-СЭХЭЭТЭН ГЭЖ ХЭН БЭ-
Их эрдэмтэн Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар тольд “Сэхээтэн гэж шинжлэх ухаан, техник, соёлын талаар эрдэм боловсрол, тусгай мэдлэг бүхий оюуны хөдөлмөрийн хүмүүсийг хэлнэ” гэж тайлбарлажээ. Харин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор профессор Л.Түдэв гуай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн байдаг. Тэгвэл Монголын сэхээтнүүд гэж ямар хүмүүс хаана, юу хийж явна вэ?
Төрийн өндөрлөгт улсаа удирдаад завгүй байна уу, улсдаа мартагдаад, энгийн даруу амьдарч явна уу, аль эсвэл их, дээд сургууль төгссөн бүхэн сэхээтэн болчихов уу? Өнөөгийн нийгэмд аль нь яг сэхээтэн юм бэ? Ялгагдахаа байсан учир юу вэ?
-МОНГОЛЫН АНХНЫ СЭХЭЭТНҮҮД-
Монголчууд өнгөрсөн зуунаас эхлээд нийгмийн түүчээ болсон сэхээтнүүдээ ЗХУ-д /Зөвлөлт Холбоот улс/ албан ёсоор бэлтгэж эхэлжээ. Үүнээс урьд Ардын хувьсгалын анхны долоо буюу Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Дарьзавын Лосол нарын сэхээтнүүд улс орноо удирдан, ард түмнээ гэгээрүүлж байв. Тэдний туйлын зорилго бол улс эх орноо хөгжүүлж, ард түмнээ эрх чөлөөтэй, сайн сайхан амьдруулах байсан юм. Тиймээс тэд эх орондоо сэтгэл, зүрхээ зориулан эцсийн амьсгалаа шингээсэн билээ.
Тэгэхээр сэхээтэн гэж эх орноо гэсэн сэтгэлтэй байхыг хэлэх аж. Энэ шалгуурыг давах сэхээтнүүд манай оронд саяхныг болтол олон байлаа. Тэд популизм гэж мэдэхгүй, авлига хээл хахууль, мафийн сүлжээ, мөнгө угаалт, худал хуурмагаас бүр хол, жинхэнэ сэхээтнүүд байсан. Манжийн эрхшээлд 200 гаруй жил болсон улс орноо удирдан хөгжүүлэх, бүтээн босгох, ард олноо соён гэгээрүүлэх үүргийг социализмын үеийн сэхээтнүүд хүлээсэн юм.
Нэг намын удирдлага дор, хатуу хяналт, хууль дүрэмд захирагдаж байсан хэдий ч төрийн албыг тэд нэр төртэй хашиж байв. Монгол төрийг дөчин жил удирдсан Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх, одоо ч амьд сэрүүн буй Думаагийн Содном, Жамбын Гомбожав, Дашийн Бямбасүрэн нарын туулж өнгөрүүлсэн амьдрал үүнийг гэрчилнэ.
Улс төр, нийгмийн салбараас гадна урлаг, соёлын сэхээтнүүд ч мөн хөгжил, дэвшилд багагүй хувь нэмэр оруулж байв. Жамсрангийн Цэвээн, Дашдоржийн Нацагдорж, Содномбалжирын Буяннэмэх, Жамьянгийн Чулуун, Сэмбийн Гончигсумлаа, Лувсанжамбын Мөрдорж, Үржингийн Ядамсүрэн зэрэг олон уран бүтээлчид бий. Эрдэмтэн судлаачид гэвэл Сангажавын Жамьян, Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ренчин гээд цааш нь хөвөрнө. Салбар, салбарын энэ л хүмүүс Монголын сэхээтний давхаргыг бий болгож, араасаа олон сэхээтэн бэлтгэсэн билээ.
-СЭХЭЭТЭН ХҮН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ-
Энэ асуултад МУБИС-ийн Суурь судалгааны төвийн эрхлэгч, академич Б.Жадамба хариулахдаа “Сэхээтэн хүн гэж эрдэмтэй хүн юм. Эрдэмтэй хүн гэдэг нь товчхондоо мэдлэгтэй, сэтгэлтэй, ёс суртахуунтай хүнийг хэлнэ. Мэдлэг боловсрол эзэмшиж болно, харин сэтгэл зүрх, ёс суртахуун бол хүний суурь хүмүүжилтэй холбоотой. “Монголчууд эрт дээр үеэс хүнээр хүн хийнэ гэж ярьдаг байсан. Худал хэлж, хулгай хийхгүй, эд хөрөнгө, албан тушаалд шунахгүй, хайрлах сэтгэлтэй байх нь хүн болсныг илтгэнэ” гэсэн юм.
Академич С.Нарангэрэлийн бичсэн “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, Монголчууд” номд “Чингисийн Их засаг хуулийн суурь зарчим бол ерөөсөө ёс суртахуун дээр суурилжээ” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун дээр суурилсан хууль гэсэн үг. Үүнтэй адил сэхээтэн хүний баримтлах зарчим бол дээр өгүүлсэн эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэгтэйгээс гадна ёс суртахуунтай байх юм. Түүнээс биш гадаад, дотоодын том том сургууль төгсөөд сэхээтэн болчихдог ч юм биш.
-МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН СЭХЭЭТНҮҮД-
Монголын өнөөгийн төр засгийг удирдаж буй хүмүүс сэхээтнүүд мөн үү? Энэ асуултыг гудамжаар явж буй иргэдэд тавилаа.
- Иргэн н.Даваа: -Биш байх. Хуучин цагийн удирдагчид ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлнэ, улс орноо хөгжүүлнэ гэсэн чин сэтгэлтэй, шударга хүмүүс байлаа. Одоо төр удирдаж байгаа “сэхээтнүүд” нь биднийгээ хуураад байна. Тэгэхээр юуных нь сэхээтэн байх вэ дээ.
- Иргэн Н.Ганхуяг: -Миний бодлоор сэхээтэн хүн гэдэг төлөвшсөн байх ёстой. Түүнээс биш гадаадад том сургууль төгслөө, удирдах алба хашлаа гээд сэхээтэн болчхож байгаа юм биш. Манай УИХ-д төлөвшөөгүй нөхөд олон байна. Тэгэхээр тэднийг яаж сэхээтэн давхарга гэж хэлэх юм бэ. Ю.Цэдэнбал дарга болон тэр үеийн удирдагчид сэхээтэн байсан. Ганцхан жишээ хэлэхэд, ЗХУ-аас Молотов Монголд ирээд Ю.Цэдэнбал даргаас “Танайд алт байна уу” гэж асуухад “Манайд байхгүй ээ” гээд явуулж байсан гэдэг шүү дээ. Энэ бол жинхэнэ сэхээтэн хүний зан чанар. Гэтэл одоо манайхан хамаг баялгаа ухаад, үнэгүй шахуу гаргаад л сууж байна.
- М.Оюунцэцэг: -Мөн байлгүй дээ. Ихэнх нь гадаадад сургууль төгссөн байдаг. Угаасаа дээд сургууль төгссөн бол сэхээтэн гэж явдаг биз дээ.
- Т.Болдбаатар: -Шууд хэлье. Тэд чинь сэхээтэн биш, шуналын тулмууд. Ард түмнээ бодож байгаа хүн алга. Авлига аваад идэж уугаад дуусахгүй. Үйрмэг дээр нь ард түмэн үзэлцээд байж байна.
Иргэд ийнхүү төрийн удирдлагын түвшинд сэхээтэн байхгүй гэсэн хариулт өгч байна. Тэгвэл улс орноо хөгжүүлэх, өөд нь татах Монголын сэхээтнүүд хаана явна вэ? Эрдэмтэн, доктор, судлаачид байна уу…
-МОНГОЛЫН СЭХЭЭТНҮҮД ГУДАМЖИНД БАЙНА-
Сэхээтэн олон байсан гэх нэг намын тогтолцоот үед төр сэхээтнээ бэлтгэдэг, нэгтгэдэг, дэмждэг байв. Гэтэл өнөөдөр намаар хуваагддаг, нам дагасныг дэмждэг болж. Энэ дунд эрдмийн мөр хөөсөн доктор, судлаачид чимээгүй орхигдох болсон нь нууц биш юм. Уг нь төр тэдэнтэй хамтарч, мэдлэг чадварыг нь ашиглаж, улсаа хөгжүүлэх шаардлагатай байдаг.
Академич Б.Жадамбаас “Монголын сэхээтнүүд хаана явна вэ” гэж асуухад тэрбээр шууд “Гудамжинд” гэж хариулсан юм. Учрыг лавлахад “90-ээд оны дундуур Монголын төр сэхээтнүүдээ хаячихсан юм шүү. Тэгээд зарим нь бурхан болж, үлдсэн хэдэн судалгааны ажлаа хийгээд байгаа боловч ашигласан юмгүй сууж байна. Угаасаа эрдэмтэд гэдэг чинь шуналгүй улс, арга заль гаргаад, авлига өгөөд байж чадахгүй. Тийм болохоор төрд хэрэггүй юм шиг байна лээ. Хааяа энд тэнд мэтгэлцээн болоход мэргэжлийн судалгаа, шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаад оролцъё гэхэд оруулдаггүй” гэв.
Цагтаа урлаг, соёлоор дамжуулан ард иргэдээ соён гэгээрүүлж явсан сэхээтнүүд Монголд олон байлаа. Төрөөс өгсөн даалгаврын дагуу цаг наргүй ажиллаж, ар гэрээ умартан байж зүтгэсэн тэдний зарим нь өнөөдөр мөн л төрдөө гомдолтой үлджээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм ярихдаа “Ах нь цагтаа кино найруулж явлаа. Киногоор дамжуулан олон түмнээ соёлжуулах даалгавартай сэхээтэн байв. Тэгээд төрийг шүүмжилсэн шүлэг бичсэн нэрийдлээр хэлмэгдэж, шоронд ч орж явсан. Үүний дараа гадаад руу гарч бараг хориод жил боллоо. Саяхан Монголдоо эргээд ирсэн боловч би гэдэг хүн хэнд ч хэрэггүй болсноо мэдлээ. Надад одоо хураасан хөрөнгө, байр, машин байтугай өнөөдрийн хоолоо авч идэх мөнгө алга. Сэхээтэн нэртэй гудамжны хүн л болсон байна. Ямар сайндаа би хэн нэгэнд, магадгүй кино урлагт миний нэмэр байх болов уу гээд Төрийн ордон хавиар эргэлдээд байх вэ дээ. Урлаг, соёлын зүтгэлтнүүдээ төр шагнах юм аа. Гэхдээ бидэнд бодит дэмжлэг хэрэгтэй байна. Одон медалийн оронд нэг өрөө боловч байр өгчхөж болно доо. Ядаж төрийн урлаг соёлын үйл ажиллагаанд бид мэдлэг, чадвар, туршлагаа ашиглан оролцмоор байна” гэсэн юм.
Үсээ толийтол самнаж, гутлаа цэмцийтэл тослоод костюм пиджак, зангиаг донжийг нь тааруулаад өмсчихсөн энэ хүнтэй ярилцаж суухад яагаад ч юм гуниг төрөөд байлаа. Залуу халуун насаа сэхээтний амьдралаар өнгөрөөж, насны эцэст ингэж гундаж явах гэж дээ гэсэн харуусалт бодлоос минь болсон биз ээ.
Эцэст нь, Төрийн удирдлагуудад Монголын сэхээтнүүдийн үгийг хүргэе.
Та нөхөд одоо намд суурилсан бодлого барихаа боливол яасан юм бэ? Шинжлэх ухаан, судалгаанд суурилсан хууль дүрэм гаргаж, иргэдийн амьдралд ойртсон нь дээргүй юу. Үүндээ эрдэмтэн, судлаачид гээд үе үеийн сэхээтнүүдээ татан оролцуулбал яаж байна? Иргэд бид чинь одоо популизмд итгэхээ байсан шүү!
Ц.АРИУНЗАЯА
Холбоотой мэдээ