“Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт өнөөдрийн /2019.07.24/ хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгын талаарх оролцогчдын санал, байр сууриар үргэлжилсэн.
Төслийн танилцуулгуудтай холбогдуулж нийт 34 хүн санал хэлсэн бөгөөд оролцогчдын олонх нь шүүгчийн томилгоо, шүүгчдийн мэргэшсэн хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, Ерөнхий шүүгчийг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах асуудалд илүүтэй саналаа хэлж, байр сууриа илэрхийлж байлаа.
Тухайлбал, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Үндсэн хуульд шүүх эрх мэдэлтэй холбоотой оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийн чиг хандлага нь олон улсын жишиг, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны ерөнхий онол арга зүйд тулгуурласан, монголынхоо асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэж харагдаж байна. Улс төрийн хүчин, тодорхой эрх мэдэлтний хүсэл зориг шингээгүй байна. Санал нийлж бас эс нийлэх асуудлууд ч олон байна. Жишээлбэл, Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын бүрэлдэхүүнийг тодорхойлж өгч байгаа нь олон улсын жишиг, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судлаачдын анхаарлын төвд байгаа асуудлыг зөв онож, нутагшуулж байгаа юм байна хэмээн бодож сууна. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчдийг томилдог эрх олгож байгааг буруу гэж үзэж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид байх ёстой зүйл хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Харин энэ асуудалд Монголын иргэний зориг, ногоон намын төлөөлөл Ц.Цэцэнбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 бус 11 буюу сондгой тоогоор болгох шаардлагатай гэсэн саналыг хэлэв. Үүнийгээ ШЕЗ-ийн даргыг сонгохоос эхлээд тэгш тоотой бүрэлдэхүүн санал тэнцэх, хуралдаанаар хэлэлцэх асуудалд гацаа үүсэх эрсэлдэлтэйг тайлбарлахын зэрэгцээ ШЕЗ-ийн бүрэлдэхүүний 5-ыг нь шүүхийн байгуулагаас, үлдсэнийг нь иргэдийн төлөөллөөс сонгох шаардлагатай гэж байлаа. Мөн тэрбээр, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 51.1-д заасан заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүний тоог 21 гэж заасан үндэслэл нь тодорхой бус байгаа учир үүнийг ерөнхий болгож, Шүүхийн тухай хуулиар зохицуулах боломжтой гэж байлаа.
Хуульч Н.Цэдэнбалжирын хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Үндсэн хуулийн цэцийн талаар дэвшилттэй заалтуудыг тусгасан байна. Зарим асуудлыг сайжруулах шаардлагатай. Төсөлд хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан гэж заажээ. Хуульчид хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан гэж ойлгодог боловч УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилдог туршлагыг харвал энэ заалтын шалгуурыг таслалыг нь хараад хоёр өөр агуулгаар харна. Иймд хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийн ард дахь таслалыг авч хаях шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн тэрбээр Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 49.7-д тусгасан Шүүхийн хариуцлагын зөвлөлийн шалгуур, бүрэлдэхүүнийг тогтоож өгснийг дэмжиж байгаа ч, эдгээрийг томилох субьектыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналтай байлаа.
Мөн хуульч Ш.Түвдэнбалжир саналаа хэлэхдээ, Улсын дээд шүүхийн шүүгч судалгаа, анилиз хийх шаардлагатай байдаг учир ажлын байрны шалгуурыг өндөрсгөх саналтай байгаагаа дурдав. Тухайлбал, анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд 10-аас доошгүй жил ажилласан байх, эрдмийн зэрэг, цолтой байх шалгуурыг тавих гэх мэт. Мөн шүүхийн хариуцлагын зөвлөлийн гишүүнийг шалгуурыг ч өндөрсгөх шаардлагатай гэж байлаа. Харин Монголын эх орончдын намын төлөөлөл Г.Ганбат төсөлд Шүүхийн хариуцлагын зөвлөлийн 9 гишүүнийг томилох субьектыг тодорхой зааж өгөх шаардлагатай гэсэн бол "Монгол" дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 5 жил тутам аттестачлах, Улсын дээд шүүхийн шүүгчдийн 7-г нь хөндлөнгөөс томилдог болох зэрэг саналуудыг хэлж байлаа.
Үндсэн хууль бол хүний эрх, үндсэн эрх чөлөөг хангахын тулд тогтоодог баримт бичиг. Дэлхий нийтийн хандлага ч ийм. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хамгийн чухал инстутици бол шүүх эрх мэдэл байдаг. Шүүх эрх мэдлийнхээ хараат бус бие даасан байдлыг хангаж чадахгүй, Үндсэн хуулийнхаа түвшинд баталгаажуулахгүй бол Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгцээ, шаардлага огтхон ч байхгүй. Тиймээс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахын цаад агуулга нь хүний эрх, үндсэн эрх чөлөөг хангах баталгаа бүрдэх юм гэдгийг хууль зүйн ухааны доктор, судлаач А.Бямбажаргалын хэлсэн үгэндээ тэмдэглэсэн. Тэрбээр, өнгөрсөн 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийн цэц хараат бусаар, Үндсэн хуульд заасан чиг үүргээ биелүүлж чадсан уу гэдгийг асуултыг бид зайлшгүй тавих хэрэгтэй. Цэцийн гишүүд өнөөдрийнх шиг томилогдоод байвал Үндсэн хуулийн цэцээс юу ч хүлээх хэрэггүй гэдэг нь маш олон судалгаагаар харагдсан. Улстөрчдөд үйлчилдэг Үндсэн хуулийн цэцтэй байгаа тохиолдолд бид Үндсэн хуулийн суурь үндсэн зүйлийг баталгаатайгаар хангаж, эдэлж чадах механизм бүрдэхгүй. Учир нь Үндсэн хуулийг цаас болгохгүй байх нь хяналтын байгууллага, цэцийн үйл ажиллагаанаас 100 хувь хамаардаг хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Хэлэлцүүлэгт оролцогчид үг хэлж, санал, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгах саналаа бичгээр өгсөн. Ийнхүү Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ