Банкуудын “боловсон хулгай”

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Банкуудын “боловсон хулгай”

Банкуудын “боловсон хулгай”

Өнөөдрийн байдлаар Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банк байна. Эдгээр банк сарын суурь хураамж, интернэт үйлчилгээ, орлого, зарлага, банк хоорондын гүйлгээ, үлдэгдэл шалгах, хуулга авах, пин код солих зэрэг үйлчилгээнд иргэдээс тодорхой хэмжээний шимтгэл авдаг. Үүнийг эсэргүүцэж, санал гомдлоо илэрхийлэх иргэд олон байна. Арга ч үгүй юм. Европын холбооны улсууд, тэр дундаа Итали улс дээрх үйлчилгээнд ямар ч шимтгэл авдаггүйн дээр аль ч улсын банк руу үнэгүй гүйлгээ хийдэг аж.

Гэтэл манайд тухайн банкны өөрийнх нь АТМ-ээс мөнгө авахад, банк дотор гүйлгээ хийхэд хүртэл шимтгэл авдаг. Үйлчилгээний төрлөөс хамаараад шимтгэл 50-500 төгрөгийн хооронд байна. Энэ сэдвээр иргэд бухимдлаа илэрхийлэн цахим хуудаснаа бичих нь элбэг. Жишээлбэл, иргэн Т.Гантулга картаасаа 5000 төгрөг авахад 200 төгрөгийн шимтгэл авсан тухай бичсэн байхад Н.Оюун-Эрдэнэ “Энэ юу ч биш, зарим банк ямар ч гүйлгээ хийгээгүй байхад өдөрт 50, 100, 200 төгрөг аваад байх юм” гээд баримтыг зургаар үзүүлжээ. Өөр нэгэн иргэний баримт дээр 500 төгрөгийн гүйлгээ хийхэд шимтгэл нь 2000 болжээ. Мөн ухаалаг банк үйлчилгээний талаар бичсэн иргэн “Өмнө нь ухаалаг банкны жилийн төлбөр 10 мянган төгрөг авдаг байснаа больж, шинэчлэгдээд нэг удаагийн гүйлгээнд 100 төгрөг авдаг болсон. Өдөрт би багадаа 10 удаа гүйлгээ хийхэд 1000 төгрөг болж байна. Тэгэхээр би жилдээ 365 мянган төгрөгийг зөвхөн шимтгэлд өгч байна гэсэн үг. Энэ бол луйвар” хэмээжээ. Энэ мэт жишээ сошиал орчноор дүүрэн.

Арилжааны банкуудаас энэ талаар тайлбар авах гэсэн боловч бүгд татгалзлаа. Олон нийттэй харилцах албаны зүгээс “Танд үйлчилж буй учраас шимтгэл авах нь зүй юм. АТМ буюу “automat teller machine”-ны хувьд гаалиар оруулж ирж, байрлуулахаас эхлээд техник технологи, аюулгүй ажиллагаа, эвдрэл гэмтэл засах, цэвэрлэгээ арчилгаа гээд өртөг ихтэй. Харин интернэт банк буюу цахим үйлчилгээ нь цэвэр технологи дээр суурилсан бөгөөд хөрөнгө оруулалт, дата бааз, программ хангамж, сүлжээний өргөтгөл, ажиллагсдын цалин гээд ялгаагүй өндөр үнэтэй. Энэ бүхнийг ашиглаж үйлчлүүлэгчдийн цаг зав, мөнгийг хэмнэсний төлөө шимтгэл авдаг” хэмээн тайлбарлаж байлаа.

Үүнийг Монголбанкны зүгээс зохицуулах боломж байдаг эсэх талаар тодруулахад “Бид арилжааны банкны тогтвортой үйл ажиллагаанд хяналт тавьдаг болохоос дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй, хуулиндаа энэ тухай заасан байдаг” гэсэн юм.

Монгол улсын Банкны тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 11-р зүйлийн 11.3. Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно хэмээн заажээ.

Хамгийн гол нь иргэдийн бухимдал төрүүлээд буй зүйл бол цахим, ухаалаг банк үйлчилгээнд шимтгэл авч буй явдал юм. Үүний тайлбар нь Монголбанк арилжааны банкуудаас банк хоорондын гүйлгээний шимтгэл гэж 160 төгрөг авдагтай холбоотой гэнэ. Үүнийг Монголбанкны зүгээс дата бааз, программ хангамж, сүлжээний өргөтгөл хийх үйлчилгээтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр арилжааны банкууд ийм шимтгэл Монголбанкинд төлдөг учраас цахим, ухаалаг үйлчилгээндээ шимтгэл авдаг байх талтай.

Гэтэл Европын улс орнууд уг үйлчилгээнд иргэдээс ямар ч шимтгэл авахгүй болоод удаж байна. Тэд технологийн эрин үед иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх бүхий л талыг ашигладаг. Тухайлбал, банкууд дундаа нэг АТМ буюу автомат мөнгөний машинтай. Ингэснээр банк хоорондын гүйлгээний шимтгэл үгүй болж байна. Хэлэлцээрийн ширээний ард сууж, хамтарч байна. Гэтэл Монголын арилжааны бараг бүх банк тусдаа АТМ-тэй, банк хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа байхгүй. Дээр нь Төв банк арилжааны банкуудаа дэмжих бус холбогчийн үүргээр үйлчилгээний шимтгэл авна. Энэ  бүхний үр дүнд иргэдийн мөнгөө хий хоосон урссаар л байна.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж