Жиргээч Ц.Уянгыг хоёр сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Жиргээч Ц.Уянгыг хоёр сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ

Жиргээч Ц.Уянгыг хоёр сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ

Нийгмийн сүлжээ твиттерт “Элийрэгч” нэрээр жиргэдэг, иргэн Ц.Уянгыг Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр "Элийрэгч /Uyanga_Ts/ гэх нэрээр твиттер хуудсанд бүртгэлтэй, "M.A.D Mongolian" гэх компаний хувь нийлүүлэгч, Гүйцэтгэх захирал Ц.Уянга гэгч "Еорк, Еөк, Жонхуу" гэх мэт нэр хочийг ашиглан, ор үндэслэлгүйгээр гүтгэн, зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаа бөгөөд энэхүү хууль бус үйл ажиллагаа нь Монгол төрийн үнэлэмжийг үгүй хийж, үнэгүйдүүлэх хорон муу үр дагавартай тул нэн даруй шалгаж хариу ирүүлнэ үү" гэх гомдол мэдээллийг Нийслэлийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд гаргажээ.

Гомдлыг тус албаны эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1902000412 дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.

Иргэн Ц.Уянга твиттер хуудсаараа дамжуулан өөрт нь зөрчлийн хэрэг үүсгэж, улмаар өөрийг нь дуудаж тайлбар мэдээлэл авалгүйгээр шийдвэр гаргасан талаар мэдээлсэн билээ. Тэрбээр “Энэ хэргээ нээгээд долоо хоногийн дотор бүх шат дамжлагаар нь яваад шийдээд гялалзуулсан байна. Манай хуулийн байгууллага үгүй мөн шуурхай болж шүү. Иргэдийн асуудалд ингэж ханддаг бол ч. Хуулийн өмнө бүгд ижил тэгш эрхтэй ч гэл үү нэг дууны үг байдаг бил үү? Мэтгэлцэх ч эрхгүй юм байна. Ерөнхийлөгчийн тамгын газар л гомдол гаргасан юм байх. Үнэн инээдтэй. Би ч нэгэнтээ од болжээ. Гол нь хэн яаж хохирсон нь байхгүй” хэмээн жиргэсэн байв.

Мөн тэрбээр “Шударга бусын шинэ хонгилоор ороод хүчээр 2 сая төлөх болбол хэсэгчлэн төлж болох заалтыг хэрэглэж болох нь ээ. Сар бүр 20 цаас төлбөл болох уу? Би хүн доромжилсон бол тэрийгээ нотлуулна, гэмт хэрэг хийсэн байсан ч эрх зүйн туслалцаа авна, ядаж хэрэг шалгах процесст тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ эдэлнэ л гэж бодсон юм л даа. Хууль ийм Жонхуурсан процесстой байдаг юм уу, жонхуучид аа?…

За ингээд Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрд илт дургүйцлээ шүүмж, егөөдлөөр хурц хэлэх, байр сууриа бататгах эрх нэгэнт үгүй болжээ. Удахгүй бодол санааны цагдаа гарч чамайг яг юу бодож байгааг чинь хүртэл тогтоож яллах цаг айсуй. Орвелийн 1984 Монголд биелэх нь.

Би ганцаараа Ерөнхийлөгч Х.Баттулгыг Жонхуу гэж дууддаггүй. Нийгэмд, олон нийтэд тархсан л нэр. Олон нийтийн урсгал дунд явдаг сэдэв, асуудлыг нэг хүнд нялж, буруутгах нь зохисгүй хэрэг юм" гэх зэргээр жиргэсэн байв. Энэ хэргийн талаар өөртэй нь холбогдож тодруулахыг оролдсон ч хариу өгсөнгүй.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Нийслэлийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбаттай холбогдож тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ "Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1902000412 дугаартай хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Бид иргэн Ц.Уянгад хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, ээжид нь хүртэл мэдэгдэх арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг шийдвэрлэгдсэн" хэмээн хэлсэн юм.

Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгалмаад илгээсэн албан бичигтээ "Хэрэг бүртгэлтийн ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудаар "Элийрэгч /Uyanga_Ts/" гэх нэртэй твиттер хуудасны хэрэглэгч Ц.Уянгын нийтийн цахим сүлжээнд оруулсан мэдээллүүд нь хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, бодис бус, худал мэдээлэл болох нь тогтоогдсон.

Мөн Ц.Уянга нь Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр уг хуульд заасны дагуу шийтгэл оногдуулан хэргийг шийдвэрлэж, мөн цахим сүлжээнд буй "Элийрэгч /Uyanga_Ts/ гэх нэртэй твиттер хаягийг хязгаарлах талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд санал хүргүүлсэн. Түүнчлэн иргэн Ц.Уянгад Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, хүний нэр төр, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх талаар анхааруулж, шаардлага хүргүүлсэн болохыг танилцуулъя" гэжээ.

Уг асуудлаар ЦЕГ-аас Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн албан бичигт иргэн Ц.Уянгын твиттер хаягийг хязгаарлах хүсэлтээ Харилцаа холбооны зохицуулах газарт гаргасан гэдгийг дурдсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж