэрэггүй. Хүмүүс маш их ухаалаг болсон.

 Түүний дараагаар УИХ-д суудалтай намын дарга нар байр сууриа илэрхийллээ.

 

“Авч явсан шигээ авчирч өгөөрэй гэж хэлье”

МАН-ын дарга М.Энхболд: Намуудын гаргаж байгаа шийдвэртэй холбоотойгоор Ерөнхийлөгч ярьж байгаа болохоор би үг хэлье гэж бодлоо. Та сүүлийн хоёр гурван өдрийн үйл явдлыг ажиглаж байгаа бололтой. Энэ асуудал бол сүүлийн хоёр, гурван сар үргэлжилж байгаа асуудал юм. Манай нам бол хоёр л зүйлийг ярьж байгаа. Нэгдүгээрт хамтарсан Засгийн газар байгуулахад хоёр талаас гэрээ байгуулсан. Энэ гэрээг бодитой дүгнэе. Тэгээд олон түмний нүдэнд дээр гэрээг цуцлах ёстой гэсэн  байр суурьтай байна. Хэн нь юу хийсэн, хэний буруугаас болсон юм гэдгийг бодитой дүгнэе. Нэг талын давуу байдлаар гэрээг дүгнэж болохгүй. Жишээ нь Ө.Энхтүвшин, А.Тлейхан нарын ахалж байгаа ажлын хэсэг хуулиа УИХ-д өргөн барьж болоод байдаг. Гэтэл Б.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нарын ажлын хэсэг огт хуралддаггүй шүү дээ. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нар манай намын бүлэг дээр орж ирээд долоон цагийн турш сайхан зүйл ярьсан. Тэгээд Ерөнхий сайд эрх мэдлийн дагуу манайхаас зургаан хүн аваад явсан. Гэтэл одоо энэ зургаан хүнийг хөсөр хаях гэж байна уу. Ийм асуудал байгаа бол энэ асуудлыг Ерөнхий сайд өөрөө оруулж ирээд авч явсан зургаан хүнээ авчирч тушаагаарай гэж байгаа. МАН энэ байр суурин дээрээ байна.

Үүнийг сонсоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Нэг нь аваад явах нөгөө дагаад явах асуудал биш шүү дээ. Энэ чинь ажил хийх гэж байгаа асуудал. Улс орны ажил ярьж байна. Намын дарга нар сүүлийн үед сонсох дуртай дуугаа сонсдог болж” гэсэн юм.

 

“Ажлаа хийж чадаагүй сайдуудыг өөрчлөх ёстой

АН-ын дарга З.Энхболд: Энэ удаагийн УИХ-ын онцлог нь олонхи байхгүй. УИХ-д суудалтай намууд олонхийг бүрдүүлэхийн тулд янз бүрээр хамтарч үзэж байна. Хамтрахдаа үндсэн хуулийн тодорхой заалтыг үндэслэсэн. Хэрэв болохгүй бол хүчингүй болгоод цааш явах боломж бий шүү дээ. Үүнийг хялбаршуулж ойлгоод намуудыг үгүйсгээд байж болохгүй. Хамгийн чухал нь Засгийн газрыг огцруулж болохгүй. Харин сайд нарыг өөрчлөх нь байх ёстой зүйл гэж АН үзэж байгаа. Бид хамтрахдаа ажлаа хийе, сонгуулиа умартая гэсэн. Гэтэл МАН түүнээс хойш зөвхөн сонгуульдаа л бэлтгэсэн. Олон зуун албан хаагчийг халсан гэдгийг энд ярихаа болъё. Зарим сайд нар нь зөвхөн өөрийн сонгуулийн тойрогтоо зориулж ажиллаад байгааг болохгүй зүйл гэж үзэж байгаа. Гэрээ дүгнэх барих ажлаа ном журмаар нь хийх нь зүйтэй. Огт хөдөлгөөнгүй байдаг Засгийн газар гэж байхгүй. Ерөнхий сайд, кабинетийн талаас илүү нь өөрчлөгдөхгүй байх нь чухал. Тэрнээс ажлаа хийж чадаагүй сайд нарыг өөрчлөх ёстой.

“Зургаан сайдын асуудлыг УИХ-д оруулахыг дэмжихгүй”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: УИХ-д суудалтай улс төрийн бүх нам хамтраад гэрээ байгуулсан. Ерөнхий сайдын зүгээс гэрээ байгуулсан, хамтарсан улс төрийн намууд эхний ээлжинд үг хэлээ ололцоод, ойлголцоод цаашаа хэрхэн ажиллахаа ярих ёстой гэж бодож байна. Парламентад суудалтай улс төрийн намуудын энэ харилцаа нэг ойлголтод хүрсэн тохиолдолд Ерөнхий сайдын зүгээс акц, алхмуудаа хийх болно. Тэрнээс биш парламентад суудалтай энэ намуудын хоорондох энэ үйл явц хаагдаагүй байхад Ерөнхий сайд санаачлагаараа кабинетийн гишүүдийн аль нэг хэсгийг УИХ-руу оруулахыг дэмжихгүй. Тиймээс зургаан сайдын асуудлыг оруулна гэдгийг дэмжихгүй. Ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо. Ойлголоо. Парламентад суудалтай намууд ойрын хуцгацаанд энэ асуудлыг нэг тийшээ болгоно гэж бодож байна.

 

"Зөвхөн АН-ын шийдвэрээр засгийн асуудлыг шийдэж болохгүй"

МҮАН-ын дарга М.Энхсайхан: Болж байгаа үйл явдлыг харахад төр нь дээрээ байх юм уу нам нь дээрээ байх юм уу гэдэг асуудал тавигдаж байна. Зөвхөн АН-ын шийдвэрээр Засгийн газрын хувь заяаг шийднэ гэдэг бол Үндсэн хуулийг зөрчиж байгаа асуудал юм. Ерөнхийлөгчийн санааг би дэмжиж байна. Дээр нь АН хариуцлагын хүндийн төвийг үүрч байгаа. Хэрвээ Засгийн газрын хувь заяаг хөндөх бол энэ бол зөвхөн Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал гэдгийг хэлмээр байна. Тал талаасаа хичээж ажиллах ёстой гэдэг Ерөнхийлөгчийн үгийг дэмжиж байна. Энд сууж байгаа намуудын, бүлгийн нар нар анхааралдаа авах болов уу.

 

"Эдийн засгаа аврах, мухардалд оруулах хоёр сонголт байна"

ИЗНН-ын дэд дарга С.Дэмбэрэл: ИЗНН ямар нэгэн суудалгүй. Гэхдээ манай намаас өчигдөр мэдэгдэл гаргасан. Мэдэгдлийн гол утга нь Монгол Улсад одоо хоёр сонголт байна. Улс төрийн тогтвортой байдлыг хангаад эдийн засгаа аврах, улс төрөө тогтворгүй байлгаад эдийн засгаа мухардалд оруулах гэсэн сонголт байгаа.  Бид одоо улс төрийн тогтвортой байдлыг хангах нь чухал.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж