Төв Азийн хаалттай орнуудын нэг Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан гэх мэдээлэл тархаад нэлээд хэд хонож байна.
Тэгвэл өчигдөр/2019.07.24/ түүнийг амьд гэдгийг Узбекистаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба баталсан байна. Мэдэгдэлд дурдсанаар, Гурбангулы Бердымухамедов тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй утсаар ярьж, төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна.
Үүнээс гадна Туркменистаны төв телевизийн сувгаар Бердымухамедов нийслэл Ашгабатад баригдаж буй барилгын явцтай танилцаж байгаа дүрсийг үзүүлсэн бөгөөд энэхүү дүрс бичлэг долдугаар сарын 24-нд хийгдсэн гээд Ерөнхийлөгч наймдугаар сарын 15 хүртэл амралттай байгаа хэмээн мэдээлжээ.
Анх цуурхал тарсан даруйд Москва, Бишкек дэх Туркменистаны Элчин сайдын яамнаас энэ мэдээлэл ор үндэсгүй худал хэмээн зарласан. Мөн зарим эх сурвалжууд Ерөнхийлөгчийг амралтаа авсан, амралтаараа ном бичиж, Германд эмчлүүлж байгаа өвчтэй ээжийгээ эргэхээр явсан хэмээн мэдээлсэн юм.
Гэвч саяхан түүнийг нас барсан хэмээн анх мэдээлсэн “Erkin Turkmenistan” хэмээх “Youtube” суваг дээр нэгэн бичлэг тавигдсан юм. Уг бичлэг дээр түүнийг долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд комд орж, ухаангүй байж байгаад сэргэсэн гээд, өмнө нь нас барсан гэж худал мэдээлэл тараасандаа хүлцэл өчсөн байв.
Тус улсын хэвлэл мэдээллийнхэн 12 жилийн турш улсаа удирдсан Ерөнхийлөгчийнхөө талаар өдөр бүр л мэдээлдэг ч долдугаар сарын 5-наас хойш түүний талаар мэдээлэл бараг гараагүйгээс гадна долдугаар сарын 6-нд Туркменистанд айлчилсан Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Федерика Могеринитэй ч уулзаагүй нь хачирхалтай байгаа юм. Мөн тэрбээр зургаадугаар сарын 29-нд 62 нас хүрсэн бөгөөд исламын сүмүүдэд Бердымухамедовын эрүүл мэндийн төлөө мөргөл үйлдсэн нь урьд өмнө тохиолдоогүй үзэгдэл болсон байна.
Төрийн өндөр албан тушаалтны оршуулга, олон улсын хурал цуглаан гэх мэт томоохон арга хэмжээ зохион байгуулагдах үед нийслэл хотын төр захиргааны барилгуудын гадна талыг цэвэрлэх ажил зохион байгуулагддаг ба өчигдөр ийм үйл ажиллагаа болсныг эх сурвалжууд мэдээлжээ. Тиймээс түүнийг амьд гэх мэдээлэл зүгээр халхавч байж магадгүй гэж үзэх хүмүүс олон байна.
Эх сурвалж: rferl.org, France24
Холбоотой мэдээ