Амьдралдаа тэр сэтгэл хангалуун байдаг

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Амьдралдаа тэр сэтгэл хангалуун байдаг

Амьдралдаа тэр сэтгэл хангалуун байдаг

Миний бичих гэж буй зүйл нийгэмд ямар нэгэн хөндөгдөж буй асуудлын талаар биш, хэн нэгэн хүний эрх зөрчигдөж байгаа тухай биш, харин гэр бүл орчин тойрныхоо хүмүүст үлгэр жишээ болдог нэгэн эрхмийн тухай юм. Энэ хүн амьдралд тулгарсан саад бэрхшээлийн өөдөөс ухарч биш урагшилж алхдаг нь бахархууштай санагддаг.

Тэр хэзээ ч өөрийгөө саажилттай гэж голж байгаагүй, тэр хэзээ ч саажилттай төрсөндөө гутарч байгаагүй, тэр хэзээ ч ус зөөдөг гэдгээсээ ичиж байгаагүй. Ххарин түүнд энэ л амьдрал нь амьдрах итгэл бэлэглэдэг.

Өнөөдрийн нийтлэлийн гол баатраар минь “Жижигхэн бор биетэй, бүлтгэр бор нүдтэй, өтгөн хар хөмсөгтэй, ялимгүй халзарсан үстэй, дух хэсгээрээ ганц, хоёр үрчлээтэй эрхмийг сонгож авлаа. Энэ хүн бол миний ах. Миний ахыг Золзаяа гэдэг. Анх 1980 оны 12 сард айлын хоёр дахь хүүхэд болон мэндлэхдээ нэг хөл нь саажилттай төрсөн ч эмч нарын болгоомжгүй үйлдлээс болоод хоёр гарны нэг нь гэмтсэнээр яваандаа тэр гэмтэл нь саажилт болон хувирсан юм.

Хэн ч байсан хөгжлийн бэрхшээлтэй амьдрахыг хүсэхгүй, магадгүй тийм төрсөндөө төвөгшөөх байсан байх. Гэхдээ энэ хүн бол хэзээ ч өөрөөсөө төвөгшөөж амьдарч байгаа орчин нөхцөлөө голж байгаагүй. Үүний нэгэн илрэл бол түүний эрхэлдэг ажил билээ. Золзаяа гэх хүний ажилд эхлэх тогтмол цаг байхгүй, амрах, цайны цаг ч байхгүй, орой буух цаг нь тодорхойгүй байдаг.

Түүний хийдэг ажлыг сайнаар хэлбэл “Захиалгат ус түгээгч” гэж тодорхойлж болно. Нэг ёсны айлууд утсаар яриад, ах минь хүмүүст хэрэгцээний усыг нь хүргэж өгдөг.

Дэнжийн 1000-ын 12 хорооны ихэнх айлуудыг өдөр тутмын хэрэгцээний усаар нь хангах түүний үүрэг. Ажлын зорилго нь илүү олон захиалагчтай болох. Өглөөний 8:00 цагт эхний захиалга ирдэг. “Эмээгийн” дэлгүүрийн урд талын ногоо хашааны голын гэрт гурван саваар ус авъя” гэх зэргээр захиалга ирнэ. Ахын маань хүмүүсээс түлхүү асуудаг асуулт нь “Хэдэн саваар ус авах вэ?, “Таван минутын дараа болох уу?” зэрэг юм.

Захиалгат ус түгээгчийн ажлын өдрийн орлого 20-30 мянган төгрөг. Нэг сав ус 500 төгрөг. Хүмүүс өөрсдөө худгаас очоод 100 төгрөгөөр авч болох хэдий ч гэртээ ус зөөлгөж авах нь тэдэнд илүү амар байдаг. Ямар ч хүн явсан аахилсаар гардаг, шороо чулуугаар дүүрэн, зэрэгцээ хоёр машин ч хэцүүхэн зөрдөг нарийхан гудмаар ах маань хүнд төмөр тэргэн дээрээ зургаан шар баллонтой усаа тавиад, инээмсэглэн айлуудад усаа түгээдэг.

Намайг анх 2005 онд цэцэрлэгт орж байхад ах маань усаа зөөж л байсан, өдгөө 13 жилийн дараа 37 настай усаа зөөсөөр л байгаа. Цаашдаа ч зөөсөөр л байх болно гэж би боддог.

Монгол Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 100 мянга гаруй, нийслэлийн хэмжээнд 34 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн  амьдардаг гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Мөн манай улсад олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс илүү, 59 мянга гаруй байдаг аж.

Монгол Улсад өөрсдөө хөдөлмөр эрхлэх боломжтой ч гэртээ эцэг, эхийнхээ тэтгэврийг харж суудаг, нэг хүний ая тал харж амьдардаг залуучууд олон байдаг. Ах маань хэдий улс эх орондоо дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй ч хэн нэгнээр тэжээлгэдэггүй, ямар нэгэн хүнээс хумсалж амьдардаггүй, өвчтэй хэдий ч эрүүл мэт амьдарч, амьдралаас хойш суудаггүй энгийн нэгэн билээ.

Би ахлах сургуульд байхдаа хир баргийн зүйлээс санаа зовдоггүй мөртөө ахынхаа хийдэг ажлаас их ичдэг байж билээ. Гудамжинд таараад хажуугаар ус зөөж явахад нь ичдэг, миний урд тэргээ түлхээд явж байхыг нь хараад намайг харчих вий гэж санаа зовдог байлаа.

Цаг хугацаа улиран өнгөрөх тусам аливаа зүйлийг ойлгодог болсон насан дээрээ ирээд ахаасаа ичих биш, харин ч ахыгаа харахаар би юу хийж, юу сурч мэдэж байгаа юм бэ гэж бодохоор ичих шиг л болдог. Яагаад ингэж бодож эхэлсэн бэ гэхээр ах минь миний хийхгүйг хийж, бодохгүйг боддог юм шиг санагддаг.

Өглөө би хичээлдээ яаран гарахдаа аягаа угаах битгий хэл, ороо ч хураахгүй явчихдаг. Орой манай гэр бүлийнхэн ажлаа тараад ирэхэд гэр цэмцгэр, гал дээр халуун хоол буцалж, гэрийн дулаахан агаар биднийг угтдаг.

Золзаяа гэх энэ хүн л байхгүй бол тэр хавийн хичнээн айлын усны хангамж тасарч, ямар олон айл хоол хийх ч усгүй болдог гэж санана. Өвлийн ид тачигнасан хүйтнээр хүмүүс автобусандаа суугаад, хичээл сургуульдаа явдаг бол ус түгээгч маань усаа түгээж л байдаг.

Орой гэртээ ирэхэд гутлаас нь хайлсан цасны ус дусаж, куртик нь ус асгасан мэт чийг дааж, эрүүн дээр нь ургасан жижигхэн сахал цантсан байхыг хараад өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс цийлэгнэдэг. Араас нь хараад ичдэг байсан бол одоо “Яана аа, уначих вий” гэж эмзэглэдэг болсон. Хажуугаар нь зөрөхдөө санаа зовдог байсан бол өлсөөгүй байгаа гэж өрөвддөг болсон.

Хүмүүс ахыг минь амьдралын төлөө тэмцэж байгаагаар хардаггүй байх гэж би хувьдаа боддог. Харин ч эсрэгээрээ архичин, гуйлгачин л гэж хардаг байх. Гэхдээ ах минь хэнээр ч өрөвдүүлж, хэнээс ч тусламж авах дургүй, баяр ёслол ч гэлтгүй энгийн үед хүмүүс юм өгөхөд хэзээ ч авдаггүй, хажуугаар нь хэнэг ч үгүй гараад явчихдаг нь миний ахын гэм биш зан билээ.

Би бодохдоо өсвөр үеийн залуус бид иймэрхүү хүмүүсээс ичих биш, харин ч энэ хүний зан аашнаас аль нь надад дутуу билээ, иймэрхүү хүмүүс амьдралын төлөө яаж тэмцэж байна вэ гэх зэрэг олон эерэг зүйлс олж хараасай гэж боддог.

Залуучууд бид эцэг эхээсээ хумсалж мөнгө нэхэж амьдарч байхаар яагаад амралтаараа  цагийн ажил хийж болохгүй гэж! Хэдий хүнд тэрэг түрээд айлуудад ус зөөж өгөхгүй ч гэсэн өөрт тохирсон ажил олоод яагаад хийж болохгүй гэж.

Ч.НАНДИНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж