“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл долдугаар сарын 22-ны 17.00 цагт эхэлсэн. Цахим бүртгэл эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулна. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлнэ гэхгүйгээр гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсаны үр дүнд бүртгүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Иргэд цахим бүртгэлээ ирэх наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой.
Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл өгөхдөө “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр батлуулсан.
Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ. Сошиалд цахим бүртгэлтэй холбоотой худал мэдээллүүд ихээр цацагдаж байна. Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл эрхээ аваагүй, байрандаа ороогүй байгааг албан ёсоор мэдэгдье. Манай байгууллагын хувьд зөвхөн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Үүний дараагаар Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэд Орон сууцны зөвлөл гэж бий. Эдгээр байгууллагууд сонгон шалгаруулалтыг хариуцан ажиллаж, давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана” гэв.
Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд өчигдрийн байдлаар 6900 хүн амжилттай бүртгүүлээд байсан бол өнөөдөр амжилттай бүртгүүлсэн хүний тоо 1000-р нэмэгдэж, эрс өсчээ.
Өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлд нийт 16 мянга 489 хүн амжилттай бүртгүүлээд байна.
А.СҮРЭН