Тасалбарын төлөөх “нанчилдаан”

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

Тасалбарын төлөөх “нанчилдаан”

Жилдээ ганцхан тохиох Үндэсний их баяр наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж наадамлах хүсэлтэй иргэд Бөхийн өргөө, Соёлын төв ордны үүдэнд хонон өнжин оочирлож байна. Энэ бол жил болгоны наадмын өмнө харагддаг дүр зураг, хүнд суртал. Үүнийг баяр наадмаа үзэх иргэдэд оноож байгаа нэгэн төрлийн шийтгэл гэж харах иргэд ч цөөнгүй байна. Энэ сарын 6-наас буюу өчигдрөөс худалдаалж эхэлсэн тасалбарыг авахаар дугаарласан иргэдээс хоёр нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн оочир дугаараа булаацалдан муудалцах, нэгнээ доромжлох, нудраад өнгөрөх зэрэг маргаан энүүхэнд гэнэ. Мөн тасалбарт оочирлож буй иргэдийн дунд маргаан үүсч, элдэв хэрэг зөрчил гарахаас сэргийлж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид хяналт тавин ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Янжинлхам “Намайг өглөөний 04.20 цагт ирэхэд миний өмнө 40-өөд хүн дугаарлаж хоносон байсан. Дугаарлаж байгаа хүмүүсийн ярьснаар ихэнх нь авсан тасалбараа шаглаж хэдэн төгрөгийн ашиг олох санаатай байгаа гэж байсан. Өчигдөр гадаа 35 хэм хүрч халаад дугаарлаж байсан хүмүүсээс хоёр ч хүний даралт ихсэж, ухаан алдаж унаснаас эмнэлэг рүү явсан гэсэн. Би ч толгойдоо хүйтэн алчуур тавиад л тэсээд байна. Ингэж наадамчин олныг хэдэн өдрөөр хонуулж өнжүүлэн дугаарлуулах, чирэгдэл учруулж байснаас тасалбараа арай өөр байдлаар худалдаалж болдоггүй юм болов уу. Урьдчилсан байдлаар эсвэл цахимаар захиалга авч болно шүү” гэж ярьсан юм.

Тасалбар худалдан авахаар дугаарлаж байгаа иргэдийн олонхи нь түүнтэй санал нэгтэй байгаагаач мөн илэрхийлж байлаа.

“Хотын удирдлагууд нэг хүнд дөрвөөс илүү билет худалдахгүй гэж мэдээлж байна лээ. Энэ журмаа мөрдөөд явбал зүгээр л байна. Гэнэт л тасалбар нь дууссан гэж хэлээд шагчид билет худалдаалаад эхэлбэл энгийн иргэд бид дуугүй хараад суухгүй. Өнгөрсөн жил л гэхэд шагийн билет 100 мянган төгрөгт хүрч байсан шүү дээ. Ядарсан иргэдэд ингэж хүндрэл учруулахгүйгээр хэдэн билетээ худалдаалж болдоггүй юм болов уу” гэж гэр бүлийн хүний хамт дугаарлаж буй Д.Чогсом хэллээ.

Сүүдрэвчтэй суудлын тасалбар 24 мянган төгрөг, наран талд суух суудлын тасалбар нь 16 мянган төгрөг. Гэтэл хэдхэн өдөр ард иргэдийг дараалалд зогсоож ганц хоёроор тасалбараа өгч байх зуур гартаа тасалбар сагтайтал барьчихсан шагчид/дамын худалдаачид/ тасалбарын үнийг 80-100 мянган төгрөгт хүргэн хөөргөж худалдаалан багагүй ашиг олдог. Энэ жил энэ түүх бүү давтагдаасай.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж