БНХАУ-ын шүүх 118 хүүхэд үрчилж авсан эмэгтэйг бусдыг айлган сүрдүүлж, луйвардсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн хэрэгт буруутган, 20 жилийн хорих ял оноожээ. Өдгөө 54 настай Ли Яншя гэх эмэгтэйн шүүх хурал лхагва гариг /2019.07.24/-т болж, бөгөөд түүнд хорих ялаас гадна 2,6 сая юаний торгууль ногдуулсан байна.
Ли Яншяны найз гэх эрэгтэйд 12,5 жилийн хорих ял, 1,2 сая юаний торгууль ноогдуулсан бол хэрэгт холбоотой гэх бусад 14 хүнд тус бүр дөрөв хүртэл жилийн хорих ял оноожээ. Түүнийг баривчлах үеэр “Хайрын тосгон” нэртэй асрамжийн газарт нь 74 хүүхэд байсан ба тэднийг засгийн газрын харьяа халамжийн төвүүдэд шилжүүлсэн байна.
Тэрбээр анх 2006 онд ганц хүүгээ хүний наймаачдад алдсан учраас асрамжийн төв байгуулан, өнчин болон амьдралын боломжгүй айлын хүүхдүүдийг өсгөхөөр болсон тухайгаа хэвлэлд ярьж, олон хүүхэд үрчилж аван өсгөж буй сайхан сэтгэлт эмэгтэйн дүрээр олонд танигдсан байна. Тухайн үед Ли Янша гэрлэж нэг хүүтэй болсон ч нөхөр нь хүүг нь хүний наймаачдад 7,000 юаниар зарсан учраас салжээ. Хүүгээ олж авах гээд чадаагүй тухайгаа ярьж, олны итгэлийг олсон аж.
Удалгүй орон нутгийн захиргаанд Ли Янша ихэд хөрөнгөжиж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирэх болж, түүнийг шалгахад дансанд нь 20 сая юань, 20 мянган ам.доллар байсан ба Мерседес Бенц, Ланд Роверс зэрэг үнэтэй автомашинуудтай болох нь батлагджээ.
Ли Яншя өргөж авсан хүүхдүүдээ ашиглан луйвар, сүрдүүлэг хийдэг байсан аж. Тодруулбал, барилгын талбайд хүүхдүүдээ оруулж, ачааны машины урдуур хойгуур гүйлгэн ажлыг нь зогсоодог, үүнийхээ дараа тухайн компанийг сүрдүүлж, мөнгө нэхдэг байжээ. Мөн өнчин хүүхдүүдийн асрамжийн газар байгуулах нэрийн дор их хэмжээний хөрөнгө мөнгө хандиваар цуглуулан хувьдаа завшсан аж. Тэрбээр уг хууль бус ажиллагаагаа 2011 оноос эхлүүлсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ