Р.Раш: Транс Монголын төмөр зам нь эдийн засгийн хөгжлийн түүчээ юм

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Р.Раш: Транс Монголын төмөр зам нь эдийн засгийн хөгжлийн түүчээ юм

Р.Раш: Транс Монголын төмөр зам нь эдийн засгийн хөгжлийн түүчээ юм

ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 13-20-ны өдөр Орос-Монголын төмөр замын харилцаа,  УБТЗ-ын 70 жилийн түүхэн хөгжлийн тухай ““Дорога дружбы-Найрамдлын зам” нэртэй архивын түүхэн баримтын үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энэ үзэсгэлэнг  Оросын тал Монголын архив, төмөр замын архиваас авсан зарим материалыг оролцуулан  хариуцан гаргасан бөгөөд ОХУ-ын Төрийн төв архив, ОХУ-ын Дорно дахины судалгааны академи, ОХУ-ын Түүхийн  архив, ОХУ-ын Эдийн засгийн  архив, Эрхүү мужийн архивын агентлаг, Монгол Улсын Үндэсний төв архив, УБТЗ-ын төрөлжсөн архив хамтран зохион  байгууллаа.  ОХУ-ын Төв архив нь Ерөнхийлөгчийнхөө мэдэлд байдаг юм байна. Үзэсгэлэнг ОХУ-ын Төв архивын орлогч дарга Юрасов А.В, Монгол улмын төв архивын дарга С. Энхбаатар нар нээв. Үзэсгэлэнг зохион байгуулах ажлыг Оросын тал хариуцаж явуулжээ.

Үзэсгэлэнд Оросын хаант улсын үеэс эдүгээг хүртэлх манай улсын төмөр замын салбарын үүсэл хөгжилтэй холбоотой түүхийн ховор баримт, гэрэл зургийг дэлгэн олон нийтэд хүргэжээ.

“Улаанбаатар төмөр зам”-ын тухайд тус  нийгэмлэгийн үүсэл хөгжлийн тухай маш чухал архивын баримт, гэрэл зургуудыг хөгжлийнх нь он дарааллаар тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн байна. Үүнд манай улсын төмөр замтай холбоотой   100 гаруй баримт бичиг, гэрэл зургийг оролцуулжээ.Түүнчлэн Улаанбаатар төмөр замын 70 жилийн ойд оросын тал өндөр ач холбогдол өгсөн нь ОХУ-ын   төв архив, ГХЯ-ны Түүх баримтын газрын харъяа Гадаад бодлогын архив, Кино, гэрэл зураг баримтын төв архив зэрэг маш чухал газруудыг татан оролцуулж өөрийн сан хөмрөгөөс үзүүлсэн явдал гэдгийг оролцогчид хэлж байна. Мөн энэ үеэр  хоёр улсын Засгийн газар хоорондын архивын салбарт хамтран ажиллах комиссын 24 дүгээр ээлжит хуралдаан болжээ. Энэ талаар УБТЗ-ын зөвлөх, Монгол Улсын тээврийн зөвлөх инженер Р.Раштай  ярилцлаа.

-Ирэх сарын 3-нд төсөр замчид баяраа тэмдэглэнэ. Үүний өмнөхөн ОХУ-ын  Эрхүү хотод болсон хоёр улсын төмөр замын хөгжил, УБТЗ-ын 70 жилийн түүхэн үзэсгэлэнд та оролцсон байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Эрхүү хотноо зохион байгуулагдсан “Дорога дружбы-Найрамдлын зам” үзэсгэлэн  УБТЗ-ын  түүхэн хөгжлийн чухал  баримтуудыг нарийн судалгааны үндсэн дээр  дэлгэж гаргаснаараа уг үзэсгэлэн  маш өндөр ач холбогдолтой боллоо. Энэ үеэр 160 гаруй хуудастай, түүхэн зураг, баримтуудыг нэгтгэсэн  том   каталог гаргажээ. Тус үзэсгэлэнг Оросын түүхчдийн нийгэмлэг санхүүжүүлсэн байна. Нийгэмлэгийн дарга нь Сергей Нарышкин, урьд Төрийн думын даргаар ажиллаж байсан. Нарышкин өөрөө тус үзэсгэлэнд амжилт хүсч мэндчилгээ ирүүлсэн байлаа. Каталог нь 160 хуудастай, 150 орчим фото зураг, карт гэрэл зургуудыг оруулсан байна.  Нийтдээ ОХУ-ын 15 архивын байгууллага тус үзэсгэлэнд оролцлоо. Эрхүү мужийн архивын агентлагын дарга Сергей Овчеников, Эдийн засгийн төв архивын орлогч захирал Куратова, Гадаад явдлын яамны архивын орлогч Фетисов, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэнгийн орлогч захирал Сергей Железныков, Эрхүү мужийн амбан захирагчийн орлогч болон хариуцалагтай албан тушаалтнууд оролцлоо. Үзэсгэлэн  маш сонирхолтой, оролцогчид сэтгэл өндөр байлаа. Үзэсгэлэнгийн үеэр  Харилцан сонирхсон асуудлаар илэн далангүй сэтгэгдлээ хуваалцаж байв. УБТЗ-ын 70 жилийн түүх, Монгол Зөвлөлийн Зас гийн Газар хоорондын 1949 оны алдарт гэрээ, түүний агуулга ач холбогдлын талаар үзэсгэлэнд оролцогчид үнэн бодит дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Урьд өмнө нь хараагүй сонссогүй олон баримтуудыг нарийн судалгааны үндсэн дээр үзүүлсэн байна.  Монголын төмөр замын үүсэл хөгжлийн  тухай баримтуудыг дэлгэсэн эрдэм шинжилгээний шинжтэй гүн агуулгатай үзэсгэлэн болсноороо онцлог боллоо. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, төмөр замын жишээн дээр Монгол-Оросын найрамдлыг бэхжүүлэхийн төлөө орос нөхөд маань ихээхэн анхаарч, ач холбогдол өгч байна. Манай талаас  С.Энхбаатар тэргүүтэй архивын нөхөд  маань ихэд анхаарч ажилласан нь талархалтай. Эрхүүд сууж буй консул Л.Амарсанаа болон тус консулын ажилтнууд оролцож, баяр хүргэж үг хэлсэн болно.Ер нь бол үзэсгэлэнд ОХУ-ын 15  архивын газар, Соёлын яамд  оролцсон  нь Монгол-Оросын харилцааны чухал үзүүлэлт болсон манай зам дээр Оросын тал хэрхэн ач холбогдол өгч байгааг хариуулсан том жишээ боллоо.  Үүний дараа Халхын голын 80 жилийн ойн асуудал дээр үргэжлүүлэн ажиллах юм билээ.  Дорнод Сибирийн төмөр замын нөхөд маань үзэсгэлэнгийн ажилд маш идэвхтэй оролцлоо. Эрхүүд “Хүүхдийн төмөр зам” гэж газар бий. Жижиг оврын тепловоз вагонууд явдгаас гадна  хамгийн гол нь хамгийн  орчин үеийн мэдээлэл, технологи, сургалтын программыг 12 хүртэлх насны хүүхдүүдэд зааж сургалт явуулж байна. Тэр нь сайн дурын үндсэн дээр 2 жилийн хугацаанд үндсэн  хичээлийн хажуугаар чөлөөт цагаар явагддаг. Слюдянк  зэрэг холоос явдаг хүүхдүүдэд амралтын үеэр долоо хоногоор  үнэгүй дотуур байр, хоол хүнсээр хангадаг байна. Гүнзгийрүүлсэн сургалт гэвэл долоо хоногийн хугацаатай, дотуур байраар хангасан тохилог орчинд  явуулда. Зардлын 50 хувийг Боловсролын яам, 50 хувийг Оросын төмөр зам нийгэмлэг   хариуцдаг байна. Ерөнхий захирал нь Төмөр замын барилгын инженер залуу ажиллаж байна. Монголоос хүүхэд сургаж болох уу гэж асуухад хамтарсан төмөр зам юм чинь ямар ч асуудал байхгүй гэж хариулж байв. Жирийн гар зурагнаас орчин үеийн 300 зм цагийн хурдтай , галт тэрэгний тухай нарийн мэдээллийг 10-аад настай хүүхдүүд зурч боловсруулж байна. Эрхүү дэх төвөөс гадна РЖД-ийн өөр гурван замд  ийм сургалтын төв ажиллаж байна. Үнэхээр гайхамшиг юм билээ.  Энэ туршлагыг манай зам  авч хэрэгжүүлвэл мөн ч ирээдүйтэй улсын хөгжилд хэрэгтэй сайхан ажил болох  нь дамжиггүй.

-Эрхүүгийн төмөр замын музей маш сонирхолтой гэж дуулсан. Энэ талаар?

-Сая очиход музейгээ шинэчилсэн байна лээ. Анх Транс  Сибирий төмөр зам үүссэн цагаас эхлээд өнөөг хүртэлх хөгжлийг тод томруун бодитойгоор харуулсан байна.Байгаль  нуурын эрэг дагаж явсан төмөр зам нь уулан доогуур явсан урт богино тунел олонтой. Үзэсгэлэнтэй. Тэр хавийн төмөр зам нь  төмөр зам барих инженерлэг байдлаас гадна  урлаг  нэвт шингэсэн байдгаараа  онцлогтой. Тэр бүхнийгээ түүхчилж харуулсан байна лээ. Нэмж хэлэхэд, манай төмөр замын 70 жилийн ойд зориулсан тусгай булан гаргасан байсан. Манайд ажиллаж байсан олон  ахмадууд ирж уулзсан  уулзалтууд нь сэтгэлээ нэжж, шаваагаа ханатал ярьсан жинхэнэ нөхөрсөг, элэгсэг халуун дотно яриа болж  байлаа. Эрхүү мужийн  архивтай танилцахад маршал Х.Чойбалсангийн 1914 онд Эрхүүд сурч байх үеийн сурлагын дэвтэр нь хүртэл  дэлгээстэй байсан. Хоньчин баатар Я.Очир гуайн мал маллагааны арга туршлагыг монгол, орос хэлээр зэрэгцүүлээд тавьсан байлаа. Оросын дээр үеийн экспедицийнхэн Хархорин хотын талаар судалсан, зурсан, бичсэн материалууд ч байна. Түүхийн бичиг, баримтын хадгалалт, хамгаалалтад туйлын нарийн ханддаг нь харагдаж байна. Эх орны болоод барууны нарийн техник технологуудыг нэвтрүүлсэн байна. Тусгай зориулалтын хөргөгчид хүртэл түүхийн материалуудыг хадгалдаг юм байна. Тайлбарлагч нь Англиас бид бичиг баримтын хадгалалт хамгаалалтын талаар дутуу байгаа гэж ярьж байв.

– Манай улсын төмөр замын салбарын үүсэл хөгжлийг тухайд сонирхолтой ямар баримтууд байна?

-Манай улсын төмөр замын үүсэл хөгжил Богд хаант Монгол улсын   үе, түүнээс ч өмнөөс эхлэлтэй юм. Тэр үеийн Ерөнхий сайд Сайн ноён Намнансүрэн, Гадаад яамны сайд Чин ван Ханддорж нар 1913-1914 онд  Орос улсад айлчилж,   Оросын Цагаан Хаанд бараалхах үедээ Монгол, Оросын  харилцаа,тэр дотроо зам тээврийг хөгжүүлэх асуудлыг хөндсөн байдаг. Ялангуяа буцах замдаа Эрхүү мужийн амбан захирагчтай уулзах үеэрээ  нарийвчилсан яриа хийж байсан. 1936 онд  Ерөнхий сайд А.Амар ОХУ-д айлчлахдаа Налайхын төмөр замыг барих асуудлыг тавьж, шийдсэнээр 1938 онд  Монгол Улсад анхны нарийн царигтай төмөр зам баригдсан түүхтэй.  Монголын зүүн хязгаарт  цэрэг дайны  зориулалттай  өргөн болон нарийн царигтай төмөр замууд 1939 онд баригдаж ашиглалтанд орсон байна.Дайны өмнө маршал Х.Чойбалсан Ерөнхий сайд болж, Сталинтай уулзахдаа асуудал тавьж, Оросын тал төмөр зам барих ажлыг дэмжсэн байдаг. Гэвч  дайн эхэлсэн тул хэрэгжиж чадаагүй.  1946 онд маршал Х.Чойбалсан Сталинтай уулзахад маш талархалтай түүнийг  хүлээж авсан юм билээ. Дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн түүний дотор жирийн малчин ардууд  Оросын улаан армид өгөөмөр сэтгэлээр тусалж дэмжиж байсан. Аж үйлдвэрийн ажилчид  хоногт  16 цагаас дээш хугацаагаар ажиллаж, дулаан гутал хувцас оёж армид  нийлүүлж байсан. Энэ бүхнийг Сталин талархан дурдаж ярьсан байдаг. 1947 онд ЗСБНХУын Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч,  Наушка-Улаанбаатарын хооронд төмөр зам тавих ажлыг эхлүүлэн зөвлөлтийн ДХЯ энэ ажлыг 505 дугаар  ангиар хоёрхон жилийн дотор бариулж, улмаар 1949 оны зурагдугаар  сарын 6-нд ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурж УБТЗ-ын яруу түүх эхэлсэн байдаг.

-1949  оны  урт настай хэлэлцээрийг  Монголын талаас ямар хүмүүс оролцож хийсэн  бэ?

Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв, Ц. Сүрэнжав. Б.Дамба, Б. Ламжав. С. Янжмаа зэрэг  тэр үеийн сайчууд оролцож, хэлэлцээр хийсэн байдаг. Тэр үед маршал Х.Чойбалсангийн дэргэд Георгий Иваников, Важнов зэрэг Гадаад харилцаа, эрх зүйгээр нарийн мэргэжсэн мундаг зөвлөхүүд ажиллаж байсан нь хэлэлцээрийг том болгоход чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Өнгөрсөн сарын 6-нд  бид тэрхүү түүхэн  хэлэлцээрийн  ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, “Хөгжилд хөтөлсөн ган зам” архивын үзэсгэлэн гаргасан. Ирэх сарын 3-нд төмөр замчдын баяраар дахиж гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж