Монгол, Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барихаар болжээ. Энэ төслийг Польш улсын Засгийн газрын 9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм байна.
Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Сангийн яамнаас зохион байгуулж, Польшийн “Ппэйч Мэлиорекс” компани шалгарч, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Ппэйч Мэлиорекс” компанийн захирал Михал Вашениук нар төслийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зуржээ.
Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн хоёр цэг ажиллаж, нийт 83.3 га талбай хамарч байгаа аж. Эдгээрт 2016 оны байдлаар 5 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байгааг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дунджаар 840, жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг нэгдсэн цэгт төвлөрүүлдэг байна.
Дээрх төслийн хүрээнд Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх аж.
Хоёр талын байгуулсан гэрээ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй. Гэрээнд зааснаар хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулгын ажлыг 2021 оны есдүгээр сард бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ