Аз жаргалтай гэр бүл ямар байдаг вэ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулах ч энгийн зүйлээс л аз жаргал эхэлдгийг ихэнх хүн анзаардаггүйгээс алдаа гаргадаг байна. Энэхүү энгийн зүйлийн нууц нь ердөө ярьж, сонсч, хүлээн зөвшөөрч, өгч, авч чаддаг байхад л орших аж. Ялангуяа өөрийгөө бусдын байр суурин дээр тавьж гаднаас нь дүгнэж сурах хэрэгтэй. Энд дурдсан хэдхэн үгэнд л гэр бүлийн аз жаргал оршдогийг сэтгэлзүйчид батлан өгүүлдэг. Ингээд Сэтгэлзүйч Ц.Алтанзаяагийн зөвлөсөн аз жаргалтай гэр бүлийн баримтлах 12 дүрмийг танилцуулъя.
1. Бүү үглэж янш. Үглээ яншаа зан, хэдэр, хэрүүлч ааш чамайг үнэ хүндгүй болгож хайр сэтгэлийг ч мөхөөж чадах аюултай. Эелдэг харьцаа эрхэм чухал
2. Бусдын санаа сэтгэлд таарч тохирч сур. Бусдыг өөртөө таарч тохируулах гэж оролдсоноос бусдад өөрийгөө таарч тохируулах нь хамаагүй амар гэдгийг санаж яв
3. Утга учиргүй бүү шүүмжил. Биенээсээ өө хайгаад байвал өөдтэй амьдарч чадахгүй. Ялангуяа хөндлөнгийн хүний дэргэд биенээ бүү шүүмжил
4. Ханиараа бахархаж бай. Хань ижлийнхээ сайн талыг чин сэтгэлээсээ биширч, бахархаж явах нь өөрөөрөө бахархсантай яг адил, учир нь чиний хань чиний л сонголт. Иймд ханиа магтан сайшаах, түүгээр бахархах бололцоо бүрийг ашиглаж бай.
5. Хань ижилээ халамжилахыг бүү март. Халамж гэдэг бол үйл хөдлөлөөс гадна халамж шингэсэн урам өгсөн сайхан үг бас чухал шүү
6. Гэрсэг бай. Чөлөөт цагаа аль болох гэртээ өнгөрүүлэх нь гэр бүлийн дулаан уур амьсгалд маш чухал. Ингэхийн тулд гэр орноо ая тохьтой байлгахыг хичээх
7. Утга учиргүй бүү хард. “Хайртай бол хартай” гэсэн хэлц үг байдаг боловч утга учиргүй үнэн санаанаасаа хардах нь маш аюултай ба тэр нь даамжраад өвчин болдог талтайг анхаарч яв.
8. Сонирхолоо нийцүүл. Ханийхаа сонирхолд өөрийгөө нийцүүлж сурах нь гэр бүлийн эвсэг уур амьсгалд маш чухал
9. Хадмуудтайгаа эвтэй бай. Хадмуудаа дахин хүмүүжүүлж чадахгүйгээс хойш аяийг нь дагах нь зөв. Аяыг дагаж чадахгүй бол холхон байсан нь дээр
10. Буулт хийж сур. Санал зөрөлдөөнтөй үед ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд буулт хийж чаддаг байх, уучлалт гуйж чаддаг байх.
11. Сэтгэлээ тайван байлга. Жаргал, зовлонгийн хэмжүүр бол хань ижил, үр хүүхэд, эд хөрөнгө, албан тушаал, эрх мэдэл биш зөвхөн сэтгэлийн тайван байдал юм. Хүн хэдий чинээ сэтгэл тайван байна. төдий чинээ жаргалыг мэдэрдэг. Иймд ханийхаа сэтгэлийг тайван байлгах талаар онцгой анхаарч сур.
12. Өнөөдрөөрөө амьдарч сур. Өнгөрсөн амьдрал бол зөвхөн сургамж Өнгөрсөн амьдралдаа хэт их харамсах, өөрийгөө болон бусдыг хараан зэмлэх, бусдад өширхөх, хэн нэгэнтэй тооцоо бодохыг эрмэлзэх зэргээр өнөөдрийн амьдралдаа нэмэлт ачаа өгч болохгүй. Ирээдүйн амьдралдаа хэт их санаа зовж, эрч хүчээ хий дэмий үрж, оюун санаагаа зовоож, мэдрэлээ ядрааж болохгүй. Ирээдүй болон өнгөрсөн үеийнхээ ачааг өнөөдрийнхөө ачаатай цуг үүрээд байвал ямарч хүчтэй хүн амьдралын аян замд бүдрэнэ гэдгийг анхаарч яв.
Холбоотой мэдээ