"Сумын Засаг даргыг иргэдээс сонгох нь холбооны улсуудын систем"

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

"Сумын Засаг даргыг иргэдээс сонгох нь холбооны улсуудын систем"

"Сумын Засаг даргыг иргэдээс сонгох нь холбооны улсуудын систем"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой хэлэлцүүлэг дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбогдох хэсгийг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд нийслэлийг онцгойлон авч үзэж доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд хуваан үзэхдээ хотыг нэмэх, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар Улсын Их Хурал шийдвэрлэдэг байх” зэрэг нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд "Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж, Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгох" зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбогдох өөрчлөлтүүдтэй сум, орон нутгийн удирдлагууд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН: ЗӨВХӨН ҮНДСЭН ХУУЛИАР ГАНЦ ХОЁР ҮГ, ҮСГИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭД БҮХ ЗҮЙЛ БОЛЧИХЛОО ГЭСЭН ҮГ БИШ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Үндсэн хууль зэрэг олон хуулиар хот тосгоны эрхзүйн асуудлууд зохицуулагддаг. Дүүргийг хот болгох, дагуул хотууд бий болгох, хотын эрхзүйн байдлыг тодорхой болгох зэрэг Үндсэн хуулиар тодорхой болгох асуудал олон бий. Дүүргүүдийг хот болгох зарчимд санал нэгдэж байгаа. Зөвхөн Үндсэн хуулиар ганц хоёр үг, үсгийн өөрчлөлт хийгээд бүх зүйл болчихлоо гэж ойлгож болохгүй. Учир нь бусад дагалдах хуулиудад нийслэл, дүүрэг, сумын аль, аль нь өөрсдөө төсөв орлогоо бүрдүүлдэг, татвар орлогоо зарцуулдаг бие даасан эрх үүрэгтэй байх ёстой. Энэ нь байхгүйгээс өнөөг хүртэл хот, тосгоны хөгжил урагшлахгүй, асуудлаа бие дааж шийдэж чаддаггүй, аль алинаасаа хараат байгаа нь асуудлын гол юм. Хоёрдугаарт,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиар нутгийн удирдлагын байгууллага буюу сум, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагааг тогтвортой болгож байж хот тосгон хөгжилд хүрнэ. Өнөөдөр үйл ажиллагаа нь тогтвортой бус, цаг үеийн байдлаар хуралддаг, төлөөлөгчид нь давхар ажил хийдэг, орон нутгийн хөгжлийн бодлогод судалгаа, тооцоо хийж тогтмол ажилладаггүй нь том учир дутагдлын нэг. Тиймээс дагалдах хуулиудад төсөв санхүүгийн эрх мэдэл, орлогын бүрдүүлэлт, бие дааж өрсөлдөх чадвараа шийдсэнээр бусад асуудлууд шийдэгдэх боломжтой.

Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгох нь эрх мэдэл, хууль эрхзүйн зөрчилдөөн үүснэ. Тухайн Засаг дарга "Би иргэдээсээ  сонгогдсон, асуудлаа мэднэ гээд" байвал төрийн нэгдсэн бодлого алдагдана.

Дээрх заалтыг эргэн харж нэгдсэн зохион байгуулалт, удирдлага дор явуулах нь зүйтэй. Өнөөдөр үүний бодит жишээ болох Налайх, Багануур дүүргийг дагуул хот болгосноор захирагч нь иргэдээсээ сонгогдож, Засаг дарга нь төлөөлөгчдөөсөө сонгогдож хоорондоо төсвөө булаацалддаг, иргэдийн өмнө очихоор хэн нь юу хийхээ мэддэггүй ийм асуудал үүсчихсэн.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ТҮМЭНБАЯР: СУМЫН ИТХ ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛГООГҮЙ АТЛАА ОГЦРУУЛАХАД ОРОЛЦОХ НЬ ЗӨРЧИЛДӨӨНТЭЙ ЗААЛТ

Парламентын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд орон нутгийн томилгоонд тусгагдсан саналуудын зарим заалттай нь санал нийлэхгүй байна. Тухайлбал, Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгох нь учир дутагдалтай.

Иргэдээс сонгогдсон сумын Засаг дарга аймгийнхаа Засаг даргатай яаж уялдах уу гэдэг нь асуудалтай. Учир нь аймгийн Засаг дарга нь  томилоогүй. Гэтэл сумын ИТХ Засаг даргыг томилгоогүй атлаа огцруулахад оролцох нь зөрчилдөөнтэй заалт.

Ард түмнийхээ дунд нэр хүндтэй хүн сумын Засаг даргаар сонгогдлоо гэхэд сумын ИТХ нь эсрэг намынх тохиолдолд аль болох иргэдээс сонгогдсон Засаг даргыг огцруулахыг илүүд үзнэ. Яагаад гэвэл огцруулах эрх нь ИТХ-д бий. Огцруулсны дараа нь бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах сумын  Засаг даргыг аймгийн  Засаг дарга томилохдоо өөрийн хүнээ томилно. Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналыг харгалзан Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн дэмжихгүй байна. Тухайн орон нутгийн иргэдийн санал өгөх эрхийг нь хааж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг Засгийн газарт өгч байгаа нь буруу. Магадгүй нэг өглөө босоод сэрэхэд манай аймгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөгдсөн байх боломжтой болж хувирна. Энэ тохиолдолд ардчиллын зарчим алдагдана.

Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Т.ГОНЧИГДОРЖ: БАГ, ХОРООНЫ ИТХ-Д СУМЫН ИТХ ОРОЛЦОХ НЬ СӨРӨГ ТАЛТАЙ

Нутгийн удирдлагын чиглэлд шат шатны ИТХ-ын бүрэн эрхийн асуудлыг маш сайн авч үзэх ёстой. Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд  Аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг таван жилийн хугацаагаар сонгоно гэсэн атлаа Сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацааг тусгаагүй байгаа юм. Аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа таван жил, сумын ИТХ дөрвөн жил болоод тарах юм уу. Энэ дунд нь ямар зохицуулалт хийх үү гэдэг нь тодорхой бус байна.

УИХ-ын гишүүдийн хуулийн төслөөс “Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ” гэсэн заалтыг хасах санал гаргасан гэж байна. Хэрэв хасахгүй бол уг санал шат, шатны ИТХ-ын төлөөлөгчдийн хүлээн зөвшөөрөхгүй асуудлын нэг мөн. Мөн хуулийн төслийн 59.4-д Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан, эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана гэсэн нь буруу. Одоогийн Үндсэн хуулиар шат шатны ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхэд аль ч шатны ИТХ оролцохгүй байна гэсэн заалт үйлчилдэг. Хэрэв дээрх санал батлагдвал Баг, хорооны ИТХ-д  сумын ИТХ оролцох нь сөрөг талтай.

УЛС ТӨР СУДЛААЧ О.ЧУЛУУНБИЛЭГ: СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ИРГЭДЭЭС СОНГОХ НЬ ХОЛБООНЫ УЛСУУДЫН СИСТЕМ

Судлаачийн хувьд хуулийн төслөөс хоёр том эрсдэлийг харж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны асуудал үндсэндээ устгагдах асуудал яригдаж байна. Хоёрдугаарт, Сумын Засаг даргыг иргэдээс сонгох нь холбооны улсуудын систем юм. 330 сумын Засаг даргыг иргэд нь сонгодог болбол удалгүй 330 холбооны систем рүү орох эрсдэл үүснэ.

Өнөөдөр манайд хоёр төрлийн буюу төрийн сонгууль, төрлийн сонгууль гэж болдог. Төрийн сонгууль нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль. Төрлийнх нь орон нутгийн сонгууль. Тухайн сумандаа хамгийн их хамаатан садан,  ураг төрлийн хэлхээтэй хүн сумын ИТХ-ын төлөөлөгч, Сумын Засаг дарга болдог. Гэтэл үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хуульчилж өгөх нь.

Хоёрдугаарт сумын Засаг даргыг иргэдээс шууд сонгосноор санхүүгийн эрх мэдлийг нь нэмэгдүүлнэ. Төрөөс явуулж буй бүх хөгжлийн бодлого, уул уурхайн төслүүд тухайн суманд зогсдог болно. Өөрөөр хэлбэл, 330 жижиг Ерөнхий сайдтай болох бүтэц рүү орно. Мөн ялсан намын Ерөнхий сайд Аймаг, нийслэлийн Засаг даргыг томилдог болсноор нутгийн өөрөө удирдах ёс алга болж, цаашлаад ардчилалд эрсдэл нүүрлэнэ. Шулуухан хэлэхэд манайх Оросын систем рүү орох нь.

Хэлэлцүүлэгт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 21 аймгаас 38, нийслэлийн есөн дүүргээс 16 оролцогч, түүнчлэн зарим сум, баг, хорооны төлөөллүүд, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс хэлэлцүүлгийн нээлтэд 120 гаруй нь хүрэлцэн иржээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж