УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэн 90.9 хувь нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдсанаар төрийн алба нь бие даасан хуультай болж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж боловсронгуй болгож иржээ. Гэлээ ч өнөөгийн тогтолцоонд төрийн албан хаагчийн ажлын байр улс төрөөс хараат, төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг намын бодлого шийдвэрээр өөрчилдөг, байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо алдагдсан, хариуцлага тооцох механизм сул, хэрэгжилт хангалтгүй, нийгмийн баталгаа хангагдаагүй. Намын харьяаллаар ажилд томилдгоос болж төрийн албаны хүний нөөцийн бодлого тогтворгүй, төрийн албан хаагчийн албан тушаал баталгаагүй, улс төрийн нөлөөлөлд автах, бие даасан хараат бус байдлаа хангаж чадахгүй байдал үргэлжилсээр байгаа юм. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан яам, агентлаг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл алдагдаж ирсэн. Бүтцийн өөрчлөлт болон баг бүрдүүлэх гэсэн нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг бодит байдал бий болсон. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, буцалтгүй тусламж, нийгмийн баталгаатай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль болон холбогдох салбарын хуулиудад харилцан адилгүй байдлаар хуульчлан тогтоосон байна. Мөн Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг дагаж мөрдөж буй Төрийн албаны тухай хуулиар бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Иймээс эдгээр шаардлагыг төрийн албаны эрх зүйн орчинг өнөөгийн нийгмийн хөгжил, эрэлт хэрэгцээтэй уялдуулан Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор гарч байна гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх төслийг танилцуулах үеэрээ онцолсон юм.
Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, цомхон төрийн албыг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ үндсэн дээр төрийн алба улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, хариуцлага, төрийн алба хаах болзол, төрийн албанд ажиллах иргэдийг сонгон шалгаруулах, сонгон тогтоох, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албан хаагчдын ажил, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх систем, тогтолцоог боловсронгуй болгож, иргэд, хамт олны оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр шинэ зохицуулалтыг тусгажээ.
Тухайлбал, сайд томилогдсоны дараа яамныхан тэр чигээрээ өөрчлөгдөх болдог. Тэгвэл дээрх хуулийн төслийн хүрээнд зөвхөн сайдын туслах, жолооч, хэвлэлийн төлөөлөгчөөс өөр бусад хүмүүсийг өөрчлөхгүй байхаар заасан юм.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, мөн УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслүүдтэй хамтатган нухацтай хэлэлцэх. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, үйлчилгээний албаны холбогдолтой асуудлыг энэ хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжийг анхаарах, Төрийн албаны зөвлөлийг бүрдүүлэх механизм, түүний чадавхи, төрийн албан хаагчдын сургалтын чиглэлээр оновчтой, шинэлэг зохицуулалт тусгах шаардлагатайг онцолсон юм.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей нарын санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч төсөл санаачлагчийн зүгээс 2015 оны намрын чуулганд шилжүүлэх санал гаргасныг олонхи нь дэмжсэн юм.
Дараа нь Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган, чуулганд оруулахаар боллоо.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр чуулганы нэгдсэн хуралдаанаас олонхийн дэмжлэг авч чадаагүй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Дээрх төслийг хэлэлцэн дэмжсэнээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаа өндөрлүүлсэн юм.
Г.ДАРЬ