Элчин сайд нар эх орондооо цуглан зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

Элчин сайд нар эх орондооо цуглан зөвлөлдөж байна

Энэ өдрүүдэд Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарын уулзалт ГХЯ дээр зохион байгуулагдаж, 41 улсад суугаа Элчин сайд хийгээд Ерөнхий консул эх орондоо хүрэлцэн ирж оролцож байгаа юм байна.

Монгол Улс дэлхийн 181 оронтой дипломат харилцаатайгаас , 46 оронд дипломат төлөөлөгчийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар  ажиллуулж, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг байна.

Элчин сайд нартай өнөөдөр Яамд,  газар, агентлаг, нийслэл орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХь барилга, ноос ноолуур, хүнс зэрэг салбарын төлөөлөгчид  биечлэн уулзаж, санал  бодлоо солилцож, тухайлсан хүсэлтээ тавих нээлттэй өдөрлөг ГХЯ дээр зохион байгуулагдах үеэр тэдний заримтай нь уулзаж, ярилцлаа.

НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон ГХЯ-ны ТЗУГ-ын дарга, С.Сүхболд:

Элчин сайд нарын зөвлөлдөх уулзалт 2012 оноос хойш болоогүй  байсан, тэрнээс хойш гадаад бодлого, улстөрийн нөхцөл байдал, дипломат харилцаанд хэлэлцвэл зохих асуудлууд үүсч, цаг хугаацааны хувьд ч гадаад дотоодод үйл явдал хурдтай өрнөж байна.  Энэ үед Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар цуглаад санал бодлоо солилцож, нэгдсэн мэдээлэлтэй болох нь энэхүү зөвлөгөөний үндсэн ач холбогдол юм.

Тухайлбал,  НҮБ-ын Хүний эрхий зөвлөлийн сонгуульд Ази, Номхон далайн бүс нутагт ногдох суудал дээр энэ 10 дугаар сард Монгол улс сонгогдохоор өрсөлдөж байна. Энэ сонгуульд ямар бодлогтой оролцож, Элчин сайд суугаа орондоо лобби хийж, ямар  арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэж,тодорхой мэдээлэл чиглэл  өгч байна.

Ирэх жилийн  АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад мөн оролцох төлөөлөгчдийн төвшнийг өндөрсгөх, бэлтгэл ажилд техникийн болон бусад дэмжлэг тусламж авах зэрэг олон асуудлыг ярилцаж байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг өмнө нь Засгийн газраас томилдог байсан бол энэ удаад Ерөнхийлөгч Элчин сайдын төвшинд өөрийг чинь томилон илгээхээр болж төвшин өндөрсгөлөө. Энэ нь Монгол улс НҮБ болон олон талт хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч буйн илрэл болов уу. Таны хийхээр зорьж эхний алхамууд…

НҮБ бол олон талт хамтын ажиллагааны хамгийн том механизм тул Монгол улсыг НҮБ-д төлөөлөх төлөөлөгчийнхөө статусыг өндөрсгөсөж, жишигт нийцүүлсэнийг хариуцлага хэмээн хүлээн авч байна. 

Тиймд юун түрүүн Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд амжилттай оролцохын тулд  ажиллаж байна. 2022 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Манай улс Байнгын бус гишүүнээр анх удаа сонгогдох бэлтгэл ажлын үндсэн хэсэг миний томилолтын хугацаанд хамрагдах тул бэлтгэлийг сайтар хангах шаардлага бий.

Мянганы хөгжлийн зорилт энэ жил өндөрлөж байгаа. Дараагийн шатны хөтөлбөрүүдийг ямар зорилго тавьж гаргаж ирэх вэ зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллана.  Далайд гарцгүй орнуудын Олон улсын судалгааны төвийг Ази тив дэх анхны институци болгох зорилт тавьж байна.

Монголд хэрэгжүүлэх Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн мөнгөн дүн Нью-Иорк хотод батлагддаг. Тэгэхээр манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэрхэн ахиулж, үр дүнг нь нэмэгдүүлэх,   аль чиглэлд төсөл хөтөлбөрийг шинээр татах вэ зэрэг асуудалд анхаарч ажиллана.

БНЭУ-д суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон ОТХАГ-ын захирал Г.Ганболд:

-Энэтхэг бол Ази тив төдийгүй олон улсад нөлөө бүхий том гүрэн. Манай хоёр орны улстөрийн харилцааны төвшин өндөр байгаа. Итгэмжилсэн яриа хэлэлцээний давтамжийг ойртуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилт тавьж байна.

Бидний түүх соёл, оюун санааны уламжлалт сайн хэлхээ холбоог хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх зорилго байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модийн айлчлалын үеэр тохиролцоонд хүрсэн зүйлсийг ажил хэрэг болгох, үр дүнд хүргэхийн тулд ажиллана.

БНЭУ-ын Их дээд сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлэх, эрүүл мэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ, уламжлалт анагаах ухааны салбарт холбогдох байгууллагын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжинэ.

БНИУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг:

БНИУ-д манай Элчин сайдын яам байгуулагдаад нэг жил болж байна. Энэ хугацаанд багагүй ажлыг амжууллаа.

 Манай бүс нутагт Зүүн өмнөд азийн нийгэмлэг АСЕАН хэмээх маш том бүлэглэл бий болж байна. Өөрийн агаарын нэгдсэн сүлжээ, харилцан визгүй зорчих, худалдаа, бизнесийн нэгдсэн орчинтой, олон улсын тавцанд нэгдмэл дуу хоолойтой Европын холбоо шиг интеграцичиглагдаж буй энэ хамтын нийгэмлэгтэй Монгол улсын ашиг сонирхлыг уялдуулан хөгжүүлэхийн тулд АСЕАН-ын яриа хэлэлцээний түнш болох нь манайд чухал байна.

Энэ чиглэлд ажлуудыг хийж, АСЕАН-ын нарийн бичгийн даргын газартай идэвхитэй хэлхээ холбоо тогтоож, Сайдынхаа 2 удаагийн ажлын айлчлалыг зохион байгуулж, АСЕАН-ын бодлогыг чиглүүж байдаг Олон улсын судалгааны хүрээлээнтэй хамтын ажиллагаа тогтоон урагшлуулж байна.

Мөн ард иргэддээ  ашиг сонирхлыг нь хамгаалах  Элчин сайдын яам ажиллаж буй мэдээллийг түгээж, монгол иргэдийнхээ дунд  хоёр ч удаагийн арга хэмжээг  зохион байгуулаад амжсан.

АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл:

Монгол АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод 28 жил болж байна. Худалдаа эдийн засаг,соёл боловсрол, хүн солилцоо батлан хамгаалах зэрэг олон чиглэлд хоёр орны харилцаа идэвхитэй хөгжиж байгаа. Манай улс Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэ замд тууштай эргэлт буцалтгүй явахад Америк болон өрнөдийн өндөр хөгжилтэй улсуудын эдийн засаг, улстөрийн  дэмжлэг чухал нөлөө үзүүлж ирсэн. АНУ-ын конгрессийн парламентийн хоёр танхим өнөөдөр Монголын Ардчиллыг дэмжсэн тогтоолын төслийг байнгын хороогоороо батлаад цааш нь нэгдсэн хуралдаандаа оруулахаар боллоо. Энэ нь АНУ-ын Монгол Улсад үзүүлж буй  дэмжлэгийг  харуулж байна.  АНУ бол яах аргагүй  манай хамгийн чухал гуравдагч хөрш орон. Энэ оны хувьд тодорхой анхицууд гарлаа. Манай хоёр орны хооронд худалдаа хөрөнгө оруулалтын талаарх хоёр талын уулзалт 7 жил тасалдсан байсныг 5 дугаар сард хийж мөн Монгол Америкийн эдийн засаг яриа хэлэлцээ асуудлаар Дэд сайдын хэмжээнд анхны  уулзалтыг Улаанбаатарт зохион байгууллаа. АНУ-тай худалдаа эдийн засаг, бизнесийн харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан анхаарч байна.

Америкаас Монголд хөрөнгө оруулахад саад болж буй ямар хүчин зүйл байна?

Манай бизнесийн орчны тогтвортой байдлын асуудал байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд  оруулсан өөрчлөлтүүд  тодорхой нөлөө үзүүлсэн. Нөгөө талаар бид хөрөнгө оруулагч нартай яриа хэлэлцээ хийж тохирсноо хэрэгжүүлдэггүй, буцдаг байдал байгаа. Манай талаас яриа хэлэлцээнд тохирсон зүйлээ биелүүлдэг, биелүүлэхэд тохиромжтой зүйл дээрээ амлалт өгдөг байх нь чухал байна.

БНТурк улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг:

Элчин сайд нарын зөвлөлдөх уулзалт дээр Зөөлөн хүчний бодлого, Монгол судлалыг хөгжүүлэх асуудлаар хийж буй ажлаа танилцууллаа. Олон улс судлалын Монгол судлалын хүрээлэн, МУИС, Түүхийн хүрээлэнд монгол судлалтай холбоотой 100 ном авч ирж бэлэглэлээ. Анкара хотноо Хожатэпи гэж том сургууль бий. Дэргэдээ Монгол судлалын хүрээлэн байгуулсан. Мөн Газийн Их сургуульд өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол судлалын их том хурал боллоо. Түүнд оролцож  илтгэл тавьж,  тус сургуулийн захиралтай Монгол судлалын төв байгуулах тухай асуудлыг ярьсан. Ихээхэн сонирхож  дэмжихээ илэрхийлсэн. Туркэд Монголын түүхтэй холбоотой маш олон газар байна. Тэдгээрийг судалж, туркэд сурч байгаа аспиранттайгаа  ном хүртэл хамтран гаргаад байна.

Нэг жишээ дурдахад Чингэс хааны ач хүү Хүлүгэ хааны хүү Жумудар ноёны занданшуулсан шарил Амасис хотноо байгааг энэ номондоо тавьсан. Цаашид хийхээр төлөвлөсөн олон ажил байна.

БНБолгар Улсад сугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав:

Болгарын Ерөнхийлөгч энэ онд манай улсад айлчлаад буцлаа.  Хамтын ажиллагааг хөгжүүлж, үр дүнд хүргэх боломжууд байна. Гол манайд Засгийн газар тогтвортой байх нь чухал байна.

Элчин сайдынхаа яамны дэргэд Соёлын төв байгуулах асуудлаар төвөөсөө зөвшөөрөл авлаа. Энэ чиглэлд олон зүйлийг хийж болохоор байна. Болгар улсад манай 740 орчим иргэн дээд боловсрол эзэмшиж, 100 хүн эрдмийн зэрэг хамгаалж 1000 иргэн мэргэжил дээшлүүлснээс  Урлагын гавъяат зүтгэлтэн 30 , Ардын жүжигчин 5 төрөн гарсан. Тэгэхээр Болгар дахь манай Соёлын төв жижиг төв биш, том төв болох ёстой.

Манай дуучин Дашнямын Баясгалан Софи хотнын Үндэсний дуу бүжгийн театрт гоцлол дуучнаар ажиллаж, Европын том тайзнуудад уригдан монгол дуучны ур чадварыг дэлхийд сурталчилж байгаа. Түүнийг Соёлын Элчээр томилуулах саналыг яамандаа тавилаа.

Осака дахь Ерөнхий консул Ч.Куланда:

Гадаад харилцаанд соёлын гадаад бодлогыг эрчимжүүлэх бодлого дэмвшүүлснийг үнэхээр чухал гэж үзэж байна. Энэ бодлогыг үр дүнд хүргэхийн төлөө хүчин зүтгэх болно. Хувь хүний хувьд ч үнэхээр хүсэн хүлээж байсан асуудал гарч ирлээ. Энэ бол зөвхөн  сурталчилгаа төдий асуудал биш, Монгол улсын оршин тогтнох, бид хэн байсан, хэн байгаа, цаашид хэн болохыг харуулах чухал хүчин зүйл.

Японы баруун хэсэг болон Осокад японд буй монголчуудын 50 хувь суурьшдаг. Тэнд амьдарч буй иргэд, олон улсын гэр бүл тэдний үр хүүхдэд монголынхоо ёс заншил, хэл соёлоо сургах, хадгалах асуудалд онцгой анхаарах яамны бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж