ӨМӨЗО-ны “Төмөр хүүхнүүд” Монголд аялж явна

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

ӨМӨЗО-ны “Төмөр хүүхнүүд” Монголд аялж явна

Улаанбаатар хотын төв талбай Чингисийн хөшөөний өмнө хөгшин, залуу нийлсэн арав гаруй хүн зураг даруулж байлаа. Үндэсний дээлээрээ гоёсон тэд хааны хөшөөнд бөхийн ёсолж, их л хүндэтгэлтэй хандаж буй нь нүдэнд тусав.  Холоос ирсэн илт тул сонирхож асуулаа. Тэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны /Өвөр Монголын Өөртөө засах орон/ Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунаас Монголд анх удаа аялж яваа аж.

Эдний дотор хар багаасаа үерхэн дасаж, эгч дүүс шиг болсон жар гаран насны дөрвөн хүн байна. Арваадхан насандаа тэд нутгийн “Төмөр хүүхэн” нэртэй бүлгэмд элсэн орж, өдийг хүртэл хамт яваа гэх. Сайн дурын энэхүү бүлгэмийн хүүхнүүд цагтаа мод хагалах, хадлан хадах, хашаа байшин барих гээд хийхгүй ажил үгүй байжээ. Одоо харин нас дээр хэвийх цагт хүүхэд байхаасаа очихыг мөрөөдөх болсон Монгол нутагт ирээд буй нь энэ аж. Бүлгэмийн ахлагч, гишүүн хоёртой хөөрөлдлөө.

“Төмөр хүүхнүүд” бүлгэмийн ахлагч н.Сарангэрэл

-Та нар Монголд хэзээ ирэв, сэтгэгдэл ямар байна вэ?

-Би “Төмөр хүүхнүүд” бүлгэмийн ахлагч н.Сарангэрэл байна. Бид арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй өнөө өглөө Монголд буулаа. Багаасаа Монгол орны тухай сонсож өссөн болоод ч тэр үү ирэхийг их хүсдэг байлаа. Дээхэн үед энэ нутгийг хоёр хэсэг хуваахад ахан дүүс, хамаатан садангууд голын наана, цаана байгаад нүүж чадалгүй хилээр тасарсан түүх их бий. Манай бэрийн ахан дүүс ч бас тэгж тасраад авга нар нь ар Монголд байдаг боловч нэгнээ мэдэхгүй. Манайх Боржин овогтой. Эрээд үзвэл миний мах цусны тасархай энд байгаа л байх. Монголд ирсэн сэтгэгдэл өндөр байна. Гэхдээ өөр улсад ирсэн гэж санагдахгүй, харин ч нутагтаа байгаа юм шиг дотно байна. Бидний нүүр царай, хэл яриа ижил юм.

-Та нарыг харахад бүгд үндэсний дээлээ өмсжээ, их гоё харагдаж байна?

-Бид албаар дээлтэй ирсэн юм. Учир нь дээл бол манай хүндэтгэлийн хувцас. Чингис хаандаа мэхийн ёсолж, хамт зураг даруулах нь бидний хувьд азтай мөч. Үр хойч хүүхдүүдэд маань үлдэх дурсамж. Ингэж хэлж болно уу гүй юу, юутай ч бид угсаа, үндэс нэгтэй ахан дүүсээ элэгсэг дотно санадаг юм шүү. Бидний өвөг эцэг, хаад бол агуу түүхтэй улс. Тиймээс бид ёс заншил, уламжлалаа мартахгүй, хойч үедээ өвлүүлэхийг хичээдэг. Аав ээж маань намайг багад үндэсний босоо бичгээ хэрхэвч мартаж болохгүй, дээл хувцсаа өмсөж байгаарай гэж захидаг байлаа. Одоо би хүүхдүүддээ ингэж хэлдэг юм. Манай нутагт дунд ангид сурагчдын дүрэмт хувцас бол дээл шүү дээ.

-Сайхан сонсогдож байна. Монголчууд маань сүүлийн үед бас үндэсний дээлээрээ их гоёдог болсон. Ингэхэд “Төмөр хүүхнүүд” гэх бүлгэмийн тухай тайлбарлаж өгөөч. Ямар зорилготой, юу хийдэг бүлгэм бэ?

-1970,80-аад оны үед манай ӨМӨЗО-нд хамтын хөдөлмөр эрхэлж, нэгэндээ тустай байх үүднээс сайн дурын бүлгэмүүд их ажиллах болсон. “Төмөр хүүхнүүд” бүлгэмд зөвхөн хүүхнүүд элсдэг байлаа. Бид нийлээд өглөөнөөс орой болтол хэнд, ямар тусламж хэрэгтэй байна бүгдийг хийдэг байв. Ихэвчлэн эрчүүдийн ажлыг нугалж ирсэн. Хадлан хадна, худаг гаргана, хашаа байшин барина гээд тусламж хэрэгтэй хүн хүч дутмаг, чадал тэнхээ муу нэгэнд тусалдаг байв. Манай хүүхнүүдийн бүлгэм маш сайн ажилласан гээд дурсгалын тэмдгээр хүртэл шагнуулж байсан. Энэ бидний хувьд нэр төрийн хэрэг.

-Ер нь танай нутгийн хүүхнүүдийн нэг өдөр ямар байдаг вэ, их л завгүй байдаг байх даа?

-Бид сайн дурын ажлынхаа хажуугаар хүүхдээ өсгөнө, гэрийн ажлаа хийнэ, нөхрөө халамжилдаг байлаа. Бас хэдэн малтай. Өглөө үүрийн гурван цагт босоод ажиллаж эхэлнэ шүү дээ. Тэгээд орой харуй бүрий болоход амсхийнэ. Ажил дуусна гэж үгүй, харин маргааш хийхээр үлдээнэ. Бид мал аж ахуй эрхэлдэг тул цагаан идээгээ боловсруулна. Айраг, шар тос, хурууд хийнэ.

-Манай Монголтой адил юм. Таны хамгийн сайн хийж чаддаг хоол юу вэ? Монголд ирээд идсэн хоол ямар санагдав?

-Бид гэртээ ихэвчлэн юман гоймон (гурилтай шөл), мантуу хийж иддэг. Үүнийгээ ч сайн хийж чадна. Нас яваад ч тэр үү энэ хоолонд улам дуртай болсон. Монголд ирээд цуйван идсэн. Их гоё амттай. Монголын малын мах их өөр, амт сайтай юм.

“Төмөр хүүхнүүд” бүлгэмийн гишүүн н.Оюунгэрэл

-Монголд өглөө буугаад ямар газруудаар явав, хамгийн их таалагдсан зүйл юу байв?

-Сүхбаатарын талбай орж, Чингис хаандаа мөргөж байгаад сая бид тааралдлаа. Үүнээс өмнө гандан, үндэсний музей үзсэн. Мөн “Түмэн-Эх” чуулгын тоглолт сонирхлоо. Сайхан байна аа. Энэ насны хүсэл биелэх мэт санагдаж байна.

-Урьд нь хүүхэд байхдаа ч юм уу Монголын талаар сонсож байсан биз дээ, төсөөлж байв уу?

-Хүүхэд байхдаа би Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” роман уншдаг байлаа. Эндээс л Ар Монголын хүмүүсийн аж амьдрал, нийгмийн байдлыг мэдэж авсан. Бид үндэс, угсаа, цус нэг ард түмэн. Их баатарлаг хүмүүс байж дээ гэж боддог. Тэгээд уул усны сайхан, хүмүүсийн амьдрал ахуй, улсын хөгжлийг өөрийн биеэр ирж үзье гээд бид зориглосон юм. Одоо бид хэд наслаа гэж. Дахиад ирэх боломж олдоо ч уу. Энэ насныхаа мөрөөдлөө биелүүллээ. Сайхан байна. Манай тийшээ зундаа их бачуу, халуун, элсэрхэг. Энд харин их гоё бороотой, сэрүүхэн байна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ, хүүхдүүд нь юу эрхэлж байна, Монголоор ярьдаг биз дээ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Монголоор их сайхан ярина. Гурав нь их сургууль төгссөн. Та миний хэлэхийг ойлгоно уу? Нэг нь их сургуулиа төгсөөд провсор хийж байна. (Сур: хөтөч хажуунаас магистрт сурч байгаа гэж тайлбарлав).

-Та нар бас буддийн шашинтай. Гандан орсон гэж байна, даатгаж залбирсан байх?

-Тэгэлгүй яах вэ, Бүх ард түмэн эрүүл саруул, эвтэй найрамдалтай байгаасай гэж залбирсан. Юу санасан есөн цагаан хүсэл биелэх болтугай гэж ерөөсөн дөө.

-Монголд хэдэн өдөр аялах вэ, аяллын чиглэл юу вэ?

-Нийтдээ долоо хоног аялна. Улаанбаатарт гурав хононо. Тэгээд Тэрэлж явна, Богдын музей үзнэ. Мэдээж Монголд ирснийх дэлгүүр, хоршоо орж худалдаа наймаа хийнэ. Дурсгалтай зүйл худалдаж авна гэсэн бодол байна. Хамгийн сүүлийн өдөр “Чингисийн хүрээ” орно. Тэнд өдрийн хоол идчихээд л бид галт тэргэндээ суугаад буцна даа.

Жар гаруй насны эдгээр эгч нартай яриад суухад хэлний бэрхшээл байсангүй. Яг л Монгол хүнтэй хөөрөлдөж буй мэт санагдлаа. Нутгаасаа авч ирсэн чихрээр намайг дайллаа. “Та нар өдөржин гадуур явсан байх, ядарч байна уу?” гэхэд үгүй гээд инээцгээж байлаа. Оюунгэрэл эгч биднийг үүд хүртэл үдэж өглөө. Шатаар буух хүртэл далласаар хоцорсон юм. Явах замдаа хөтөч бидэнд “Өвөр Монголоос ирсэн хүмүүс хамгийн түрүүн Сүхбаатарын талбай орж Чингис хаанд мөргөдөг. Тэд энгийн хувцастай ойртохгүй гээд үндэснийхээ дээлийг машиндаа өмсөж байгаад, ёслолын байдалтай очдог. Тэгээд зарим нь залбирч, уйлж байхыг харсан. Бурханд тэгж мөргөөгүй хэрнээ Чингис хаанд өвдөг сөхрөөд мөргөдөг юм” гэж билээ. Ай даа, элгэн садан минь, тасарсан бие, үсэрсэн цус гэж…

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж