Б.Эрдэнэцэцэг: Би өөрийгөө дотроосоо “урж” тоглохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

Б.Эрдэнэцэцэг: Би өөрийгөө дотроосоо “урж” тоглохыг хүсдэг

Б.Эрдэнэцэцэг: Би өөрийгөө дотроосоо “урж” тоглохыг хүсдэг

“Ньюс” агентлаг “Мартагдашгүй танил” булангийнхаа ээлжит зочноор тайз дэлгэцийн бүтээлийн сайхан бүсгүйчүүдийн нэг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэгийг зочноор урьсан юм. Тэрбээр анх оюутан байхдаа “Тэнгэрийн сахил” кинонд тоглож, анх үзэгчидтэйгээ уулзаж байснаас хойш олон сайхан дүрээрээ хэдийнэ ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн уран бүтээлч билээ.

Улсын драмын эрдмийн театраар 20 жил овоглосон жүжигчин Б.Эрдэнэцэцэг сүүлийн жилүүдэд өөрийн “Чононгоо” фильм студийг байгуулж, дэлгэцийн бүтээл хийхээр ханцуй шамлан ажиллаж байна. Түүнтэй ээлжит дэлгэцийн бүтээлийн бэлтгэл ажил гээд завгүй явахад нь зорин очиж уулзлаа. Жүжигчин Б.Эрдэнэцэцэгийн сонирхолтой ярианд анхаарлаа хандуулна уу.

ХОЁР ДАХЬ ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛЭЭ КАННЫН КИНО ФЕСТИВАЛЬД “СОЙНО”

-Та сайхан наадав уу?         

-Сайхан наадлаа. Миний хувьд наадах ч гэж дээ. Наадмын хэдэн өдөр дараагийн дэлгэцийн бүтээлийн зохиолын засвар дээр суугаад таарсан. Одоогоос гурван жилийн өмнө юм уу. Нэг Хүй долоон худаг орсон санагдана. Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байхад наадмын нээлтээр байнга ажилладаг байсан учраас хурдхан шиг л харих гэж яардаг байлаа. Миний хувьд баяруудад их ач холбогдол өгдөггүй. Ажлууд бас давхацчихдаг. Тиймээс наадмын хуушуураа гэртээ хийгээд л идчихнэ. Энэ жилийн наадмын хоёр дахь өдөр дүү нартайгаа хорхог хийж, гэр бүлээрээ өнгөрүүлсэн. Дээр нь миний нуруу өвдөөд айхтар сайн явж чадахгүй байгаа. Хэдэн сарыг гэртээ хэвтэрт өнгөрүүллээ.

-Тантай утсаар анх холбогдоход киноны зураг авалтаар хөдөө явж байна гэсэн. Ямар уран бүтээл дээр ажилласныг тань сонирхож болох уу?

-Бид долдугаар сарын 30-наас Төв аймгийн Баянчандмань, Завхан аймаг руу ээлжит дэлгэцийн бүтээлийн зураг авалтаар гарах гэж байна. Яг одоо киноны зураг авалтын бэлтгэл ажил их өрнөж байна. Кино маань эртний сэдэвтэй учраас жүжигчдэд маш их ажиллагаа орж байгаа. Хөдөө кино зураг авах газруудаа сонгоод, группээ байрлуулах гээд тун завгүй л явна. Сая бас өөр уран бүтээлчийн киноны зурагт орохоор хөдөө яваад ирлээ. Бас “Guys” хамтлагийн Д.Лхагва “1990 он” гээд шинэ кино хийж байгаа. Тэр кинонд бас туслах дүр дээр ажиллалаа. Бид чинь адилхан кино хийдэг болохоор “Та зураг авалтад ороод өгөөч” гэхээр боломж бололцоогоороо бие биеийнхээ ажилд дэм болоод явдаг юм.

-Одоо хийх гэж буй кино таны “Чононгоо” фильм студийн хоёр дахь дэлгэцийн бүтээл үү?

-Тийм. Студиэ анх 2016 онд байгуулаад, анхны дэлгэцийн бүтээл болох “Ээж” уран сайхны кино үзэгчдэд маш амжилттай хүрсэн. Энэ кино маань Монголдоо нэг сарын хугацаанд бүх кинотеатруудаар гарсан байх. Дэлхийн 17 оронд зохион байгуулсан олон улсын кино фестивальд амжилттай оролцож, есөн шагнал авсан байдаг юм. Харин дэлгэцийн хоёр дахь бүтээл бас л “Ээж хад” гэдэг  нэртэй. Монголчуудын Хүннүгийн үеийн отог овог аймгаар амьдарч байсан түүхэн цаг үетэй. Гэхдээ яг тодорхой цаг үед баригдахгүй. Одоо Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт байрлах “Ээж хад”-ны домгоос сэдэвлэсэн. Энэ кино маань ерөнхийдөө 2020 оны Каннын олон улсын кино фестивальд өрсөлдөх зорилго тавиад байна. Тийм учраас бид чадлаараа л хичээж байна. Ерөнхийдөө киноны бэлтгэл ажлыг сар гаруй хугацаанд хийлээ. Зураач, мужааны баг тэр чигээрээ ажиллаж байна. Миний хувьд ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм.

-АНХНЫ КИНОНДОО САХИЛ ХҮРТЭЖ ТОГЛОЖ БАЙЛАА- 

 -Та хүүхэд насныхаа тухай яриач. Жүжигчин мэргэжлийг сонгон суралцах гэж нэлээдгүй будилж явсан гэж сонссон юм байна?

-Ер нь бага байхад орос “Орбит” телевизийн суваг их гардаг байсан учраас балет үзээд л “Ийм гоё бүжигчин болно” гэдэг байлаа. Зургадугаар ангиасаа тэшүүрээр хичээллэж эхлээд, “Уран гулгалтын тамирчин болно” гэлээ. Тухайн үедээ сумын төв дээр амьдардаг байсан. Хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх тал дээр жаахан хэцүү шүү дээ. Тэгж явж байгаад би арван жилийн сургуулиа төгсөөд, Анагаахын дундад суралцсан. Сургуулиа онц төгсч, хөдөө гоц халдвартын станцад лаборантаар ажилласан. Дараа нь Завхан аймгийн сумандаа сувилагч ч болж үзлээ. Мөн аймгийн төв дээрээ Эвлэлийн хороонд 20 насандаа үзэл суртлын зааварлагч гэдэг хариуцлагатай ажил хийдэг байсан. Тэр хугацаандаа хүнтэй харьцахаас эхлээд маш олон зүйлийг сурч мэдсэн.

-Жүжигчний мэргэжил эзэмшиж, театрт орж байсан үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу? 

-Жүжигчин мэргэжлийг сонгон, 1993 онд Соёл урлагийн их сургуулийг төгссөн дөө. Бид тухайн үедээ дипломоо сонгодог, драм, эмгэнэлт драм төрлийн гурван жүжгээр хамгаалж, гол дүрд тоглосон. Хамгийн сүүлд К.Гольдоны “Хоёр эзний ганц зарц” жүжигт тоглоод байж байтал гажиг Гармаад тоглосон талийгаач Ч.Ган-Өлзий ах ирээд “Чамайг Драмын театрт ирж уулзаарай” гэж Г.Доржсамбуу дарга хэлүүллээ гэсэн. Тэгэхэд нь би ерөөсөө итгээгүй. Тухайн үедээ их сургуулиа төгсөөд, Завханы театр луугаа л явах байхдаа гэж бодож байсан. Тэгээд “Би чамд хайртай” киноны Баярын дүрд тоглосон Н.Бадрал, одоогийн “Хувьсал” продакшны продюсер Г.Цоггэрэл бид гурвыг драмын театрт урьж байсан. Бид гурав эмээсхийгээд л Доржоо багшийн өрөөнд ортол “Та гурвыг Драмын театрт авах сонирхолтой байна. Урьж байна” гэж бодоод томроод байх юм байхгүй. Зүгээр ажиллаж үзье. Сайн ажиллаарай”гээд театрт жүжигчнээр авч байлаа. Тэгээд л миний хувьд тасралтгүй 20 жил Улсын эрдмийн драмын театртаа жүжигчнээр ажилласан. Цаг үе ороо бусгаа болж, хүмүүс театраасаа гарах нь гарч, хошин урлагийн продакшн байгуулж байсан. Цөөхөн уран бүтээлч үлдээд, театр үзэгчгүй хэцүү үед ажлаа хийгээд, авдаг хэдэн төгрөгийн цалингаа авч байсан.

-Өдийг хүртэл театртаа ажиллаагүй, гарсан шалтгаан юунд байв?

-Би 2013 оны сүүлчээр театраасаа гарсан. Ер нь кино чиглэлээрээ продакшн байгуулаад, өөрийгөө бие дааж сорьж үзмээр санагдсан. Би театрт ажиллаж байхдаа 1999, 2000 онуудад жүжигчдээс анхлан кино хийж байсан юм. Тэрнээс хойш ямар ч кино хийгээгүй байж байгаад 15 жилийн дараа “Ээж ” уран сайхны киногоо хийлээ. Кино мөнгөтэй хүн, эсвэл дуртай нэг нь бариад авдаг урлаг биш. Кино гэдэг бол багаар ажилладаг, маш олон хүний хүч хөдөлмөр ордог. Хүмүүст кино үзэхэд сэтгэлд нь үлдэх бүтээл талын юмнуудыг манай продакшны уран бүтээлчид хийхийг хичээдэг. Бид өнөөдөр “Хүргэн хүү”, “Хөдөөгийн баясгалан” гээд хуучны монгол киногоо үзэх дуртай байдаг шүү дээ. Энэ дэлгэцийн бүтээлүүдийг ахмад уран бүтээлчид маань өнгө мөнгө харалгүйгээр амьдралын бодит үнэнийг өгүүлж, ард түмнийхээ сэтгэлд хоногшиж чадсан. Өнөөдөр Монголын кино урлаг бор зүрхээрээ явж байгаа. Сайн, муу бүтээлүүд төрж байна. Харамсалтай нь, мэргэжлийн бус түвшинд хийгдэж буй кинонууд эргээд сайн хийсэн дэлгэцийн бүтээлийнхээ нэр хүндийг унагах хандлагыг нийгэмд ихээр төрүүлж байна.

-Хоёулаа таны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Тэнгэрийн сахил” киноны талаар ярья. Та энэ кинонд нэгдүгээр курсийн оюутан байхдаа тоглосон гэв үү?

-Тэгсэн. Би нэгдүгээр курсээ төгсөөд, хоёрдугаар курст суралцах намраа анхны “Тэнгэрийн сахил” кинонд тоглож байлаа. Энэ кино маань улсын “Монгол” кино үйлдвэрийн улсын төсвөөр хийсэн хамгийн сүүлийн кино. Ардчилал эхлээд, 1991 онд нээлтээ хийсэн. Тухайн үед Засгийн газрын 20 дугаар тогтоол гарч, бид хөдөө зураг авалтад ороод, нэг өглөө босоод ирсэн чинь бүх юмны үнэ уначихсан байсан /инээв.сурв/. Тэр үед маш олон хүн миний дүрийн пробод орж байсан. Аз болж, энэ дүрд би тоглосон байдаг юм. Миний хувьд Ардын жүжигчин Д.Цэрэндулам, А.Очирбат гуай гээд их мундаг жүжигчидтэй хамт тоглосон. Найруулагч Ч.Жумдаан маань их айхтар хүн байсан учраас энэ кинонд сахил хүртэж байж тоглосон байдаг юм. Одоо сахил хүртээсэн зоч лам багш маань бурхан болсон доо. Уг кино маш амьдралын их философитой кино шүү дээ. Яруу найрагч Д.Төрбат гуайн “Могойн чуулган” романаас сэдэвлэсэн кино. Тухайн үедээ 1992 онд Франц улсад зохион байгуулсан олон улсын кино фестивалийн шилдэг долоон бүтээлийн нэгээр шалгарч байлаа. Жүжигчин болох гээд бэлтгэгдэж байхад минь ийм сайхан аз завшаан таарч, энэ кинонд тоглосноороо амьдралын нарийн философийг багахан ч гэсэн мэдэж, мэдэрч авсан.

-Театрын тайзнаа тоглосон таны анхны жүжиг гэвэл?    

-Би анх киноны босгоор алхахдаа зөв уран бүтээл дээр зөв хөлөөрөө алхаж орсон гэж боддог. Тэрэнтэй адилхан Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглосон анхны дүр маань их азтай. Бид театрт ороод Ардын жүжигчин А.Очирбат гуайн “Баавгай дуулах уу” хүүхдийн дуулалт жүжигт шууд тоглосон. Мэргэжлийн багш маань Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү багш, найруулагчаар нь И.Нямгаваа найруулагч маань ажиллаж байсан. Мөн Хүүхэд, залуучуудын театр гэж билетэд нь хүмүүс хонож оочерлодог сайхан театр байлаа. Би тэр жүжигт үнэгний дүрд дуулж, тайзнаа гарч байлаа.

-Танд “Гэгээн муза” шагнал авчирсан “Харц хатан” дуулалт жүжгийн Сэржмядагийн дүр бас жүжигчин хүнээс жүжиглэлтээс гадна дуулах ур чадвар шаардсан. Та энэ дүрийнхээ талаар “Их зовлонтой дүр” гэж хэлсэн байдаг?

-Уран бүтээлч хүн өөрт байгаа бүхий л потенциаль болон байхгүй юмаа ч гэсэн бий болгож, уран бүтээл дээр ажиллана гэдэг маш сайхан. Өнөөдөр зүгээр нэг “Ихэмсэг хатны дүрд тогло” гэвэл жүжигчин болгон өөр өөрийнхөө өнцгөөс тоглож чадна. Надад жүжиглэхээс гадна тэр том ари дуулаад тоглоно гэдэг маш хүнд байсан. Тэгээд уйлаад дуулна, баярлаж дуулна гэж нэг хэцүү. Миний хувьд өөрийгөө нэлээд шавхаж байж энэ том дуулалт жүжгийн ард гарсан. Жүжигчид маань жүжгийн анхны уншлагаас эхлэн таван сар гаруй хугацаанд дууны сургалтдаа сууж, бэлтгэсэн. Драмын жүжигчин хүн тэр том ари дуулаад, ийм сайхан дуулалт жүжигт тоглоно гэдэг бас л аз юм. Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч маань миний дуулах авьяасыг олж хараад, надад энэ дүрийг өгсөн нь итгэл найдвар шүү дээ. Багш маань “Энэ дүрийг Эрка л чадна” гэж бодсон болоод надад өгсөн. Миний хувьд багшийнхаа итгэлийг алдалгүй энэ дүрээрээ “Гэгээн муза” наадмын дуулалт жүжгийн эмэгтэй гол дүрд мэргэжлийн дуучидтай хамт нэр дэвшиж, өрсөлдсөн. Би дотроо “Харц хатан” дуулалт жүжгийн Сэржмядагийн дүрээрээ авахгүй байх л гэж бодож суусан. Харин өөрийнхөө бичсэн “Манайд амьдаръя” жүжгийнхээ Машагийн дүрээр шагнал горьдож байсан болохоос Сэржмядагийн дүрдээ нэг их найдаагүй. Миний хувьд “Харц хатан” жүжиг маань их сайхан жүжиг болсон.

“БҮСГҮЙ МИНЬ” ДУУНЫ КЛИП ТУХАЙН ҮЕДЭЭ СЕНСАЦИ БОЛЖ БАЙСАН

-Та залуудаа “Элкондор” хамтлагийн “Бүсгүй минь” дууны клипэд тоглож байсан. Тэр клипэд тоглосноос хойш залуусаас захидал их авдаг байв уу?

-Би арван жилийн сургуульд сурч байхдаа захиа авдаггүй байлаа. Арван жилийн сургуульд байхад хүүхдүүд “Тэрэнд тэр захиа өгсөн гэнэ” гэдэг байсан. Би багадаа одооных шигээ намбалаг тайван хүн байгаагүй. Их эршүүд охин байсан. Дандаа хөвгүүдтэй найзална. Хөвгүүдтэй барилдаж, байлдаж тоглоно. Тийм охинд чинь хэн захиа өгөх вэ дээ /инээв.сурв/.

“Андерсон” студийн уран бүтээлчид “Элкондор” хамтлагийн дууны клипэд тоглох санал надад тавьсан. Тухайн үедээ энэ дуу үнэхээр сенсаци болж байсан. Дуу нь ч гоё дуу. Тэр дууны клипийг хийхдээ найруулагч маань надад монгол дээл өмсгөж, морин дээр давхиулах гээд байхаар нь би “Үгүй ээ. Ямар зохиолын дуу биш. Монгол хувцастай бүсгүй минь гээд дуулахаар наалдахгүй. Тэгснээс гоё үсээ задгай тавиад, шуба өмсөөд давхия” гэдэг санал өөрөө хэлсэн. Тэр дууны клип цацагдсанаас хойш хаа нэг газар явж байхад зарим нэг залуус “Бүсгүй минь явж байна” гээд л дууг нь дуулдаг байсан. Тэгэхэд би чинь 30 нас гарчихсан, ээж болчихсон байсан. Нэг их залуудаа тэр дууны клипэд тоглоогүй ээ.

-Жүжигчин Б.Эрдэнэцэцэг гэхээр хатны дүр юм уу, ихэмсэг эмэгтэйн дүр л нүдэнд буудаг. Та өөрийн тоглосон дүрүүдээ эргээд бодохоор ямар дүрд ихэвчлэн тоглосон байх юм?

-Би Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байх хугацаандаа 100 гаруй жүжгийн гол болон туслах дүрд тогложээ. Сая уран бүтээлийнхээ нэрсийг жагсаасан чинь голдуу түүхэн жүжигт хатны дүрд тоглосон бол орчин үеийн жүжигт баян, ихэмсэг эмэгтэйн дүрд тоглосон байсан. Ер нь манай мэргэжлийн багш, найруулагчид маань намайг их дотортой жүжигчин гэж тодорхойлсон байдаг. Би өөрийгөө сорьсон, хүнд дүрүүдэд их дуртай. Эмгэнэлт драм ч юм уу, их зовлонтой дүрд их дуртай. Миний өөрөө орчуулж, жүжгийн зохиол болгон бичсэн “Манайд амьдаръя” жүжигт би нийт 15 үзэгдлийн турш нэг ч тайзнаас буулгүй тоглодог. Тэр жүжигт ДОХ-аар нас барж буй эмэгтэйн тухай өгүүлдэг. Тэр жүжгийг үзсэн хүмүүс 15 үзэгдлийн турш амьсгаа даран үзлээ гэдэг. Үзэгчдийн дунд нэг ч чимээ гарахгүй, “Яана аа, яана аа” гэсээр байгаад л дуусдаг. Би өөрийгөө дотроосоо “урж” тоглохыг хүсдэг. Өөрөөр хэлбэл надад байхгүй зүйлийг надаас шаарддаг дүрд тоглох дуртай. Би тийм темпийн жүжигчин юм шиг ээ. Миний тоглосон хөнгөн жанрын инээдмийн жүжиг харсан уу, та нар? Инээдмийн ганц л жүжигт тоглосон байдаг юм.

-Тийм үү. Ямар жүжиг вэ?

-Манай театрт 2010 онд “Красногоров-7” төсөл хэрэгжихэд “Акулуудын баг” гээд Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн багт би орсон. Найруулагчид маань В.Красногоровын жүжгээс нэг нэгийг сонгон авч, өөрсдийн багаа бүрдүүлэх төсөл хэрэгжиж, “Хунгийн дуу” жүжигт Ардын жүжигчидтэй нэг баг боллоо. Манай багт Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва, Д.Мягмарнаран ах, гавьяат жүжигчин У.Урнаа эгч бид тав ажилласан. Тэр жүжигт У.Урнаа эгч бид хоёр зургаан хүүхний дүрийг гурав гурваар нь хуваан авч, найруулагчаасаа “Гурван өөр дүр гаргаж тогло” гэдэг даалгавар авсан. Тухайн үед найруулагч маань зургаан хүүхэн авч болох байсан ч бид хоёрт ингэж дүр өгсөнд нь их баярладаг юм. Багш маань жүжигчин хүнийг нээж, хөгжүүлэх талаас нь анх удаа инээдмийн дүрд тоглуулсан. Багш “Чи чадна. Инээдэм гэдэг чинь жүжигчин хүн дотроосоо хэдий чинээ үнэн тоглоно. Тэр чинь л инээдэм болно” гэж хэлсэн. Тэр жүжигт нээрээ л ганц ч дүрд үзэгчид намайг таниагүй. Жүжгийн төгсгөлд үзэгчидтэйгээ ёслоход одоо бурхан болсон Д.Маамхүү багш маань гартаа нэг сникерс барьчихсан “Миний охин мундаг байсан” гэж хэлж билээ. Миний ганц инээдмийн дүр бол тэр.

-Эсрэг дүрд тоглосон жүжиг, кино байна уу?                    

-Би жүжигт ганцхан удаа л эсрэг дүрд тоглосон байдаг юм. Жүжигчин О.Энхтуул бид хоёр өөрсдөө захиалж, яруу найрагч Б.Лхагвасүрэн ахаар бичүүлсэн “Чимээгүй шөнө“ жүжигт хааны их хатны эсрэг дүр гаргасан. Би уг нь эсрэг дүрд тогломоор байвч найруулагчаас дандаа эерэг дүрд авдаг. Киноны хувьд одоо эргээд бодохоор 40 гаруй дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүрд тоглоод байна. Тэр дундаас “Андерсон” студийн хийсэн “Нар ойрхон жаргадаг” шоронгоос оргож, ойд бүгсэн шуналтай хүүхний дүрд эсрэг дүр бүтээсэн. Тэр кино одоо ерөөсөө гарахгүй юм. Сүүлд “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит уран сайхны кинонд хар тамхины бүлэглэлийн босс эмэгтэйн дүрд тоглосон юм байна. Найруулагч маань уран бүтээлчидтэйгээ “Яаж Б.Эрдэнэцэцэг тэр эсрэг дүрд тоглож чадах юм бэ” гэж хоорондоо маргалдаж байсан гэдэг.

-Таны үед галтай цогтой нэгэн үеийн эмэгтэй уран бүтээлчдийн төлөөлөл театрын тайзнаа эзэгнэж байсан юм шиг санагддаг. Гэтэл өнөөдөр драмын театрын тайзнаа тоглох эмэгтэй гол дүр олдохгүй байна уу даа гэж анзаарагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Бид хааяа нийлээд суухаараа ярьдаг юм. Нэгэн үеийн эмэгтэй жүжигчид драмын театрын гурван давхрын 25 номерт 20-иод жил амьдарлаа. Театр маань бидний хоёр дахь гэр. Театртаа л хамаг цаг хугацаагаа зарцуулна. Биднийг “25-ын шуламсууд” гэж дуудна. Их адтай хэдэн хүүхнүүд байдаг. Нээрээ л манай гавьяат жүжигчин И.Одончимэг, С.Өлзийхүү, У.Уранчимэг, О.Энхтуул, М.Оюундарь гээд нэг үеийн жүжигчид нэг өрөөнд байсан. Тухайн үедээ бид тайзыг эзэгнэж, гал шиг асаж явсан. Бүгд л театрын жүжгийн гол дүрүүдийг нуруун дээрээ үүрч, явдаг авьяастай, чадалтай, царай зүс, бие хаа гээд хүмүүсийн хэлдгээр юм юм л байсан даа. Жүжигчин С.Өлзийхүү, М.Оюундарь хоёр манай дээд талын төгсөлт, И.Одончимэг, О.Энхтуул 1989 оны төгсөлт, У.Уранчимэг маань манай доод үеийн төгсөлт юм.

Гэтэл өнөөдөр бидний үеийнхнийг цөм цохиод гал шиг дүрэлзсэн эмэгтэй жүжигчид гарч ирэхгүй байгаад гайхдаг. Бидэнд байгалиас заяасан төрөлхийн авяьас байсан юм шиг байгаа юм. Миний хувьд энэ хэдийгээ байгалиасаа төрсөн жүжигчид юм болов уу гэж бахархдаг. Гавьяат жүжигчин И.Одончимэг, С.Өлзийхүү ямар ч төрөлд хувирч чаддаг бол М.Оюундарь уран нарийн шигтгээтэй, маш ажиллагаатай жүжигчин, У.Уранчимэг, О.Энхтуул гэхэд маш хөдөлмөрч жүжигчид. Жишээлбэл, “Би эрчүүдийг хүснэ” жүжгийг тайзнаа тоглож, дуусан дуустлаа үзэгчдийг байлдан дагуулсаар байгаад л буудаг. Өнөөдөр театрын тайзан дээр харанга дэлдэж байгаад тухайн дүрээ хүмүүст хүргэж байгаа жүжигчин байна уу гэхээр асуудалтай. Одоо театртаа очоод жүжиг үзэхээр тэр жүжгийг шимтэн үзэхээс илүү “Ий одоо яана аа. Ингэчихгүй. Дуу хоолойн яасан ч хэцүү юм бэ дээ” гээд алдаа оноог нь харсаар байгаад жүжиг үзэж чадахгүй юм билээ. Тиймээс би сүүлийн үед театртаа жүжиг үзэхгүй байгаа. Дээр нь манай залуу уран бүтээлчид ганц нэг жүжигт тоглоод “Одоо би болчихлоо” гэсэн шиг “оддын өвчин” туссан харагддаг. Аливаа уран бүтээлч хийж байгаа бүтээлдээ ханаж цадахаа мэдэхгүй л шунах ёстой.

-Жүжигчин Б.Эрдэнэцэцэг эгч саяхан ачтай болсон гэж дуулсан. Үнэн үү?

-Тэгсэн. Саяхан ачтай болсондоо баяртай байгаа. Хүү маань хууль эрхзүйн чиглэлээр суралцаж, сургуулиа төгссөн. Гэхдээ одоо мэргэжлээрээ ажиллаагүй. Манай продакшны шинэ киноны Гэсэрийн дүрийг зохиолч маань манай хүүд зориулан бичсэн. Хүү минь багаасаа тулааны урлагаар хичээллэж байсан учраас тулаантай хэсэгт тоглоно. Миний хувьд анх удаа хүүгийнхээ хүслийг биелүүлж, нэг кинонд хамтдаа тоглох гэж байна.

Хүний амьдрал алдаатай, оноотой л байдаг. Хэзээ ч хүн амьдралаа математик бодож байгаа юм шиг төлөвлөдөггүй. Амьдрал гэдэг чинь тааварлашгүй оньсого. Гэхдээ оньсгоо бас зөв таалгачих ухаан, сэтгэл гэж байх ёстой. Би хүүгийнхээ ааваас холдоод 15 жил болохдоо нэгдүгээрт, өөрийгөө олж авсан. Хоёрдугаарт, энэ хугацаанд уран бүтээлчийнхээ карьерыг ахиулах, өөрийн гэсэн орон зайг бий болгоход хөдөлмөрлөж явжээ. Театрынхаа уран бүтээлээс гадна хувийн уран бүтээлийг түлхүү хийж байсан. За тэгээд зохиол, шүлэг яруу найраг оролдох гээд өөрийнхөө мэдрэмжээрээ л өдийг хүртэл явсан.

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж