“Дэлхийн Хепатитийн өдөр”-ийн хүрээнд Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019.07.26/ элэгний В, С вирусийн үзлэг, шинжилгээ, нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийх өдөрлөг 11.00 цагаас эхэллээ. Иргэд өглөөний 05.00 цагаас эхлэн дугаарлаж, урт дараалал үүсгэжээ.
Урт дараалалд зогсох иргэдийн хувьд тус өдөрлөгийн талаар мэдээлэлгүй, үнэ төлбөргүй эмчид үзүүлэхээр ирсэн, бие биеэсээ сургаар мэдээлэл авч буй дүр төрх ажиглагдав.
Өглөө 06.00 цагаас хойш дугаарлаж буй иргэн Д.Тунгалаг “Энэ асарт үзлэг, эхо, шинжилгээ хийх юм уу? Яг ямар үйлчилгээ үзүүлэх юм, бүү мэд. Телевизээр элэгний B, C вирусын үзлэг шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ гэх мэдээлэл гарсан болохоор хол гэртэй учраас өнөө өглөө эрт ирлээ. Гэтэл эмч нар нь алга, хоосон асарт ямар үйлчилгээ явуулах нь мэдэгдэхгүй, зохион байгуулалтгүй санагдлаа” гэв. Түүнтэй адил олон хүн яахаа мэдэхгүй, өдөрлөгийн талаарх мэдээлэлгүй ч эмчид үзүүлэхээр дугаарлаж байлаа.
Өдөрлөгт дүүргүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалтай иргэдэд элэгний В, С вирусийн үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийж үйлчилж буй юм. Хамгийн ачаалалтай нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв. Энд олон цаг урт дараалалд зогссон иргэд уур бухимдлаа эмч нарт гаргаж “Та нар ямар ч зохион байгуулалтгүй, мэдээлэл өгөхгүй байна”, “Битгий урдуур дайраад бай”, “Урдуур дайрсан хүнээ гаргаач ээ” гэх зэргээр шаардлага тавьж байв.
Тус дүүргийн эрүүл мэндийн төвийн зүгээс иргэдэд үзлэг шинжилгээ 11.00 цагаас эхэлнэ гэдгийг тайлбарлавч тусыг эс олох аж. Оочерийн асуудлаас гадна иргэдийн дунд эмх замбараагүй байдал, урт дараалал үүсч буй шалтгааны нэг нь эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэд олон байв.
Ийм тохиолдолд үзлэг шинжилгээнд хамрагдах боломжгүй бөгөөд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг бүртгэж, даатгалд хамруулснаар үзүүлэх боломжтой гэж холбогдох албаны хүмүүс хэллээ. Харин эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэд энэ асуудалд нэлээн бухимдаж "Та нар эрүүл мэндийн даатгалгүй үзнэ гэсэн", "Улс орон даяар зохион байгуулж байгаа бол Эрүүл мэндийн даатгалгүй ч гэсэн үзэх хэрэгтэй" гэх мэт шаардлага тавьж байв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛАА ТӨЛСӨН ТОХИОЛДОЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн байцаагч Д.ТҮМЭНЖАРГАЛ :
-“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд элэгний B, C вирусийг илрүүлэх оношилгоо, элэгний үйл ажиллагаа, эхо оношилгоонд иргэдийг үнэ төлбөргүйгээр хамруулж байна. Өдөрлөг 11.00 цагаас эхэлмэгц элэгний B, C вирусийг илрүүлэх оношилгоо хийнэ. Иргэдийн хувьд үйл ажиллагаа 11.00 цагаас эхлэхээс өмнө урт дараалал үүсгэж, эмх цэгцтэй дугаарлахгүй байгаа нь ажил хийхэд хүндрэл үүсгэж байна. Иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол үнэ төлбөргүй үйлчилгээ авах эрх нь нээлттэй. Хэрэв эрүүл мэндийн даатгалгүй бол даатгалын төлбөрөө төлснийхөө дараа үйлчилгээ авах боломжтой. Орон нутгаас ирсэн иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол өнөөдөр дүүрэг харгалзахгүйгээр шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Ер нь манай дүүрэг хамгийн олон хүн ам, оршин суугчтай. Байнгын ачаалалтай байдаг.
ИРГЭД ВАКЦИНД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ
Өнөөдөр 11:00-16:00 цаг хүртэл үргэлжлэх өдөрлөгт иргэдийг вакцинд хамруулахгүй бөгөөд дээрх шинжилгээ болон элэгний хатуурлыг тодорхойлж байгаа юм. Тодруулбал, Улсын нэг, хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд болон дүүргүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг эмнэлгийн шат шатны байгууллагууд нэгэн дор иргэдэд үйлчилгээ үзүүлж буйгаар онцлогтой.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан П.УНДАРМАА:
-“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Дэлхийн Хепатитийн өдөр”-ийг угтан өнөөдөр энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн арга хэмжээнд үзлэг, оношилгоо, шинжилгээ хийж зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм. Харин вакцинд хамруулахгүй. Яагаад гэвэл иргэд тусгайлан Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Хавдар судлалын үндэсний төвд хандана. Иргэдийн хувьд элэгний үзлэг шинжилгээ эхог үнэ төлбөргүй хамрагдах учраас өглөө эрт ирж дугаарласан байх. Ерөнхийдөө жил бүрийн өдөрлөгийн үеэр иргэд дугаарласан, урт дараалал үүсгэсэн ачаалалтай байдаг. Хүмүүс үзлэг шинжилгээг товлосон цагтаа л эхэлнэ гэдгийг ойлгож хүлээцтэй хандах хэрэгтэй.
Энэхүү арга хэмжээнд өнөө өглөөний байдлаар 1000 орчим иргэн хандаад буйг холбогдох албаны хүмүүс хэлж байв. Өнгөрсөн жил эл арга хэмжээний үеэр нийт 1800 орчим хүн үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийлгэж, элэгний хатуурлаа тодорхойлуулах үйлчилгээнд хамрагджээ. Энэ удаагийн өдөрлөгт хамрагдаж буй хүмүүсийн ихэнх нь 40-65 хүртэлх насны иргэд байгаа харагдсан. Иргэдийн хувьд ийм арга хэмжээг нэг өдөрт багтааж буй нь цаг хугацааны хувьд давчуу байдаг тул гурван өдрийн турш зохион байгуулах нь зүйтэй гэдэг санал дэвшүүлж байв.
ИРГЭД УРТ ДАРААЛАЛ, ООЧЕР ДАЙРАХ АСУУДЛААС БОЛЖ БУХИМДАЖ БАЙНА
Иргэн Ш.ДОНДОГМАА: -Маш урт дараалал үүссэн, ачаалалтай бас эмх замбараагүй байна. Цаг хугацааны хувьд их давчуу юм. Өглөө 07.00 цагаас хойш дугаарлаж байгаа ч өнөөдөр үзлэгт хамрагдаж амжих үгүйгээ мэдэхгүй байна. Зарим хүмүүс нэгийгээ хүндлэхгүй оочер дайрч байгаа нь маш бүдүүлэг, асуудал үүсгэж байна шүү дээ.
Иргэн Д.ЭНХМАА: –Өглөө эрт ирсэн ч үзлэгийн цагаа зарлаагүй, их оочертой, зохион байгуулалтгүй байна. Үзлэгт хамрагдана, шинжилгээ өгнө гээд л үүрээр өлөн элэгтэй гарсан хүн олон байгаа, одоо хэчнээн цаг урт дараалалд зогсохоо мэдэхгүй. Үзлэг эхлээгүй, 11.00 цагаас гээд л хүлээлгээд байна. Цаг хугацааны хувьд их давчуу байна шүү дээ. Уул нь хоёр өдөр үргэлжилбэл өнөөдөр дугаарлаад амжихгүй юм гэхэд маргааш нь үзүүлж болно шүү дээ.
Иргэн П.ОЮУНЧИМЭГ: –Иргэд нэгээ хүндэтгэхгүй юм. Урдуур дайрч байгаа нь эмх замбараагүй байдал үүсгэж байна. Халуун наранд урт дараалалд зогсох хэцүү л байна шүү дээ. Одоо 11.00 цагаас үзлэг эхэллээ ч 16.00 цаг хүртэл гэхээр миний хувьд чамлалтай л байна. Амжих үгүйгээ мэдэхгүй.
ЭЛЭГНИЙ В, С ВИРУС ИЛРҮҮЛЭХ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ЗӨВХӨН ӨНӨӨДРӨӨР ДУУСАХГҮЙ
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: -Элэгний В, С вирус илрүүлэх үзлэг, шинжилгээг өдөр бүр өрх, сум, дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвд хийж байгаа. Иргэд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах ёстой. Өнөөдрийн үйл ажиллагааны зорилго нь энэхүү эрт илрүүлгийн ажлыг харуулж сурталчлан таниулж байна. Энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар эрүүл мэндийн даатгал төлсөн 900 орчим иргэдийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамруулсан. Вирус илрүүлэх шинжилгээ, оношилгоо, үзлэгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа тул иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Иргэд эрүүл мэндийн даатгалдаа хамрагдахгүй энэ үйлчилгээг авч чадахгүй хоцрогдож байна. Тиймээс иргэд үүргийнхээ дагуу даатгалд хамрагдах ёстой.
ЭЛЭГНИЙ В, С ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ 2020 ОНД БҮРЭН УСТГАНА
“Оном”сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар: –Элэгний В, С вирус бол бэлгийн замаар болон арьс салст, зарим тохиолдолд үсээ засуулж байхдаа уг халдварыг авах эрсдэлтэй. Үсний угт гарсан шархны тав унасан байхад өмнө нь вирусийн халдвартай хүн үсээ засуулж, сам хэрэглэсэн бол В, С вирусийн халдвар авна. Вирусийн халдвартай хүний тоо ихсэх тусам халдвар авах эрсдэл өндөр гэсэн үг.
Монгол Улсад “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр жил хүрэхгүй хугацаанд Улаанбаатар хотын нийт хүн амын дундах элэгний В,С вирусийн архаг халдвартай хүний тоо 56 хувиар буурууллаа. Монгол Улсын хүн амын 50 хувь нь оршин суудаг энэ хотод хүн амын дундаас санамсаргүй түүврийн аргаар судалгаа явуулахад сүүлийн хоёр жилийн хугацаанд вирус тоолоход эрчүүдийн дунд B, C вирус 80-55 хувь, эмэгтэйчүүд 80-25 хүртэл буурсан үзүүлэлттэй гарсан. Эрчүүдийн дунд вирус ийм бага хэмжээтэй буурсан нь эрчүүд эрүүл мэндээ хайхардаггүйтэй холбоотой. Цаашид 2020 он гэхэд элэгний В, С вирусийн халдварыг бүрэн устгах боломжтой гэж үзэж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ