Тойм: Үндсэн хууль, Шүүх хурал, Бүсчлэл

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

Тойм: Үндсэн хууль, Шүүх хурал, Бүсчлэл

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт Улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой хэлэлцүүлэг өнгөрч буй долоо хоногт Төрийн ордонд өрнөлөө.

Тодруулбал,

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэлд орж буй өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэгт оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь ҮАБ-ын үзэл баримтлалд нийцэж байгаа эсэхийг Монгол Улсын ҮАБЗ хэлэлцдэг байх саналыг дэвшүүлж байгаа билээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга стратегийн орд газар, түүнтэй холбоотой гэрээг Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэхгүй шийдэж байгаад шүүмжлэлтэй хандсан юм. Үүнээс гадна_ Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын  гишүүдийг тоог 108 байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн билээ.

Тус хэлэлцүүлгийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр Засгийн газрыг ард түмэн байгуулдаг болъё. Яаж байгуулах вэ гэхээр ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоод, Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байх. Харин намууд өрсөлдөж, парламентад олонх, цөөнхийг бүрдүүлэх. Ингэснээр Засгийн газар, парламент хоёр хоорондоо огт холбоогүй болно. Үүнээс гадна, УИХ-ын гишүүдийн тоог 55 болговол зохистой гэж үзэж байна. Ингэхдээ хоёр танхимтай  парламент байх нь зөв гэж бодож байна гэсэн юм.

Харин судлаачдын зүгээс УИХ-ын гишүүдийг тоог 100-150 хүртэл байх нь зохистой гэж үзжээ. Үүнээс гадна, Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ шийдвэрлэнэ гэж оруулж ирсэн нь парламентын болон гүйцэтгэх засаглалын бүрэн эрхэд халдсан заалт болох магадлалтай. Мөн улс төрийн намуудыг бүртгэхдээ 50 мянга нэгээс доошгүй иргэдийн гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэж оруулж ирсэн нь парламентын гадна улс төрийн намуудын хувьд хүлээж авахад сөрөг заалт учир маргаан дагуулж болзошгүй.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын хоёр дахь хэлэлцүүлэг наймдугаар сарын 09-нд болно.


Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ НАЙМДУГААР САРЫН 12 ХҮРТЭЛ ХОЙШЛОГДЛОО

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 23-нд боллоо. Уг хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны гэргий Б.Булган болон хэргийг гүйцэтгэгч гэгдэж буй Ц.Амгаланбаатар гэрчээр оролцсон юм.

Шүүх хурлын үеэр өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хурал наймдугаар сарын 12-ны 09.00 хүртэл хойшиллоо.

Б.Хурц нарыг дараах зүйл ангиар шалгаж буй.

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.


 М.СОНОМПИЛД ДӨРВӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

 

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутган шүүсэн юм.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэлийн Прокурорын газраас Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…хахууль авсан…” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сар 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Нийслэлийн Прокурорын газраас Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д (гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй) заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан…”

Гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.


ХОТЫН АВТО ЗОГСООЛЫГ ТООГ НЭМЖ, БҮГДИЙГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОНО

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах асуудлаар холбогдох мэргэжилтнүүд олон нийтэд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахын тулд цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах төлөвлөгөөтэйгөөр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Ингэхдээ хотын А, В бүсчлэлд зохицуулалтыг хийж, бүх авто зогсоолыг төлбөртэй болгоно. Харин С бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилдэгээрээ үйлчилнэ.

Мөн дээр нь одоо хотод байгаа 2382 авто зогсоолын тоог 15 мянга 696 болгон нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар зөвшөөрөлгүй байгаа 5330 авто зогсоол, шинээр суллагдсан 7984 авто зогсоол бүртгээд байна. Цаашдаа авто зогсоолыг бүгдийн төлбөртэй болгож, үнэ төлбөргүй зогсоол байхгүй болгоно. Гэхдээ зогсоолын төлбөрийг нэмэхгүй.

Хотын “А” бүсчлэлд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан оруулах бол “В” бүсчлэлд гаригийн хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй  автомашиныг “А”, “В” бүсчлэлд нэвтрүүлэхгүй байхаар тусгасан” гэв.

Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахдаа:

  • “А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
  • Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
  • С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгийг хамрах юм.

Ингэснээр хотын “А” бүс дэх автомашины хөдөлгөөн 50 хүртэл хувиар буурна гэдгийг албаныхан онцолж байв. Бүсчлэлийн тэмдгүүд нь замын хөдөлгөөний дүрмийн стандартад орсон албан ёсны тэмдэг болжээ. Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд энэ тэмдгийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар тэмдэг тэмдэглэлийн заалт зөрчсөн гэдэг заалтаар хариуцлага хүлээнэ гэдгийг албаныхан санууллаа.

ГУРВАН БҮСЧЛЭЛИЙГ ЗӨВХӨН АЖЛЫН ЦАГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахад ямар эерэг үр дүн гарах талаар С.Энхтөр дарга тайлбарлахдаа “Том зургаар нь харвал иргэд автомашины зөв хэрэглээ рүү орж байгаа юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад бид маш олон аргачлалыг судалж үзсэн. Гэхдээ одоогийн байдлаар бид бүсчлэлийг эхний байдлаар хэрэгжүүлснээр түгжрэлийг шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд цаг хугацааны хувьд хязгаарлалт байхгүйгээр хүн бүр автомашинаа унаад явахаар 70 орчим хувь нь ганцхан жолооч л суугаад явж байдаг дүр зураг ажиглагдаж байна. Түүнээс гадна иргэд “Бүсчлэлийн дотор амьдарч байгаа иргэд яах вэ” гэж их асуудаг. Бид бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Бүсчлэлд амьдарч байгаа иргэд хөдөлгөөнд оролцохгүй, бүсчлэлээсээ гараад явбал зогсоол болон жолооч нарт хэрэглэгддэг асуудлууд хэвийн үргэлжилнэ. Яагаад зөвхөн ажлын цагаар гэвэл хөдөөгөөс ирж, явж байгаа нөхцөл байдал нь ажлын бус цагаар чөлөөтэй юм.

ИРГЭДЭЭС САРЫН ТУРШ САНАЛ АСУУЛГА АВЧ, 70 ОРЧИМ ХУВЬ НЬ ДЭМЖСЭН

Тэрбээр “Бид зөвхөн хотын замын хөдөлгөөнийг бүсчлэлээр нь хуваагаад орхихгүй. Нийтийн тээврийн хүртээмж, сүлжээ, ашиглалтыг сайжруулна. Хүмүүс автомашинаа хэрэглэх боломжгүй үедээ нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд нийтийн тээвэр хурдан, хүртээмжтэй, цагаа барьдаг, аюулгүй байх шаардлагатай. Судлаачдын гаргасан дүгнэлтээр Улаанбаатар хотын Их тойруу дотор 20-30 минут алхах энэ зайнд 190 мянган оршин суугч амьдардаг. Тэгэхээр явган хүний зам, унадаг дугуйн замыг сайжруулахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, бид иргэдийнхээ автомашингүй зорчих нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөөр анхаарч ажиллана” гэдгийг хэлсэн юм.

Цаашдаа Улаанбаатар хотын замын хөдөлгөөний замын системийг ухаалаг болгоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Одоогоор механик ажиллагаатай байгаа гэрлэн дохио автомашин ихтэй хэсэгт мэдрэгчээрээ ногоон гэрэл түлхүү асах бол цөөн автомашинтай газар богино хугацаанд асах юм байна.

Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахдаа сарын турш иргэдээс санал асуулга авсан байна. Энэ санал асуулгад хамрагдсан иргэдийн 70 орчим хувь нь дэмжсэн гэдгийг албаныхан хэллээ. “Олон улсын жишиг гэхээр Европын хотууд автомашин хөгжихөөс өмнө хотоо төлөвлөсөн байсан. Гэтэл манай Улаанбаатар хот автомашин гарсны дараа хотоо төлөвлөсөн. Анх 1975 оны Улаанбаатар хотын төлөвлөгөөгөөр 10 мянган автомашин, 500 мянган хүн оршин суух боломжтой ийм хотыг төлөвлөж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ тоо хэд дахин өсөөд байна. Тэгэхээр бид нөхцөл байдалдаа тохируулан замын хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай байна. Бид сүүлийн хэдэн жил судалж, төлөвлөсөн ажил юм. Энэ ажлаа долдугаар сардаа багтан төлөвлөж, наймдугаар сард ажлаа хэрэгжүүлээд явна. Эхний байдлаар цагдаагийн хяналтыг хийж, технологийн дэвшлийг өргөнөөр ашиглана” гэдгийг С.Энхтөр дарга ярилаа.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Улаанбаатар хотод жилдээ өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 89 мянга 400 тээврийн хэрэгсэл нэмэгдэж, 3330 тээврийн хэрэгсэл хасагдаж байгаа үзүүлэлт гарсан. Тэгэхээр бид жилд ойролцоогоор 80 орчим мянган тээврийн хэрэгслээр нэмэгдэж байна. Энэ үзүүлэлтээрээ бид цаашид явбал бид удахгүй тэг зогсолтод тулгарна. Мэдээж энэ замын хөдөлгөөний ачаалал, автомашинаас ялгарах хорт утаа, улсын эдийн засаг зэрэг олон асуудал ирээдүйд тулгарна. Энэ асуудлыг хэрхэн оновчтойгоор, үр дүнтэйгээр, зөвөөр зохион байгуулах вэ гэдгийг олон талаас судалсны үндсэн дээр төлөвлөсөн. Энэ ажил бол жолооч нарын эсрэг арга хэмжээ бус зөв зохион байгуулалт, менежментийн нэг арга юм” гэдгийг яриандаа онцолсон юм.

А.СҮРЭН


УЛААНБААТАР ХОТЫН ТАВАН ЗАМЫГ НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨН ОРУУЛЛАА

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргалын хэлснээр “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн гурван зам, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр гээд нийслэлийн хэмжээнд орон сууцны хорооллын дундах нийт таван замыг долдугаар сарын 25 буюу өнөөдрөөс нэг чигийн хөдөлгөөнд оруулаад байна. Иргэдээс “Гэрийн гадаа машин сигналдаад сэрээчихлээ”, “Настай хүн амрах гэхээр дуу чимээ их гарч байна” гэх мэт маш их гомдол санал ирдэг. Энэ таван чиглэлийн зам нь аль нэг тал нь давуу эрхгүйгээр хоёр талаасаа тулж, бие биедээ бухимдах зэрэг асуудал ихээр үүсгэдэг. Тиймээс энэ бүх гомдол саналыг үндэслэн нэг чигийн хөдөлгөөнтэй байхаар зохицууллаа” гэсэн юм.

Орон сууцны хорооллын дундах нэг чигийн урсгалтай болж байгаа замууд:

  • Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу “Тэди” худалдааны төвийн зүүн талын замыг хойноосоо урагш нэг чиглэлд, баруун талын зам буюу “Найман шарга” валютын захын орчмын замыг урдаасаа хойшоо нэг чиглэлд
  • “Мөнгөн завьяа” худалдааны төвийн зүүн талаар тэр чигээрээ 33 дугаар цэцэрлэг, 23 дугаар сургууль орчмын замын хөдөлгөөн урдаасаа хойш нэг чиглэлд
  • Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо буюу “Голомт” банк, “Компьютер ланд” төв орчмын баруун замыг хойноосоо урагш нэг чиглэлд, зүүн замыг урдаасаа хойшоо нэг чиглэлд
  • Баянзүрх дүүргийн зургадугаар хороо буюу “Баянзүрх” захын баруун зам хойноосоо урагш чиглэлд, урд гудамж нь баруунаас зүүн чиглэлд
  • Баянзүрх дүүргийн “Американ дэнж”-ийн урд замыг зүүнээс баруун чиглэлд буюу “Гялс” төв хүртэлх орон сууцны хорооллын дундах замуудыг нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад оруулжээ.

    НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР ЖОЛООЧ НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ТОРГОХГҮЙ

    Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч, дэд хурандаа Ц.Чинзориг
  • Нэг чигийн хөдөлгөөнийг газар дээр нь зохицуулж буй Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч, дэд хурандаа Ц.Чинзориг мэдээлэл өгөхдөө “Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө түгжрэл ихтэй уулзваруудыг ачааллыг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Долдугаар сарын 25-наас эхлэн Чингэлтэй дүүргийн нэг, хоёрдугаар хорооны зарим замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. Үүний дагуу мэдээллийг иргэддээ өгч, дүрэм зөрчсөн иргэдэд арга хэмжээ тооцохгүйгээр есдүгээр сарын 1-нийг хүртэл ажиллана. Өмнө нь “Тэди” төв орчмын замын хөдөлгөөний ачаалал маш их байдаг. Нэгдүгээр эгнээнд автомашин байрлуулах, худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдийн хөл хөдөлгөөн тасардаггүй учраас тойрог хөдөлгөөнд шилжүүлэхээр зохицуулаад байна. Одоогийн байдлаар жолооч нар нэг чигийн хөдөлгөөнтэйгээр зорчиж сураагүй учраас ганц нэг урсгал сөрөх тохиолдол гарч байна. Намар гэхэд энэ зохицуулалт жигд хэрэгжиж, жолооч нар мэдээлэлтэй болсон байх болно” гэв.
  •  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж