Ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон Онцгой байдлын алба хаагчийн ар гэрийнхэн “Босоо хөх Монгол” ТББ-тай хамтран өнөөдөр /2019.07.26/ хэвлэлийн хурал хийлээ.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Ганхуяг “Онцгой байдлын газрынхан Алба хаагчдынхаа эрх ашгийн төлөө хөөцөлдөөч ээ. Монгол хүний үнэлэмж алга болчихлоо. Төрийн ажил хийж яваад, эрүүл мэндээрээ хохирсон залууд бүгдээрээ гар сунгаж, сэтгэлээрээ туслахыг нийт монголчууддаа урилж байна. Энэ хэрэг явдал 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр болсон. Дөрвөн залуу гал унтраахаар явсны нэг нь Э.Үнэнбат. Одоо байгаа байдал нь нүд халтирмаар болсон. Ар гэрт эмчилгээний мөнгө байхгүй, орон гэр үр хүүхдээ тэжээж чадахаа байсан, хоёр гар нь мэдээгүй боолттой, сэтгэлээр маш их уначихсан энэ чигтээ үхэхгүй яав даа гээд уйлаад сууж байна. Одоо эмчлүүлэхээр ирсэн байгаа юм байна. Э.Үнэнбатын ард дөрвөн хөөрхөн хүүхэд байгаа” гэлээ.
АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВСАН ХҮН ӨНӨӨДӨР АРД ТҮМНЭЭСЭЭ ГУЙЛГА ГУЙЖ БАЙНА
Э.Үнэнбатын эхнэр н.Мөнгөнцэцэг "Ганцаараа хаана, яаж хандахаа мэдэхгүй сандарч яваад “Босоо хөх Монгол” гэх байгууллагад хандсан. Үнэхээр дэмжээд түшээд ирсэн чинь хонгилын үзүүрт гэрэл гарав уу гэж бодлоо. Манай нөхөр Онцгой байдлын албанд 19 ажил ажиллаж байгаа. Бид хоёр гэр бүл болоод 17 дахь жилдээ, дөрвөн хүүхдийн ээж, аав болсон амьдарч байна. Онцгой байдлын албанд 5000 алба хаагч тэдний эхнэрүүдийн ар гэрийн өмнөөс “Босоо хөх Монгол”-той хамтарч дуу хоолойгоо нэгтгэж байна.
Албан үүргээ гүйцэтгэж явсан хүн өнөөдөр ард түмнээсээ гуйлга гуйж байна. Онцгой байдлын алба хаагчдад эрсдэлийн, даатгалын, амь насны хууль гэж байдаггүй юм байна.
Манай нөхөр 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймэрт өргөсөн тангарагтаа үнэнчээр албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн. Тухайн үед түлэгдээд нүүр, нуруу хонго, хөл, гарын хуруунууд нь түлэгдсэн. Орхон аймгийн эмнэлэгт анхны тусламж аваад, маргааш жижүүр эмч нь солигдсон. Дараа нь тус аймгийн Гэмтлийн эмч н.Болд “Би насаараа түлэнхий хүн үзсэн. Долоо хоногийн дараа хоёр гарыг нь тайраад хаячихна шүү дээ” гэж хэлсэн.
Би Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2019 оны долдугаар сарын 1-нд нөхрийн минь эмчилгээнд тус болооч ээ гэсэн агуулга бүхий өргөдөл өгсөн. Гэтэл миний өргөдлийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шилжүүлсэн гэсэн. Ингээд Шадар сайдад шилжүүлсэн сураг гарсан боловч хариу өгөөгүй.
Одоогоор нөхөр маань ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энд ирснээс хойш нэг удаа арьс нөхөх хагалгаанд орсон. Хоёр гарын арван хуруунууд нь ямар ч ажиллагаагүй болж, ар гэрийнхээ асаргаанд байна. ОБЕГ-аас нэг сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Орхон аймгийн Засаг дарга тус тус сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Өөр бидэнд ангийнхан болон ах дүү нар тусалсан.
Бид БНСУ-ын олон эмнэлэг рүү хандахад нэг эмнэлгээс эмчлэх боломжтой гэсэн хариу өгсөн ч нэг удаагийн хагалгаагаар шийдэгдэхгүй гэж хэлсэн. Өнөөдөр бидэнд эмчилгээний 200 сая байтугай, 20 сая төгрөг ч байхгүй байна. Иймээс нөхрийн минь эмчилгээний зардлыг шийдэж өгөөч ээ гэж УИХ, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж байна” гэлээ.
Энхбатын Үнэнбат Хаанбанк 5094504536
Э.АРИУН
Холбоотой мэдээ