“Түмний байр” төслийн нээлтээр Т.Ундармаа бүсгүйд НЭГ ӨРӨӨ БАЙР бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

“Түмний байр” төслийн нээлтээр Т.Ундармаа бүсгүйд НЭГ ӨРӨӨ БАЙР бэлэглэлээ

“Түмний байр” төслийн нээлтээр Т.Ундармаа бүсгүйд НЭГ ӨРӨӨ БАЙР бэлэглэлээ

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зорилготой "ТҮМНИЙ БАЙР" төсөл хэрэгжиж эхэлсэн талаар өнгөрөгч лхагва гарагт төсөл санаачлагч “Ханан Шишгэд” ХХК-аас мэдээлсэн билээ. Тэгвэл уг төслийн нээлт болгож "Ханан Шишгэд" ХХК-аас иргэн Т.Ундармаад НЭГ ӨРӨӨ БАЙР бэлэглэж буйгаа өнөөдөр гардууллаа.

Иргэн Т.Ундармаа багш мэргэжлээр ажилладаг, амьдралын боломж тааруу ч таван жил зүтгэн байрны зээлийн урьдчилгаа мөнгө хуримтлуулсан аж. Гэвч банкны ипотекийн зээлийн хатуу шалгуурыг хангаж чадахгүй байснаар өнөөдрийг хүртэл орон сууцанд орж чадаагүй байсан юм байна.

“Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбатаар ахлуулсан судалгааны баг нийслэлийн хотын агаарын бохирдол хамгийн ихтэй гурван дүүрэгт нэг жилийн хугацаанд судалгаа явуулж, нийт 1740 айл өрхийн хамруулсан байдаг. Энэ үеэр Т.Ундармаа багш төслийн багийнхантай таарч, амьдрал, аж байдал, тэмүүллээ ярилцан, судалгаанд хамрагджээ.

“Түмэн байр” төслийн зорилго нь гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах юм. Ингэхдээ иргэдийн бүрдүүлэх урьдчилгаа мөнгөнд дэмжлэг үзүүлж, банкны шаардлагад нийцүүлэхийн тулд тодорхой хэмжээнд баталгаа гаргах, тухайн өрхийн ажилгүй иргэний ажлын байртай болгох зэргээр бодит дэмжлэг үзүүлэхээр зорьж буй юм. Энэ хүрээнд Т.Ундармаа багшийн бүрдүүлсэн урьдчилгаа мөнгөнд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байсан ч “Түмний байр” төслөө нээж буй учир НЭГ ӨРӨӨ БАЙР-ыг бүтэн бэлэглэхээр болсноо “Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат мэдэгдсэн юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Х.Алтангэрэл “”Түмний байр” төсөлд хамрагдсан эхний айлаар Т.Ундармаа гэж эмэгтэйг сонгосон. Өнөөдөр энэ хүнд гэнэтийн бэлэг барьж манай компанийн зүгээс нэг өрөө байрыг бэлэглээд зогсохгүй шинэ байрны бэлэг болгож шинэ зурагтыг алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, сүүтэйгээ гардуулъя гэж шийдсэн юм. Т.Ундармаа эгчдээ амьдралд нь аз жаргал хүсч, өргөө цагаан гэр нь үргэлж аз жаргалаар бялхаж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөе” хэмээсэн юм.

Гэнэтийн бэлэг гардсан Т.Ундармаа багш “Би ипотекийн зээлээр байранд орох гэж нэлээд цаг хугацааг зарцуулсан. Ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой. Надад 20 хувь нь байсан. Банкны энгийн нөхцөлтэйгөөр байр хөөцөлдсөн ч миний боломж болоогүй. “Түмний байр” төслийн хүрээнд “Ханан Шишгэд” ХХК маань үлдэгдэл 10 хувийн төлбөрийг нь өгөөд ипотекийн зээлд хамруулж өгөхөөр болсноо надад дуулгахад би маш их баярласан. Өнөөдөр өглөө ээж минь бамбайн хорт хавдартай гээд эмчийн зөвлөгөөний хурлаар орсон. Би “зээл бүтчихсэн, байранд орох боллоо” гээд л ирсэн. Гэтэл байрыг маань бэлэглэлээ. Үгээр ч хэлэхийн аргагүй их баярлаж байна. Энэхүү төсөл үнэн бодит хэрэгжиж эхэлсэн байна шүү гэж хэлмээр байна. “Түмний байр” төслийнхөн 21 хоногт багтааж байранд оруулна гэсэн, би яг өнөөдөр 21 дэх хоног дээрээ байрандаа орлоо. Үнэхээр их баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат “Банкны шаардлагыг эс тооцвол 20 хувийн урьдчилгаа төлбөрөө өгөөд байр авах хүмүүс олон байна. Гэр оронгүй, түрээсийн сууцанд амьдарч байсан хүмүүс ч байна. Маш их зүтгэл гаргаж бүрдүүлсэн, үнэ цэнэтэй тэр 20 хувийн мөнгөөрөө дэнчин тавих гэж байхад ард нь дааж давахгүй олон шалгуур тавих шаардлагагүй. Бусад орны жишигт хүрдэггүй юм гэхэд зээлийн хүүгээ 5 хувь болгочихвол ипотекийн зээл нүдээ олж, жинхэнэ авах ёстой ард иргэддээ очно шүү дээ. Миний тэмүүлээд байгаа зүйл бол ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь, зээлийн хүүг 5 хувь болгохын төлөө энэ төслөө зориулах юм. Үүнийг л банк, Санхүүгийн зохицуулах хороо дэмжээд өгчихвөл хашаа байшингаа байраар сольж, орон сууцанд орохыг хүссэн жинхэнэ зорилтот бүлэгт хүрнэ. Судалгаанаас харахад 30-50 м.кв байр сонирхож байгаа хүмүүс ийм байрандаа орж чаддаггүй, банкны шалгуураа давдаггүй юм билээ. Гэтэл 80 м.кв байрууд нь түрүүлээд дуусчихдаг. Тэгэхээр ахиухан талбайтай байр авах боломжтой хүмүүс л ипотекийн зээл рүү яваад байна гэсэн үг. Нийслэлийн есөн дүүрэгт 30-50 м.кв байрууд бэлэн байна. Энэ байрнуудын 20 хувийг бүрдүүлээд өгчихсөн иргэдэд зээл өгч болмоор. Байрны 20 хувийн урьдчилгаа бүрдүүлэхийн тулд солонгост олон жил хар ажил хийж ирсэн хүмүүс ч их бий. Гэтэл тэд ирээд орлогоо нотлох ямар ч боломжгүй болчихдог. Тиймээс л бид “Түмний байр” төслөөрөө байр орон сууцтай болохыг хүссэн ч боломж нь бүрддэггүй, зээлийн шалгуур давахгүй өрх толгойлсон эцэг, эхчүүд, залуу хосууд, гадаадад ажиллаад ирсэн ч байр сууцгүй байгаа хүмүүс, нийгмийн даатгал төлдөггүй иргэд гээд тэр олон хүнд гүүр болохыг хүссэн. Бид Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон мянган компаниудыгаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, амьдрахыг зорьж тэмүүлж байгаа иргэдээ бодитоор дэмжихийг уриалж байна. Бусад компаниудад болон ард иргэдэд манай “Түмний байр” төсөл 100 хувь нээлттэй шүү” гэсэн юм.

 “Түмний байр” төсөл ийнхүү эхэлж, олон олон хүний амьдрах нөхцлийг сайжруулах, агаарын бохирдлыг бодитоор бууруулах, чин эрмэлзлэлийг дэмжих гарц нээгдэж байна. Төсөл амжилттай хэрэгжвэл нийслэлд олноор баригдсан ч худалдан авалтгүй байгаа шинэ орон сууцнуудыг эргэлтэд оруулах, ипотекийн журам, шалгуурыг иргэдийн бодит амьдралд илүү ойртуулан өөрчлөх, иргэдийн ажил хийх боломж, ажлын байрыг нэмэгдүүлэх олон давуу тал бий юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж