Улаанбаатарт машин унана гэдэг зовлонгийн нэмэр

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт машин унана гэдэг зовлонгийн нэмэр

Улаанбаатарт машин унана гэдэг зовлонгийн нэмэр

Сүүлийн үеийн судалгаагаар Улаанбаатар хотод 420 гаруй мянган автомашин өдөр тутам замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Сар бүр 5000-8000 машин, жил тутам 60-80 мянган автомашин хил гаалиар ямар ч цензургүй орж ирж байгаа нөхцөлд нэн даруй шийдтэй арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд Улаанбаатар хотын төв хэсэгт тээврийн хэрэгслүүд тэг зогсолт хийх эрсдэл нүүрлээд буйг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдэгдээд буй.

Автомашинуудыг улсын дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, зөвшөөрөлгүй газарт машинаа байрлуулбал дугуйг нь түгжиж, зорчих хэсгийн нэг эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлж өгч, замаа өргөсгөн, гүүрэн гарц барих зэргээр 2012 оноос хойш төрөл бүрийн арга хэмжээ аваад байхад шүү дээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн долоон жилийн тоон өсөлтийн дунджаар баримжаалж, 2025 он хүртэлх хэтийн төлвийг тооцоход Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо хүн амын өсөлттэйгөө дөрөө харшуулан хурдалж байгаа дүр зураг гарчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн ам жилд дунджаар 30 мянгаар нэмэгдэх бол тээврийн хэрэгсэл нь дагаад 27.5 мянгаар өсөх тооцоо гарсан байна. Ийм нөхцөлд хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, төр захиргааны байгууллага, их, дээд сургуулиудыг хотоос гаргах, метро байгуулах, агаарын тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх гэх мэтээр замын түгжрэлийг бууруулах урт хугацааны төлөвлөлтийн ажлууд ярихын хажуугаар ойрын хугацаанд юу хийх вэ гэдгээ бодохоос өөр замгүй.

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн авто замыг А, B, С гэсэн гурван бүсэд хуваах зохицуулалт ирэх наймдугаар сараас хэрэгжихээр бэлтгэлээ хангаж эхэлжээ. Энэ шийдвэрийг олон нийт өөр өөрийн өнцгөөс, янз бүрийн байр сууринаас хүлээн авч байгаа нь цахим сүлжээнээс илэрхий. Элдвээр гоочлуулан байж гаргасан энэ шийдвэр тэгэхээр хэний төлөөх шийдвэр болж таарах вэ. Ямар шалтгаантай байв, ямар үр дүн хүлээж байгаа, түүнийг нь хэн хүртэх юм бол.

Замын түгжрэлийг бууруулахад юуны түрүүнд автомашин эзэмшигчдийн хэрэглээний зан байдлыг, бүр тодруулж хэлбэл ухамсар сэтгэхүйг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байна гэдэг мэргэжилтнүүдийн үг ортой. Айл саахалтаар орохдоо морио уяан дээр аваачиж уяхаас “залхуурч”, хаалга үүдэнд нь тулгаж тушдаг, эсвэл гэрийнх нь бүснээс уяж орхидог нүүдэлчдийн удам гэсэн шиг аль нэг албан газраар орж ажил хөөцөлдөх болбол заавал гадаа нь машинаа байрлуулах зогсоол хайгаад явчихна. Зогсоол олдохгүйг нь мэдсээр байж гадуур нь хэдэнтээ гороолж бухимдлаа барахын оронд 300-500 метрийн цаана машинаа тавиад л алхаад оччих боломж хэнд ч нээлттэй, уг нь.

Нөгөөтэйгүүр, хотын төвд байгаа хэдхэн зогсоолыг эзлээд өдөржин машинаа байрлуулж “түгждэг” амин хувиа хичээсэн явдал улам бүр газар авсныг албаныхан хэлж байна. Энэ нь ихэвчлэн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, томоохон худалдаа үйлчилгээний төвийн ажилтнуудад хамаатай гэнэ. Улаанбаатар хотын төвийн зарим зогсоолд 60-70 машины багтаамжтай атал бүтэн өдрийн турш ердөө 10 машины зогсоол л суларч, сэлгэлт хийгддэг зэргээс харахад А, Б бүсэд ямар машиныг, ямар хугацаанд, хэдий хэмжээний төлбөртэйгөөр зогсоолд байрлуулах асуудлыг эрхгүй хөндөх цаг нь болсныг илтгэнэ.

Хотын төвөөр ямар ч зорилгогүй машинтайгаа сэлгүүцдэг нөхөд замын түгжрэлийг зохиомлоор нэмэгдүүлэхэд нэлээд “хувь нэмэр” оруулдаг тухай судалгаа хэдэн жилийн өмнө гарсан. Гэвч түүнээс хойш асуудал улам хурцдаж, автомашин эзэмшигчдийн хэрэглээний зан байдал ч бахь байдгаараа өдий хүрэв. Өдгөө Улаанбаатарт замын хөдөлгөөнд таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорьж гарсан ажлынхаа 37 хувь буюу гуравны нэгийг л бүтээдэг гэсэн судалгаа дахиад гарчхаж.

Автомашинтай хүн өдөрт нэг цагийг зам дээр түгжирч өнгөрүүллээ гэхэд жилд 15 хоногийг түгжрэлд зарцуулж байна гээд бодохоор хайран. Тодруулбал, нийслэлчүүдийн хувьд жилийн 365 хоног гэдэг бүхлээрээ тооцогдохгүй, 350-иар тоологдох нь байна. Мөн унтаж амрах найман цагийг хасаад тооцвол нэг жилд автомашин унадаг улаанбаатарчуудын амьдралын сэрүүн, идэвхтэй байх 23 өдөр нь зүгээр л зам дээр урсан өнгөрдөг. Түгжирч зогссоныхоо төлөө цалин авдаг байсан бол нийслэлчүүд бид жилд бүтэн сарын цалин илүү авах байж.

Иймэрхүү янзаар яваад байвал судалгаанд дурдагдсан 2025 он хүртэл гэж тооцоход Улаанбаатарт амьдарч буй хүмүүсийн амьдралаас бүхэн бүтэн 90 хоног хуанлигаас арчигдана гэсэн үг. Харамсалтай нь, бид өглөө, оройд ажилдаа ирж очих, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөх, хувь хувьсгалын ажил амжуулахын тулд өдөрт нэг цаг зам дээр түгжрэх биш, түүнээс ч урт хугацаагаар бухимдаж зогсдог сон. Стресс бухимдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг судалдаг эрдэмтэд хэрэв Улаанбаатарын түгжрэлээс үүдэлтэй бухимдал төдий насныхны тийм тийм өвчлөлийн гол шалтгаан болжээ гэдгийг гаргадаг бол цочирдмоор үр дагавар гарах нь дамжиггүй.

Гэхдээ цаг хугацаа алдах болоод эрүүл мэнд, нийгмийн хүчин зүйлээс илүүтэй замын түгжрэлээс үүдэлтэй алдагдлын талаарх эдийн засгийн тооцоо судалгаа яривал магадгүй манайханд илүү ойр тусаж мэднэ. Тухайлбал, дугаарын хязгаарлалт үйлчлэх өдрүүдийг болон зуны улирлын ачаалал бага үеийг хасаад, хамгийн багаар (200-300 мянган машин хөдөлгөөнд оролцсоноор тооцсон) бодоход Улаанбаатарын зам дээр өдөрт нэг цаг түгжирч зогсоход жилд 62 тэрбум төгрөгийг машиныхаа яндангаар “үлээдэг” улс ажээ, бид.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах богино хугацааны ажил буюу А, В, С бүсэд хуваах зохицуулалтыг энгийнээр тайлбарлавал заавал автомашин унахыг урьтал болгохгүй, заасан бүс дотор төлбөртэй зогсоолд машинаа тавиад нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх, эсвэл дугуй унах, алхах зэрэг сонголтыг танд санал болгож байгаа аж. А бүс буюу хотын төвд хамгийн их түгжрэл үүсдэг хэт ачаалалтай нэг км радиус бүхий Бага тойруугийн дотор автомашины хөдөлгөөнийг аль болох хязгаарлаж, иргэд олон нийт явган алхах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Б бүсэд Баянбүрдийн тойрог-100 айл, Баруун дөрвөн зам-Зүүн дөрвөн зам, “Нарантуул”-ын уулзвараас “Өгөөж”-ийн уулзвар хүртэлх Их тойруугийн бүс хамаарч байгаа бөгөөд энэ нь хүмүүс 20-30 минут идэвхтэй алхалт хийх боломжтой зай гэнэ.

Өдөрт 30 минут идэвхтэй алхалт хийдэг хүн цусны даралт ихсэх, таргалалт гэх мэт халдварт бус олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид хэдийн тогтоосныг хэлэх нь илүүц биз. “Ардчилсан нийгэмд хүмүүс машинаа унана уу, байна уу өөрсдийнх нь эрхийн асуудал” гэх хүн байхыг үгүйсгэхгүй. Гэвч энэ бол иргэнийг заавал машинаа унахгүй бай гэж хүчилсэн хэрэг огт биш билээ.

А, Б бүсэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор болон тодорхой шалгуураар нэвтрүүлсэн машинуудыг байрлуулах зогсоолын (15 700 орчим машин байрлуулах төлбөртэй зогсоол) асуудлыг шийдэж байгаа аж. Мөн байгаль орчинд ээлтэй буюу 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад бүсчлэлийн хориг үйлчлэхгүй гэдгийг дуулгах нь зүй.

Хориг тавих гээд байна, торгох гэлээ, иргэдийнхээ эрх ашгийг хөндөж байна гэж харах нэг хэрэг. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байх вэ гэдэг талаас нь бодвол өөр хэрэг. Тиймээс бүсчлэл дотор үнэгүй зорчуулах нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд олон нийтэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх талаас нь бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хэт ачааллыг багасгахын тулд олон улсад хамгийн түрүүний авч хэрэгжүүлдэг арга хэмжээ нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар иргэдийн тогтмол хэрэглээг хэвшүүлэх явдал учраас үүнд онцгойлон анхаарч буй гэсэн. Мөн А, В бүсчлэл буюу Их тойруугийн дотор амьдарч буй 190 мянган хүн амд зориулсан явган хүний болон дугуйн замыг нэмэгдүүлэх асуудлыг давхар шийдэх аж. Түүнчлэн бүсчлэл дотор үйлчлэх хугацаа нь зөвхөн ажлын цагаар байх учраас амьдарч буй иргэдийн хувьд тэгтлээ хүндрэл учрахгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж