Долдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс нэгэн иргэн амиа хорлох зорилгоор үсрэхийг завдсан хэрэг гарчээ. Энэ тухай дуудлага 15:57 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13.5 км замыг туулан 16:09 цагт очиж, “Томо буйлдинг” ХХК-ийн шинээр барьж буй 7 давхар барилгын 6 дугаар давхраас тус байгууллагын гэрээт ажилтан Ч (37 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мөн долдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан байна.
Энэхүү дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж, тус байрны 19 давхар байрны дээвэр дээрээс иргэн М (нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, 18 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ