Даншиг наадмууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Даншиг наадмууд эхэллээ

Даншиг наадмууд эхэллээ

Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” даншиг наадам, Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам болон “Говь шанх-6” говийн бүсийн даншиг наадам, Дорнод аймгийн 88 жилийн ойн баяр наадам, “Зүүн бүсийн хурд 2019” хурдан морины уралдаан өнөөдөр эхэллээ. Даншиг наадмуудын мэдээллээс хүргэе.


ХӨВСГӨЛ

Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” наадам өнөөдөр эхэлж байна. Уг наадмыг зохион байгуулахын тулд Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн талбай болон баяр наадмын төв талбайг шинээр байгуулжээ. Тус аймгийн төвд байдаг “Гэрэлт гудамж”-ийг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлгээр тоноглосон байна.

“Хотгойдын хурд 4” наадам нээлт болон бусад арга хэмжээгээрээ бусад даншиг наадмуудаас онцгой болжээ.

Наадмын нээлтийн ёслолыг өнөөдөр 21:00 цагаас хийх бөгөөд зохион байгуулалтад том өөрчлөлт орсон нь анхаарал татаж байгаа юм. Энэ нь наадмын нээлтийг шөнө хийж байгаагаараа Монголд анхдагч болж буй билээ.

"Хотгойдын хурд 4"-д уламжлалт зургаан насны морьд уралдах бөгөөд эрлийз насны морьдын уралдаан болох аж. Хурдан морины эхний таван байрыг 1, 2, 3, 5, 10 сая төгрөгөөр байлахаар болжээ. Наадмын арга хэмжээг өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш “ТВ-5” телевизээр шууд дамжуулан хүргэх юм.

БАЯНХОНГОР

Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам өнөөдөр Баянхонгор аймагт эхэллээ.

Ламын гэгээний ойг тэмдэглэх баяр наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцохоор өчигдөр нутгаа зорьсон байна.

“Мянган мутарт Жанрайсаг бурханы авшиг”, “Цэнд-Аюуш бурханы насны авшиг” хүртээх шашин номын үйл ажиллагаа, Ламын гэгээтний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагтад Бат оршил өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцохоор сүсэгтэн олон Баянхонгорыг зорьжээ.

Уламжлал ёсоор зургаан насны морьдын уралдаан, үндэсний сурын харваа, бөхийн барилдаантай. Баяр наадмын нээлтийн ажиллагаа маргааш эхлэх бөгөөд Майдар эргэх ёслол болох юм.

Наадмын хөтөлбөр дагуу өнөөдөр азарга, хязаалан, соёолон насны морьдын уралдаан болох бол их нас, шүдлэн, дааганы уралдаан Ням гаригт болох юм байна. Харин маргааш 21:00-24:00 цагийн хооронд Дуурсахын хөндийд эрлийз морьдын уралдаангыг зохион байгуулахаар болжээ.

Шашны зан үйл зонхилох даншиг наадмын хаалтыг Ням гаригийн 16:00 цагт хийхээр төлөвлөсөн байна.

Баянхонгор аймгаас наадмын үйл ажиллагааг ETV телевиз шууд дамжуулан хүргэхээр болжээ.

ӨМНӨГОВЬ

1999 онд буюу одоогоос 20 жилийн ѳмнѳ говь шанхын хурдыг сэргээхээр “Говь шанх” наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. Анхны наадам говь шанхын хурдан адууны ѳлгий нутаг Цогтцэций сумын Цагаан Овоо хайрханы ар дээр Цагаан товог хэмээх газар зохион байгуулагдаж байжээ.

Жил ирэх бүр цар хүрээгээ ѳргѳжүүлж, Гурван сайхан уулын бэлд Монголын цуутай хурдан хүлгүүд уралдаж, эрдэм тѳгс уяачид, эрхий мэргэн харваачид, эрэмгий хүчит бѳхчүүд зорин ирдэг улсын хэмжээний том даншиг наадам болтлоо ѳргѳжиж, ѳдгѳѳ зургаа дахь наадамтайгаа золгож байна.

“Говь шанх-6” говийн бүсийн даншиг наадмыг "Ѳмнийн говийн хүлэг" уяачдын холбоо, "Ажнай" Корпораци, Ѳмнѳговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна.

“Говь шанх”-ын наадмын 20 жилийн ой энэ жил тохиож байгаа багѳѳд ойн хүрээнд "Ажнай" корпораци адууны хийморио дээдэлдэг Монгол түмэндээ зориулж "Хийморь" киног бүтээлгэж үзэгч олондоо ѳргѳн барьсан байна.

20 жилтэйгээ золгон буй “Говь шанх” зургаан говийн бүсийн Даншиг наадам өнөөдөр эхэлж, наадамчин олны хөлд дарагдаад байна.

 ДОРНОД

Дорнод аймгийн 88 жилийн ойн баяр наадам, “Зүүн бүсийн хурд 2019” хурдан морины уралдаан өнөөдөр эхэллээ. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос уралдааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, логоны уралдаан зарласан.

“Зүүн бүсийн хурд 2019” наадмын логоны уралдаанд Улаанбаатар хотын оролцогч, дизайнер Г.Баясалын бүтээл шалгарч байсныг олон нийтэд мэдээлж байсан. Тиймээс энэ бүсийн уралдаан олны анхаарлыг эртнээс татаж эхэлсэн.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан болж буй “Зүүн бүсийн хурд 2019” наадамд газар газрын хурдан хүлгүүд очжээ.

Энэ жилийн бүсийн уралдаанаар монгол зургаан нас, эрлийз, дээд, дунд, бага гэсэн нийт есөн насны морьд уралдах бөгөөд эхний өдөр таван насны морьд уралдах юм байна.

Зүүн бүсийн хурд наадам нь Дорнод аймагт дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2005, 2009, 2014 онд тус тус болж байжээ. Мөн бүсийн уралдааны үеэр зүүн бүсийн чуулга харвааг 14 жилийн дараа зохион байгуулж байна. Зүүн бүсийн чуулга харвааны нэг онцлог нь Үндэсний их сурын харваанд онооны байдлаар залуу харваачдад спортын мастер, дэд мастер, спортын I, II, III зэрэг олгох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж