"Ерөнхийлөгч байгалийн баялгийг Үндсэн хуулийн хямрал руу оруулах нь"

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгч байгалийн баялгийг Үндсэн хуулийн хямрал руу оруулах нь"

"Ерөнхийлөгч байгалийн баялгийг Үндсэн хуулийн хямрал руу оруулах нь"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой хэлэлцүүлэг сүүлийн өдрөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлаар үргэлжилж байна.

Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс цаашид байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглаж, тэгш хүртээмж бий болгох вэ гэдгийг тодорхой болгохыг зорьж буй. Монголын иргэн бүр байгалийн баялгийн орлогоос хүртэх учиртай ч өнгөрсөн 27 жилийн талцал, хуваагдал байгалийн баялгийн шударга бус хуваарилалт гэдгийг олон нийт, улстөрчид ярьж, хэлсээр ирсэн. Нийгмийн нэг хэсгийг хөрөнгөжүүлж, нөгөө хэсгийг ядууруулсан байгалийн баялгийн тэгш бус хүртээмжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаж чадах уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн 6.2. "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална" гэж нэмэлт санал оруулсан.

Харин Монгол Улсын  Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд "Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлэх, хүртээмжтэй, тэгш шударга нөхцөлөөр ашиглах" гэсэн саналыг тусгасан. Тодруулбал, хуулийн төслийн 6.2."Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн.Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална” гэж өөрчлөлт оруулжээ.

Дээрх хоёр хуулийн төсөлд талууд харилцан адилгүй байр суурь илэрхийлж байгаа юм. Тухайлбал, нэг хэсэг нь байгалийн баялаг төрийн өмч гэдгийг нийтийн өмч гэж өөрчлөх нь зөв гэж Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа бол зарим нь үгүйсгэж, төрийн өмчид хамааруулах нь зөв хэмээн үзэж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

Тухайлбал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “1992 оны Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж яагаад тусгасан бэ гэвэл тухайн үед төр гэдгийг ард түмэн гэж ойлгодог байсантай холбоотой. Харин одоо бол төр гэдгийг ард түмэн гэж ойлгохоо болчихсон.

Ард түмнээс ямар нэгэн аргаар эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүнийг төр гэж ойлгодог болсон. Тийм учраас байгалийн баялаг төрийн өмч байна гэж оруулах нь тэр хэсэг бүлэг хүний өмч болох учраас нийтийн өмч мөн гэж оруулж ирсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Гэхдээ нийтийн өмч гэж заачхаад зохицуулалтыг нь тусгахгүй бол цааш явахгүй. Бусад улс орнуудад нийтийн өмчийг хэрхэн захиран зарцуулахыг тусгай хуулиар хуулиар зохицуулдаг. Манайд ийм хууль байхгүй учир Ерөнхийлөгчийн саналыг амьдруулахын тулд  Нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг тусгай хуулиар зохицуулна гэж тусгах нь зохистой” гэсэн юм.

Ерөнхийлөгчийн саналд “Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн тавин нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно” гэсэн заалттай салбарын сайд нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Би гаднын Элчин сайдуудтай энэ асуудлаар ярилцсан. Үндсэн хуулийнхаа суурь үзэл санаа, зарчмыг хөндөхгүйгээр захиргааны болон хүний эрхтэй холбоотой ч юм уу, шүүх засаглалтай холбоотой зүйлүүдээ тухайн үед нь шийдэж явсан жишээг ярьсан. Эдийн засагтай холбоотой асуудлыг муж, орон нутгийнхаа тухайлсан хуулиар зохицуулж явдаг. Энэ  асуудал нь өдөр тутам, цаг тутам өөрчлөгдөж байдаг учраас тэр бүр Үндсэн хуулиа өөрчлөх нь утгагүй зүйл гэдгийг хэлж байгаа" гэдгийг онцлов.

УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР: БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ ХОЛБООТОЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛ РУУ ОРОХ ВИЙ

Байгалийн баялгийг үр ашигтай ашиглаж, хойч үеийнхээ сайн сайханд зориулах цогц зүйл юм. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа оноо бий. Энэ салбарт тулгамдаж байгаа, сайжруулах асуудал бий. Үүнийг Үндсэн хуульд зохицуулах гэж оролдох нь байгалийн баялагтай холбоотой Үндсэн хуулийн хямрал руу орох вий. Үндсэн хуульд дахь 6:2 дахь заалт сайн зохицуулалт. Монгол Улсын хөгжлийн замд тохирсон заалт мөнөөс мөн.

Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээрээ суурилж байгаа гэдэг нь ойлгомжтой. Нийт хөрөнгө оруулалт энэ салбар руу түлхүү орж ирдэг. Зөвхөн Оюутолгой төслөөр жишээ авахад, энэ төсөл сайн, муу хэлэгдээд явж байгаа. Засч сайжруулах зүйл бий. Хөрөнгө оруулагч талтай ширээний ард суугаад Дубайн буюу далд уурхайн санхүүжилт бүтээн байгуулалтын төлөвлөгөөг сайжруулах, Улаанбаатар гэдэг юм уу бодлогын бичиг баримт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна.

Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил 2013 оноос эхэлсэн цагаас хойш улс орон нутгийн төсвөөр дамжуулж, 2.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг татвараар дамжуулан Монгол Улс авсан. Мөн шууд болон шууд бусаар 45 мянган ажлын байр, үүний ард хэчнээн хүний амьдрал байгаа билээ. 800 гаруй аж ахуйн нэгжүүд ханган нийлүүлэлт хийж байна. Оюутолгойд 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орчихсон. Дэлхийн нэр хүндтэй 17 банк санхүүжүүлж зээл өгсөн. Тиймээс Монгол Улсын язгуур эрх ашгийг бодолцож, зөв алхмууд хийж урагшаа явах ёстой” гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРЬ “Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн  гэж оруулж ирсэн өөрчлөлтэй би санал нэгдэж байна. Хоёрдугаарт, Монголбанктай холбоотой санал нь хэдийгээр зөв боловч Үндсэн хуулийн хөндөгдөөгүй зүйл, заалтад өөрчлөлт оруулах боломжгүй учраас саналыг нь тусгах боломжгүй" гэв.

ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД Ерөнхийлөгчийн төслийг танилцуулахдаа “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, ай сав төрийн өмч гэдгийг нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа үндэсний аюулгүй байдал, тэгш байдлыг хангана. Оюутолгойн гэрээг хийгээд алдагдалд орно гэж бодоогүй. Цаашид УИХ Оюутолгой шиг баялгийг төрийн өмч мөн гэж үзээд, гэрээ хийх эрхгүй болж байгаа юм. Байгалийн баялаг төрийн өмч гэдгийг нийтийн өмч гэж байна” гэдгийг танилцуулгадаа онцолсон.

БНН-ЫН ДАРГА Б.ЖАРГАЛСАЙХАН: ГАЗРЫГ НИЙТИЙН ӨМЧ  БОЛГОВОЛ ЭЗЭНГҮЙ БОЛЖ, ДУРААРАА АВИРЛАЦГААНА  

Хуулийн төслийн өөрчлөлтийг хийхдээ үг, үсгийн араас хөөцөлдөх нь сайн зүйл биш. Нийтийн өмчийн менежментийг явуулахын тулд төр удирдан зохион байгуулж, менежментийг нь авч яваа. Тэгэхээр газрыг төрийн өмчид хамааруулах нь зөв гэж үзэж байна. Хэрэв нийтийн өмч болгочихвол хэн менежментийг нь явуулах вэ, эзэнгүй болно. Миний газар, төр хамаагүй гээд л дураараа авирлана гэсэн үг. Тийм учраас "Төр төмбөгөр, ёс ёмбогор" байсан нь дээр. Харин төрд хариуцлагатай хүмүүс нь орж ажилламаар байна.

 МАХН-ЫН ДЭД ДАРГА С.ГАНБААТАР: ЭЗЭНГҮЙ ӨМЧИЙГ Л  ХУЛГАЙЛДАГ 

Төрд гарсан гэмт бүлэглэлүүдээс ард иргэдийг яаж хамгаалах вэ гэдэг нь Үндсэн хуулийн туйлын зорилго. Адууны хулгайчаас ард иргэдийг хамгаална гэдэг бол Эрүүгийн хууль. Харин төрд гарсан эрх мэдэлтнүүд гэмт хэрэг хийвэл ард иргэдийг хамгаалахын тулд Үндсэн хууль байна. Өнгөрсөн 27 жил төрд гарсан гэмт бүлэглэлүүдийн үймээн самуун, дээрмийн жилүүд боллоо. Оюутолгой, Тавантолгой, Салхитын орд, Эрдэнэт үйлдвэр зэргийг нэрлэж болно.

Үндсэн хуулийг яах гэж өөрчлөх гээд байна вэ гэдэгтээ эхлээд дүгнэлт хийх хэрэгтэй. Төрд гарсан гэмт бүлэглэлүүдээс ард түмнийг хамгаалахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна гэдгээ сана. Хоёрдугаарт, энэ гэмт бүлэглэлүүдийн хамгийн том нь дээрмийн үйл ажиллагаа явуулдаг хэрэгсэл, үүр уурхай нь уул уурхайн баялаг буюу лицензийн наймаа. Эзэнгүй өмчийг л хүн хулгайлдаг болохоос эзэнтэй өмчийг хулгайлдаггүй юм. Тиймээс байгалийн баялгийг эзэмших эзнийг нь тодорхой болго.

Газрын хэвлий, уул уурхайн баялгийг иргэдийн дундын өмч мөн гэж хуулийн нэмэлт өөрчлөлтөд тодорхой тусгах хэрэгтэй. Тэгж чадвал маргаашаас нь эхлэн Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар улстөрчид талцаж, бүлэглэлүүд зодолдохгүй болж, ард иргэдийн санал асуулгаар асуудал шийдэгддэг болно.

УУХҮ-ИЙН САЙДЫН ЗӨВЛӨХ М.ДАГВА: ЕРӨНХИЙЛӨГЧ САЛБАР ХУУЛИУДААР ЗОХИЦУУЛАГДАХ АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ЧИРЧ АВЧРАХ НЬ МАШ ТОМ ЭРСДЭЛ ДАГУУЛНА 

1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн нь сайн заалт. Дэлхийн маш орны Үндсэн хуульд нь энэ заалт байдаг. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд дээрх заалтыг тодотгоод “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж оруулж байгаа.

Ерөнхийлөгчийн саналд тусгагдсан байгалийн баялгийг тэгж хүртээмжтэй ашиглахтай холбоотой мөн уул уурхайтай холбоотой хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд  ямар зарчим баримтлах уу гэх мэт заалтыг тусгасан байна лээ. Эдгээр заалтыг салбар хуулиудаар зохицуулах боломжтой атал Үндсэн хуульд чирч авчирч наах нь маш том эрсдэл дагуулна. Монгол Улс өнөөдөр ганц том орд тойрсон хэрүүлээс сургамж аваад алдааг нь засах гэж оролдож байгаа бол түүнийг Засгийн газрын түвшинд, УИХ-ын тогтоолоор, эсвэл салбар хуулиудаар засаад явах нь зүйн хэрэг. Гэтэл үүнийг Ерөнхийлөгч Үндсэн хуульд тусгах гэж байгаа нь ирээдүйд байгалийн баялагтай холбоотой Үндсэн хуулийн хямрал руу орохыг үгүйсгэхгүй. Байгалийн баялагтай холбоотой одоогийн Үндсэн хуулийн 6.2 дахь заалт сайн заалт.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал бөгөөд хэлэлцүүлэгт 38 судлаач, 24 төрийн бус байгууллага, 12 улс төрийн нам болон төрийн байгууллагууд нийлсэн 150 орчим төлөөлөгч оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж