ОХУ 2012 оноос шар айргийг өндөр градустай согтууруулах ундааны тоонд оруулсан юм. Харин энэ шийдвэрийг өөрчлөх цаг болсон хэмээн Аж үйлдвэр, худалдааны яам үзэж, шар айргийг энэ ангиллаас гаргах хүсэлтийг Засгийн газартаа илгээжээ.
Аж үйлдвэр, худалдааны яам орон даяар худалдааг хөнгөвчлөх өргөн цар хүрээтэй ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд дээрх саналыг гаргаж байгаа аж. 2012 оны зохицуулалтаас хойш шар айрагны салбарын үйлдвэрлэл 40 хувиар буурч, олон үйлдвэр хаалгаа барьсан байна. Үүнийг даган шар айрагны борлуулалтын үнэ нэмэгджээ.
"AB InBev Efes" компанийн шинжээч Ораз Дурдыевын хэлснээр, шар айргийг ийнхүү өндөр градустай согтууруулах ундааны ангилалд оруулснаар үнэ нэмэгдэж, олдоц муудсан бөгөөд хамгийн сөрөг үр дагавартай нь хэрэглэгчид өндөр градустай, үйлдвэрийн бус газар үйлдвэрлэсэн архийг түлхүү хэрэглэх болсон аж. Согтууруулах ундааны хэрэглээний бодлого боловсруулах төвийн судалгаагаар, зөвхөн 2018 онд ийм архинд 5600 орчим хүн хордсоноос 1600 нь амь насаараа хохирчээ.
“Шар айргийн ангиллыг өөрчлөх санаачилгыг дэмжиж байна. Дэлхийн олон улс оронд шар айргийг архины төрөлд хамааруулдаггүй” хэмээн Ораз Дурдыев "РИА Новости" агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна.
Өнгөрсөн жил ОХУ-д зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шар айргийн борлуулалтад түр хугацааны зохицуулалт хийж, шаардлагыг зөөлрүүлснээр тэмцээн зохиогдсон өдрүүдэд 3,2 сая аяга шар айраг борлуулсан. Тэр дундаа алкохолгүй шар айргийн эрэлт тэр үеэр их байжээ.