Шар цавд үлэг гүрвэлийн 13.600 мөр бүртгэгдээд байна | News.MN

Шар цавд үлэг гүрвэлийн 13.600 мөр бүртгэгдээд байна

Шар цавд үлэг гүрвэлийн 13.600 мөр бүртгэгдээд байна

Шар цавд үлэг гүрвэлийн 13.600 мөр бүртгэгдээд байна

Дэлхий дахинд үлэг гүрвэлийн 500 гаруй төрөл, зүйл бүртгэгдсэн байдгаас 25 орчим хувь нь өнөөгийн Монгол орны нутагт амьдарч байсан түүхтэй. Эдүгээ манай улс үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд эхний гуравт багтдаг бөгөөд 80 гаруй төрөл зүйл олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. Энэ нь байгалийн  хадгалалт сайн учраас тэр аж. Бидний сайн мэдэх Тарбозавр батаар (Tarbosaurus bataar Maleev, 1955), тэмээн хяруул төст Дейнохейрус мирификус хэмээх аварга биет үлэг гүрвэлээс өндгөө дарж байгаад чулуужсан оверавтор зэрэг дэлхийд хаана ч байхгүй олдвороор манай улс арвин.

Дэлхий нийтэд тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн олдвор түгээмэл олддог аж. Энэ төрөл зүйл цэрдийн галвын үед үржил хөгжил нь эрчимтэй явагдаж байжээ.

Тэмээн хяруул төст бүлгийн үлэг гүрвэлд хамаарагдах төрөл зүйл манай улсад анх 1960 оны сүүлээр Польш Монголын хамтарсан экспедиц нээснээс хойш зургаан төрлийн зургаан зүйлийн тэмээн хяруул төст үлэг гүрвэл тогтоогдоод байна. Энэ бүлэгт хамаарагдах зургаан өөр янзын үлэг гүрвэл нэгэн цаг үед өөр өөр идэш тэжээлтэй амьдарч байжээ. Үүнийг сарвууны хэв шинжээр нь тогтоосон нь бүгд өөр өөрийн гэсэн онцлог ялгаатай байсан аж.

Энэ талаар ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, олдвор цуглуулгын сан хөмрөгч, доктор Ц.Чинзориг хэлэхдээ “Палеонтологийн олдвор нь сая сая жилийн өмнөх хугацаагаар хэмжигддэг. Миний хувьд одоогоос 76-66 сая жилийн өмнө амьдарч байсан тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн бүлэгт хамаарагдах үлэг гүрвэлүүдийн сарвуунууд хэв шинж байдлыг судалсан. Судалгааны явцад манай улсаас олдсон тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн бүлэгт хамаарагдах зургаан зүйлийн төрөл нь бүгд сарвууны хэв шинжээрээ ялгаатай байсныг тогтоосон. Эдгээр нь нэг орчинд өөр өөрийн гэсэн идэш тэжээлтэйгээр амьдарч байснаараа онцлог” хэмээв.

Эртний амьтад оршин тогтнож байсныг чулуужсан олдвор цуглуулгаас гадна тэдний аварга мөр гэрчилдэг. Манай улсад 20 гаруй олдворт газраас олдсон үлэг гүрвэлийн мөр хадгалагдан үлджээ. Олны мэдэх Шар цавын нутагт таван төрлийн үлэг гүрвэлийн 18 мянга орчим мөр байдаг аж.

Судалгааны явцад 13.600 мөрийг бүртгэж тодорхойлсон байна. Байгаль дээр хадгалагдаж үлдсэн энэхүү түүх, соёлын дурсгалыг зөөвөрлөж хадгалах боломжгүй тул тухайн бүс нутагт байгалийн болон хүний нөлөөнөөс хамгаалах ажлыг эхлүүлсэн гэж ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, үлэг гүрвэлийн мөр, үлэг гүрвэл судлаач, докторант Б.Майнбаяр хэллээ.

Тэрбээр “Үлэг гүрвэлийн олдворт газрууд болон тухайн орчин дахь соёлын биет болон биет бус өв, байгалийн цогцолборт газрыг харуулсан зүйлийг геопарк гэж нэрлэдэг. Монгол орны хувьд үлэг гүрвэлийн яс нь мөртэйгээ цуг хадгалагдан үлдсэнээрээ онцлог. Дэлхий дахинд маш олон төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдвор олддог ч мөр нь ховор, хүн харахад  чулуу шиг байдаг бол Монголд үлэг гүрвэлийн мөр өчигдөр л гишгээд өнгөрсөн мэт хурууных нь хээ, зүг чигийн мэдээлэл нь хадгалагдаж үлдсэн байдаг. Үлэг гүрвэлийн мөрний судалгааны онцлог нь ясан биенээс авах боломжгүй мэдээллийг өөртөө хадгалж үлдсэн. Хурд, биеийн жин зэргийг мөрнөөс нь тодорхойлдог” гэсэн юм.

Б.ЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж