“Саарал жагсаалт”-д орвол эдийн засагт том цохилт болно

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Саарал жагсаалт

“Саарал жагсаалт”-д орвол эдийн засагт том цохилт болно

“Саарал жагсаалт”-д орвол эдийн засагт том цохилт болно

Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд үе үе ганхах болсон нь нууц биш. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байгаа боловч гадаадын хөрөнгө оруулалт хангалттай түвшинд сэргээгүй, гадаад хүчин зүйлээс гадна дотоод эрсдэл өндөр байгаа энэ үед мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцооны хүрээнд ФАТФ-ийн /Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/ “Саарал жагсаалт”-д орох томоохон эрсдэл байгаа нь бидний анхаарвал зохих гол асуудлын нэг гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Монгол улс ФАТФ-ын Ази, номхон далайн бүсийн байгууллагын гишүүн. Тус байгууллагын анхны сануулгаа 2016 онд Монголд өгчээ. "Яаралтай арга хэмжээ авахгүй бол “саарал жагсаалт”-д оруулж болзошгүй"-г уг сануулгад анхааруулсан байна. Энэ бол харгалзаж үзэхгүй байхын аргагүй ноцтой анхааруулга. Өнөөгийн байдлаар ФАТФ-ын хар жагсаалтад Умард Солонгос, Иран зэрэг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа орон багтдаг. Хэрэв ФАТФ Монголыг бусад улс оронтой энэ чиглэлээр хамтарч ажилладаггүй хэмээн үзэж, хар, саарал жагсаалтад оруулбал, манай улсын гадаад төлбөр тооцоо үндсэндээ зогсох эрсдэлтэй.

Үүнээс гадна Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргээр ял авч байсан тохиолдол ганц ч байхгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо "ажиллахгүй", хэрэгжилт хангалтгүй, хийх ажил их байгааг ажиглаж болох юм. 2011 оноос хойш нийт 4345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгаснаас 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжсэн байдаг. Тэдгээрээс хоёр хэрэгт холбогдогчдын буруутайг анхан шатны шүүхээс тогтоож, шийтгэл ноогдуулах шийдвэр гаргасан ч хариуцагч талууд давж заалдсаар Дээд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгожээ.

МОНГОЛ УЛС "СААРАЛ ЖАГСААЛТ"-Д ОРВОЛ НИЙТ ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ЦОХИЛТ БОЛНО

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун “Монгол Улс аравдугаар сард ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орох эсэх асуудал шийдэгдэнэ. Түүнээс өмнө манайх мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэж хийсэн ажлаа тайлагнана.

Ирэх наймдугаар сард Ази, Номхон далайн бүсийн хурал болно. Тэр хурал дээр Монгол Улсын Үндэсний зөвлөл тайлан тавьж, саарал жагсаалтад орохгүй байх хамгаалалт хийнэ. Харин аравдугаар сард түүнийг үнэлнэ. "Саарал жагсаалт"-д орсноор бидэнд ямар эрсдэл тулгарах вэ гэхээр аливаа улс энэ жагсаалтад орвол нэн тэргүүнд харилцагч улсууд санхүүгийн системийн үйл ажиллагаанд тавих хяналтаа өндөрсгөнө. Энэ нь гадаадаас, эсвэл дотоодоос гадагш хийх гүйлгээнүүд дээр тавих хяналт нэмэгдэж, нэмэлт мэдээллүүд шаардаж, илүү чанга болно. Яагаад гэвэл "Саарал жагсаалт"-д орно гэдэг нь тэр улс дотооддоо мөнгө угаахтай тэмцэхгүй байгаагийн дохио.

Бусад орны хувьд санхүүгийн салбараа бохир мөнгөнөөс хамгаална. Тиймээс тухайн улсуудаас ирж байгаа мөнгөн урсгалд хяналт нөлөөлнө. Ийм асуудал үүсэхээр гаднын хөрөнгө оруулалтын асуудал гарч ирнэ. Товчхондоо нийт эдийн засагт нэлээд том цохилт болно. 2013 онд Монгол Улс "саарал жагсаалт"-д ороод, 2014 онд гарсан. Тэр үед манай эдийн засаг жижиг байсан тулдаа компаниудын үйл ажиллагаа, хүмүүсийн халаасанд төдийлөн мэдэгдэлгүй өнгөрсөн.

Наймдугаар сард тайлангаа хамгаалсны дараа яг ямар зөвлөмжүүд дээр ахих нь тодорхой болно. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь байгууллагын биш, тогтолцооны асуудал. Тухайлбал, мөнгө угаах зүйлчлэлээр олон хэрэг шийдэгддэг ч манайд огт сонсогдохгүй байна” гэлээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж