Ерөнхийлөгчийн санал ба улстөрч, хуульчдын байр суурь

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн санал ба улстөрч, хуульчдын байр суурь

Ерөнхийлөгчийн санал ба  улстөрч, хуульчдын байр суурь

Үндсэн хуулийн хэлэлцүүлгүүд ид өрнөж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс өөрийн саналаа хүргүүлсэн. Тэгвэл түүний саналд хуульчид болон улстөрчид болгоомжтой хандаж байр сууриа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.ХАЯНХАЯРВАА:

Нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй парламентын гишүүдийн тоог 108 болгож, 50 хувийг нь хувь тэнцүүлсэн буюу намаас нэр дэвшүүлсэн жагсаалтаар сонгохоор оруулж ирснийг дэмжихгүй байна.  УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох гэдэгтэй огт санал нийлэхгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ҮАБЗ-ийн статусыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн асуудлыг хариуцдаг байгууллагыг ҮАБЗ-ийн хяналтад байлгах утга бүхий санал оруулж ирснийг дэмжихгүй. Төрийн нарийн бичгийн даргын томилгоо болон төрийн жинхэнэ албан хаагчийн шатлан дэвших нөхцөл, баталгаа, эрхийг Үндсэн хуульд тусган хамгаалах шаардлага байна гэж Ерөнхийлөгч төсөлдөө тусгасныг дэмжихгүй. Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилээр томилох нь сайдаасаа давсан эрхтэй болно гэсэн үг. Энэ саналыг логикийн хувьд тун алдаатай гэж харж байна.

Хуульч Х.ТЭМҮҮЖИН:

-Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд авах санаа, дэмжүүштэй шийдэл байна. Нөгөө талдаа огт дэмжиж боломгүй саналууд ч байна. Бүгдийг нь муу гээд гүтгэж харлуулах, нөгөө талаас туйлын зөв байна гэх улайран дэмжихээс илүүтэйгээр судалгаатай, баримттай харах ёстой. Дэмжих ёстой дөрвөн санал байна. Хэр баргийн улстөрчдийн авахгүй эрсдлийнг үүрч Монголын парламентын давжаа байдлыг засъя гэлээ. Манай улсын парламент үнэхээр давжаа. Давжаа парламентаас болж засаглалын утга алдагдчихаад байгаа. УИХ нь хяналтаа тавьж чаддаггүй, Засгийн газар нь ажиллаж чаддаггүй. Давжаа байдлаасаа болоод хоорондоо уусчихсан, ашиг сонирхлын зөрчил үүсчихсэн. Үүнийг шийдэх санал гаргаж байгаа нь зөв.

Хуульч О.МӨНХСАЙХАН:

-Ерөнхийлөгч хэд, хэдэн байгууллагаар дамжуулж Засгийн газрыг хянах замаар мэдэлдээ байлгах агуулга төсөлд байна. Тодруулбал, Ерөнхийлөгч өөрийн тэргүүлдэг ҮАБЗ болон өөрийн нөлөө дор байгуулах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байгууллага гэгчээр Засгийн газар бүрийн хөтөлбөрийг хянуулж шийдвэрлүүлэхээр заажээ. (Eрөнхийлөгчийн төслийн 39). Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монголбанканд төвлөрүүлэх аж. (Eрөнхийлөгчийн төслийн 19-2). Мөн, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн бүх намын дотоод сонгууль болон намын гишүүний бүртгэлийг бүрэн хариуцахаар заасан (Eрөнхийлөгчийн төслийн 19-1) нь үүгээр дамжуулж намууд болон сонгогчдыг бүрэн хянах агуулгатай байна.

УУХҮ-ийн сайдын зөвлөх М.ДАГВА:

-Ерөнхийлөгчийн саналд тусгагдсан байгалийн баялгийг тэгж хүртээмжтэй ашиглахтай холбоотой мөн уул уурхайтай холбоотой хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд  ямар зарчим баримтлах уу гэх мэт заалтыг тусгасан байна лээ. Эдгээр заалтыг салбар хуулиудаар зохицуулах боломжтой атал Үндсэн хуульд чирч авчирч наах нь маш том эрсдэл дагуулна. Монгол Улс өнөөдөр ганц том орд тойрсон хэрүүлээс сургамж аваад алдааг нь засах гэж оролдож байгаа бол түүнийг Засгийн газрын түвшинд, УИХ-ын тогтоолоор, эсвэл салбар хуулиудаар засаад явах нь зүйн хэрэг. Гэтэл үүнийг Ерөнхийлөгч Үндсэн хуульд тусгах гэж байгаа нь ирээдүйд байгалийн баялагтай холбоотой Үндсэн хуулийн хямрал руу орохыг үгүйсгэхгүй.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж