Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргын алтан медалийг хүртсэн Э.Содномпилжээ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр 107 кг-ын жинд 247 кг-ыг өргөж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм.
“Рио 2016” Паралимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 2018 онд Азийн Паралимпийн наадмаар 244 кг-ыг өргөж, Дэлхийн болон Азийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэгвэл энэхүү амжилтаа “Нур-Султан 2019” ДАШТ-д гурван кг-аар ахиулан шинэчлээд байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт болсон хэвлэлийн хуралд түүний дасгалжуулагч Д.Баттулга хамт оролцож, мэдээлэл өглөө.
“Пара пауэрлифтингийн ДАШТ хоёр жил тутамд нэг удаа болдог. Энэ удаагийн тэмцээнд нийт 77 орны 2700 тамирчин оролцсон. Э.Содномпилжээгийн өрсөлдсөн 107 кг-д нийт 22 тамирчин өрсөлдсөн. Манай тамирчин хамгийн өндөр захиалгыг өгсөн. 244 кг-аар эхэлсэн. Түүний хувьд өмнө нь өөрийн эзэмшиж байсан Дэлхийн рекордыг 247 кг болгон ахиуллаа. Өрсөлдөөн ширүүн байлаа. Тамирчид маш том өрсөлдөөнийг үзүүлсэн. Манай тамирчин ялна гэсэн сэтгэл зүйн бэлтгэл өндөр байлаа. Тийм учраас итгэл төгс аваргын алтан медалийг авчирч чадлаа. Энэ удаагийн тэмцээнд 80 кг-д Г.Ган-Эрдэнэ өрсөлдөж, 38 тамирчнаас 28-р байранд орсон. Түүний хувьд 120 кг-ыг шахаж, өөрийн өргөж байсан амжилтаа ахиулж чадсан. Г.Ган-Эрдэнэ Э.Содномпилжээгийн шавь” гэж дасгалжуулагч, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга хэллээ.
Тэд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Таны хувьд ДАШТ-д түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан гэлээ?
-Пара пауэрлифтингийн ДАШТ-д явахын өмнө классик пауэрлифтингийн хэвтээ шаталтын тэмцээнд оролцсон. Өнгөрөгч тавдугаар сард Японд болсон ДАШТ-ээс эрүүл тамирчидтай өрсөлдөж, мөнгөн медаль авсан. Тухайн тэмцээнд 247 кг өргөсөн. Энэ тэмцээний дараа бэлтгэл дээр 250 кг-ыг өргөж байсан. Хоёр тэмцээнд ойрхон оролцсон ч энэ тэмцээнд түрүүлэх зорилгоо биелүүлж чадлаа.
– ДАШТ-д үүнээс илүү амжилтыг үзүүлэх боломж байсан уу?
-Тэмцээнд 247 кг-ыг шахаж, аваргалсан. Энэ бол тактикийн асуудал. “Токио 2020”-д бид хамгийн сайн хүч, үзүүлэлтийг гаргах учиртай. Тиймээс өмнөх тэмцээнд бүрэн гаргаж болохгүй. Бусад тамирчид мөн адил тактикийн тоглолт хийсэн.
Д.Баттулга: Өрсөлдөж байгаа тамирчдаа сайн судлах ёстой. Э.Содномпилжээгийн жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Ираны тамирчин Алиакбар Гарибши. Хоёр тамирчны хувьд маш том өрсөлдөөнийг сая гаргасан. Ираны тамирчид энэ төрөлдөө маш хүчтэй өрсөлдөгч болсон. Тиймээс тэд бүтэн багаараа оролцдог нь тэмцээн болгоноос харагддаг. Ираны тамирчдын захиалгыг маш сайн харж байж бид захиалгаа өгнө. Үүний тулд бас зааланд их зүйл болно шүү дээ. Хоёр тамирчин оролцож байгаа орны хувьд давуу талууд байдаг.
-Э.Содномилжээ бэлтгэл дээр хэдэн кг-ыг өргөж байсан бэ?
-Д.Баттулга: Бэлтгэл дээр 260 кг-ыг өргөж байсан. Гэхдээ бэлтгэл дээр хийж байгаа өргөлт тэмцээн дээр өөр байдалтай болно. Тухайн тэмцээн болж байгаа орны цаг агаар, хоолны асуудлаас болж маш их зүйл өөрчлөгдөнө. Э.Содномпилжээгийн хувьд давуу талууд их бий. Тэр яг өргөнө гэснээ өргөж чаддаг. Сая болсон ДАШТ-д маш сайн орсон. Биеийн жин ч яг таарсан.
-Пауэрлифтингийн төрлийн техник ямар байдаг вэ. Тухайн тамирчин өргөсөн жингээ хэдэн секунд барих ёстой вэ?
– Д.Баттулга: Энэ спорт техник болон дохиогоор явагдана. Штангыг өргөсний дараа шүүгчийн нарийн заавраар өргөнө. Ерөнхий шүүгч дохио өгсний дараа өргөлт эхэлж, хоёр секундэд барих ёстой. Хэрвээ хоёр секундээс илүү өргөсөн тохиолдолд дарагдсан гээд тооцохгүй. Гацах эсвэл хазайх юм бол тооцохгүй. Тиймээс өргөлт их нарийн байдаг. Бас биеийн аль нэг хэсэг хөдөлбөл тооцохгүй. Хэвтсэн чигээрээ өргөлтөө хийгээд дуусгах ёстой. Маш сайн тэнцвэрээ олж шахаж өргөлтөө тооцуулна. Энэ өргөлтийг хийхийн тулд бүх бие ажиллаж байдаг. Биеийн хувьд ч маш том өөрчлөлт гарна шүү дээ. Пауэрлифтингийн спорт маш хэцүү. Үүнийг тухайн тамирчин өөрөө л мэдэрнэ. Бүх зүйл тооцоолол дээр явна.
– Пауэрлифтингийн спорт Монголд сүүлийн жилүүдэд маш хурдтай хөгжиж байна. Энэ нь Э.Содномпилжээгийн амжилттай салшгүй холбоотой. Та бүхэн энэ спортыг хөгжүүлэхэд яаж ажиллаж байна вэ?
-Д.Баттулга: Манай пауэрлифтингийн спорт хөгжөөд 15 жил болж байна. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд манай тамирчид олон улсын тэмцээнд маш сайн явж байна. 2016 онд Бразилд болсон Паралимпийн наадмаас Э.Содномпилжээ хүрэл медальтай ирж, энэ спортыг улам таниулж өглөө. Холбооны зүгээс 19 аймагт салбартай. Жилдээ гурван улсын аварга шалгаруулах тэмцээнийг хийдэг. Хэргэлттэй, хэргэлтгүй, хэвтээ шахалтын гэсэн төрлүүдээр тэмцээнээ хийдэг. Э.Содномпилжээ Монголд болж байгаа бүхий л тэмцээнд ордог. Түүний хувьд мөн пауэрлифтингийн холбооны шүүгч. Тамирчид яагаад олон улсад амжилт үзүүлээд эхлэв гэхээр бид сүүлийн үеийн бүхий л боломжийг ашиглаж бэлтгэж байгаа. Бэлтгэлийн хувьд хангалттай хийх хэрэгсэлтэй болсон учраас амжилт гаргаад эхэлсэн. Штангийн зөрүү гарахаа больсон. Пауэрлифтингийн спортыг сонгох тамирчид олон болж, клубүүд нэмэгдсэн. Жилд 4-5 тэмцээнд яваад байвал сайжирна. Мөн шүүгчидтэй тэмцэх гээд асуудал их бий шүү.
-Тамирчид олон улсын тэмцээнд явахад зардлын асуудал хүнд байдаг. Та хоёрын зардлыг хаанаас гаргадаг вэ?
-Д.Баттулга: Э.Содномпилжээ Монгол Улсын шигшээ багийн тамирчин. Тиймээс Биеийн тамир, спортын газраас бидний зардлыг даадаг. Мөн бэлтгэл хангагч нарын зардлыг хариуцна гээд биднийг аль болох дэмжиж байна. Анагаах, эрдэм шинжилгээний төв байна. Энэ мэтчилэн Ц.Шаравжамц даргатай хамт олон маш сайн дэмжиж байна.
-“Токио 2020” болоход нэг жилийн хугацаа үлдлээ. Таны хувьд одоо ямар тэмцээнд оролцох вэ?
-Э.Содномпилжээ: Би өөрөө хоёр холбоонд харьяатай явдаг. Пара пауэрлифтинг болон IPF буюу Олон улсын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тэмцээнд оролцдог. Энэ жилийн хувьд ирэх есдүгээр сард Улаанбаатарт болох хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Мөн есдүгээр сард Испанид болох “2019 Open Classic Bench Press” тэмцээнд явна. 2020 онд Англи болон Арабад болох Дэлхийн цомын тэмцээн байгаа. Хамгийн сүүлийн тэмцээн 2020 оны дөрөвдүгээр сард байгаа. Ингээд шууд “Токио 2020”-д өрсөлдөнө. Үндсэндээ дөрвөн тэмцээнд оролцохоор болоод байна. Дотоодын тэмцээний хувьд хуваарийн дагуу оролцоод явна.
-Та бүхний хамгийн өрсөлдөөнтэй болсон тэмцээний талаар яриач. Энэ талаар үзэгчид сонирхож байгаа шүү дээ?
–Д.Баттулга: 2018 онд Индонезид болсон Азийн Паралимпийн наадам байна. Энэ тэмцээн бол үнэхээр өрсөлдөөнтэй болсон. Бид хоёрын хажууд Биеийн тамир, спортын газрын гадаад харилцаа хариуцсан дарга Н.Оюунбат байсан. Э.Содномпилжээгийн жин бусад тамирчдаас илүү гарсан бас тэнд очоод монгол хоолоо идэж, өрөөнөөсөө гарахгүй байсаар тэмцээнд оролцсон. Мэдээж, өрсөлдөгч тамирчдаасаа 10 кг-аар илүү буюу 235 кг-аар захиалгаа өгсөн. Бидний захиалгыг хараад Индонезид очсон Монголын Паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү даргаас эхлээд гайхсан улс их байлаа. Гэхдээ бидэнд боломж байгааг анзаарсан. Энэ бол бас нэг тактик болсон шүү. Ираны багийг харахад хоёр тамирчинтай хэр нь 10-аад хүн гүйгээд байдаг. Тэд Э.Содномпилжээгийн захиалгаас болж их сандарсан нь харагдсан. Бас бидэнд саад хийх багийн тоглолт ч явагдсан. Гэхдээ энэ бүгдэд автахгүйн тулд бид хоёр бүхий л боломжоо ашиглаж, өргөлтөө амжилттаа хийсэн. Энэ тэмцээн болохоор үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үйл явдалтай өрнөж байсан. Энэ удаагийн “Нур-Султан 2019” ДАШТ мөн өрсөлдөөнтэй болсон. Бид мөн л Ираны тамирчид болон багийн нөхдийн тоглолтын эсрэг амжилттай байж чадлаа. Энэ мэтчилэн тэмцээн бүр өрсөлдөөнтэй, бас ярих зүйл ихтэй болдог.