УИХ дахь МАН-ын бүлэг, мөн МАН-ын Удирдах зөвлөл АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцээд Засгийн газраас гарах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ.
Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Сүүлийн 14 хоногийн турш АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг Засгийн газраас гаргах асуудлыг ярьж байгаа. Уг нь 2014 оны арваннэгдүгээр сард АН-аас шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг Засгийн газарт орж, хамтарч ажиллаач ээ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож 6-7 цаг Засгийн газарт хамтарч улсын ажлыг авч явах талаар санал солилцож, ярилцаж байсан. Мөн МАН-ын бага хурал хуралддаг өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамтарч ажиллах саналуудыг тавьж байлаа. Энэ саналуудыг үндэслэж МАН-аас Засгийн газарт хамтарч ажиллая гэдэг шийдлийг гаргасан. Засгийн газарт хагас жил шахам хамтарч ажиллалаа. Харамсалтай нь богинохон хугацааны дараа АН, түүний дээд байгууллага болох Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газраас МАН-ыг гаргах нь зүйтэй гэдэг чиглэлийг өглөө. Бид ийм богино хугацаанд Засгийн газраас гаргана гэж бодож байгаагүй. Улс орны эдийн засгийг сайжруулж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар дорвитой ажлуудыг хамтран хийж, бодитой үр дүнд хүргэж ажиллана гэж бодож байсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөл намынхаа даргыг Говь-Алтай, Завхан аймагт ажиллаж, намаасаа сонгогдсон Ерөнхий сайдыг гадаадад томилолтоор айлчилж байхад гэрээг дүгнэж, шийдвэр гаргалаа. Гэрээний дүгнэлт дээр МАН, АН-аас өөр байр суурьтай байгаа. Зөвхөн томилгоо хийлээ, төрийн ажлыг гацааж байна гэдэг зүйлийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл ярьж буй. Бид Засгийн газар хамтарч байгуулсан гэрээнд тусгагдсан асуудлуудыг зүйл заалт тус бүрээр нь хэлэлцэн ярилцаж, ажлыг яаж эрчимжүүлэх вэ гэдэг талаар байнга ярьж ирсэн. Улс орны эдийн засгийг хямралт байдлаас гаргах төлөвлөгөөг боловсруулахад бид 50 асуудлыг дэвшүүлэн тавьж, МАН санаачлан батлуулж, хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах ёстой гэж үзэж байгаа. Мөн 2017, 2018 онд Монгол Улсад ирэх өрийн их дарамтаас гарахын тулд өнөөдөр бид ямар бэлтгэлийг хийх ёстой вэ гэдгийг хоёр талаас ярилцаж байгаа.
Тавантолгой төслийг урагшлуулан хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Харамсалтай нь, энэ бүх ажил бидний санасан, бодсон хэмжээнд урагшилж чадахгүй байгаа. Гэхдээ урагшлаагүй энэ бүх байдал АН, түүний УИХ, Засгийн газрын гишүүдтэй салшгүй холбоотой юм. Учир нь энэ асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хэсгүүдийг АН-аас томилдог. Жишээлбэл, Тавантолгойн орд газрыг урагшлуулах асуудал дээр МАН-ын бүлэг гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэн түргэн шуурхай хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Бүтэн 3 сарын турш энэ хуулийн төсөл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зөрчилтэй байдлаас болоод хэлэлцэгдэхгүй байсаар хаврын чуулган хаагдахын өмнө Засгийн газар төслөө татаж авсан. Оюутолгойн гэрээний талаар Ерөнхий сайдаас асууж тодруулах зүйл бидэнд байсан. Харамсалтай нь асуух боломж, бололцоо олдсонгүй. Ерөнхий сайд гадаадад томилолтоор яваад байсан.
Үндсэн хууль, Сонгуулийн хууль, болон Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх тал дээр бид санал нэг байсан. Энэ хуулиудын ажлын хэсгийг АН-ын бүлгийн гишүүд ахалж ажилласан. Ингээд эдгээр хуулийн төслүүдийг хойшлуулах шалтаг, шалтгаан хайдаг байсан. Тухайлбал, АН-ын бүлэг долдугаар сарын 1-н гэхэд Сонгуулийн хуулийг батална гэж байсан ч өнөөдрийг хүртэл өргөн бариагүй байна.
Бид хаврын чуулганаар хэлэлцсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн нэг л заалтыг эсэргүүцсэн. Энэ нь Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өндөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил гаргахтай холбогдсон заалт байсан. Үүнээс бусалд зүйл заалт болон улс оронд шаардлагатай байгаа хуулиудыг батлахын төлөө ажилласан. Гэхдээ үг дуугүй бүгдийг нь батлахгүй. Алдаатай зүйлсийг нь засах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Хамтарсан гэдгээрээ ам үдүүлсэн мэт суух нь буруу.
Орон нутгийн түвшинд ч хамтран ажиллах талаар тохирсон зүйлс байсан. Харамсалтай нь, энэ гэрээ өнөөг хүртэл хэрэгжээгүй. Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймагт болсон ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд ялсан хүмүүс бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх, мандатаа өнөөг хүртэл аваагүй байна. Ийм учраас энэ Засгийн газрын ажилласан хугацаанд хийж, хэрэгжүүлж чадаагүй бүх зүйл МАН-аас болсон гэж дүгнэх нь буруу.
Мөн МАН төрийн албан хаагчдын хомроголон халж байна гэсэн мэдээлэл түгээсэн. Бид төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, авах асуудлыг Төрийн албаны хуульд үндэслэн хийж байгаа. Тухайлбал, МАН 500-600 хүн халсан гэж байна. АН-ын сайдын ажиллаж байгаа яаманд ч албан хаагчид халагдаж байгаа. Нийт халагдсан хүмүүсийн 30 хувь нь АН-ын фракциудын дотоод зөрчлөөс болж халагдсан.
Өмнөх Засгийн газрын үед төрийн албан хаагчдын томилгоо Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна гэсэн үнэлгээ ч гарсан. Энэ ор үндэстэй. Бүхэл бүтэн системээрээ үүрэг гүйцэтгэгч томилогдсон байсан. Үүнийг төрийн албаны хуульд заасны дагуу л засаж, залруулах ажил хийсэн. 2012-2014 онд 147000 төрийн албан хаагч 180000 болж нэмэгдсэн. Энэ 30 гаруй мянган төрийн албан хаагчид төдийлөн бэлтгэгдээгүй, дадлага туршлага муутай хүмүүс байсан. Ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр мэргэшээгүй хүмүүсийг төрийн албанд томилсноороо Монгол төрийн нүүр царай, яам, тусгай газруудын ажиллах чадавхи муудаж байсан. Үүн дээр бид хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.
Монгол Улс Олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар ажиллаж байхдаа нэг ч удаа ялагдаж үзээгүй. Гэтэл өмнөх Засгийн газрын үед арбитрын шүүхэд ялагдах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Энэ нь чадвар муутай хүмүүсийг төрийн албанд ажиллуулан, олон улсын хэмжээнд асуудлаа хамгаалуулахаар явуулснаас үүдэлтэй.
Өнөөгийн байдлаар МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын нэр дээр шүүхийн шийдвэрээр төрийн албаны хууль зөрчиж ажлаас халагдсан гэдэг нэг ч шийдвэр гараагүй. Өмнө гарсан алдаа завхралыг залруулахын тулд ажиллаж байсан. Олон түмэн ойлгож байгаа байх.
Сүүлийн үед АН-ын Гүйцэтгэх зөвлөл Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон бүрэн эрх, Засгийн газар кабинетаараа ажиллах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өөрөө санал болгож оруулж ирэх, Засгийн газраа бүрдүүлэх эрхэнд халдаж хууль бус санал санаачлага шийдвэр гаргаж байгаа.
Гаргаж байгаа шийдвэр нь мөн цаг хугацааны хувьд оновчтой биш.
Үндэсний их баяр дөхсөн, ган гачигтай, эдийн засаг хүнд, иргэдийн аж амьдрал орон нутагт доройтож байгаа цаг үед Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарыг гаргах тухай ярьсан.
МАН-ын Удирдах зөвлөл МАН-ын бүлэг энэ тухай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу МАН-д урилга илгээж, сайд нарыг нэр дэвшүүлж ажилуулсан. МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын асуудлыг Ерөнхий сайд өөрөө оруулж ирж хэлэлцүүлэх ёстой.
Хамтарч ажиллаж байгаа гэрээг зөвхөн нэг талаас биш бодитой байдлаас нь дүгнээд МАН гэрээг цуцлахад бэлэн байна гэдгээ өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ” гэсэн юм. Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Бүлгийн хурлын завсарлагаанаар та Ерөнхий сайдтай уулзана гэж байсан, уулзсан уу. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Ерөнхий сайдтай уулзсан. МАН-ын бүлэг Засгийн газраас гарах гэж байгаа шийдвэрийнхээ тухай Ерөнхий сайдад танилцуулсан. Нэг бус удаа танай намын Гүйцэтгэх зөвлөл ийм шийдвэр гаргалаа. Гурван долоо хоногийн турш яригдлаа. Бид ийм шийдвэр гаргах гэж байна гэдгээ Ерөнхий сайдад хэлсэн.
-Ерөнхий сайд юу гэсэн бэ?
-Ерөнхий сайдаас нэг их олон зүйл асуугаагүй. Манай нам гарах гэж байгаа шийдвэрийнхээ талаар л ярьсан. МАН зургаан сайдын суудалтай зууралдаад суугаад байх зүйл байхгүй. Хамтарч ажиллаад үр дүнд хүрье гэсэн бодол байсан. Нэгэнт нөхцөл байдал ийм болж байна. Та бүхэн гарах нь зүйтэй гэдэг улс төрийнхөө шийдвэрийг гаргаж байгаа тохиолдолд энэ шийдвэрийн дагуу намынхаа шийдвэрийг гаргана гэсэн.
-Ерөнхий сайд явуулахгүй гэвэл яах вэ?
-Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн асуудал. Ерөнхий сайд өөрөө л шийднэ. Манай нам Засгийн газарт зууралдаад байгаа юм байхгүй.
Г.ДАРЬ