Шинэ төвд сэргээн заслын эмчийн орон тоо дутагдалтай байна

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Шинэ төвд сэргээн заслын эмчийн орон тоо дутагдалтай байна

Үүдээр нь ороход л саруулхан, том орон зай угтав. Эмнэлгийн коридорт цөөн хэдэн эцэг, эх хүүхдүүдээ дагуулан явж харагдана. Хүүхдүүд тэр том талбайд инээлдэн, дураараа хөөцөлдөн гүйх аж. Энэ бол Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дүр зураг.

Үүдээ нээгээд хоёр сар орчим болж байгаа энэ төв нь Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны томоохон бүтээн байгуулалт юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж, хүлээлгэн өгсөн билээ. Ингээд улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч, сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг анхны томоохон бүтээн байгуулалттай танилцахаар сурвалжлага бэлтгэлээ.


ХҮҮХДҮҮД ШИНЭ ТӨВД ӨГЛӨӨНӨӨС ОРОЙ ХҮРТЭЛ ӨНЖДӨГ БОЛСОН

Энэ хүүг Б.Эрхэмбилэг гэдэг. Одоо найман настай. Дорнод аймгийн Сэргэлэн суманд амьдардаг. Тэрбээр доод мөчний саажилт гэсэн оноштой бөгөөд жил бүр хотод ээжтэйгээ ирж, 100 айл дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд хэвтэн эмчлүүлдэг байжээ.

Энэ жил тус төвдөө хэвтэн эмчлүүлэх оочер авах гээд иртэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв шинээр байгуулагдсаныг дуулаад, зорин иржээ. Хүүгийн ээж Г.Батцэцэг “Энд ийм гоё эмнэлэг байгуулагдсан гэдгийг дуулаад ирж, үйлчлүүлж байна. Энэ төвийн орчин нь тухтай, цэвэрхэн, шинэ тоног төхөөрөмж, олон сайхан мэргэжилтэнтэй юм. Бид хоёр өглөө ирээд л орой болтол энэ төвдөө өнждөг болсон. Хүү маань хоёр хоног хөдөлгөөн заслын эмчилгээнд хамрагдахад нь үр дүнгээ өгч эхлээд байгаа. Шатаар өөрөө алхаж гарч байгааг нь харахаар баяртай байна. Олон хоног сэргээн засах эмчилгээндээ явбал илүү үр дүн үзүүлэх юм шиг байна. Манай хүү энэ төвдөө ирэх их дуртай болоод байгаа” гэдгийг хэлж байв.

Яриа өрнүүлэх хооронд Б.Эрхэмбилэг хүү ээжийгээ “Хөгжмийн эмчилгээндээ явъя” гэж яаруулна. Ээж, хүү хоёрыг даган, хоёр давхарт байрлах хөгжмийн эмчилгээний өрөөгөөр зочиллоо. Өрөөнд нэгэн эмээ, хүү хоёр багшийн хамт төгөлдөр хуур тоглож байв.

Хүүгийн эмээ Н.Сарантуяа гуай “Зээ хүүг маань А.Гэрэлт-Од гэдэг. Хүү маань дөрвөн мөчний саажилт гэсэн оноштой. Энэ төвд бид хоёр дөрөв дэх удаагаа ирж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, хөгжмийн сэргээн засах эмчилгээнд хамрагдаж байна. Хүү минь дуу хөгжимд их дуртай. Тэр сонирхлоороо хөгжмийн эмчилгээндээ явах их сонирхолтой байдаг” тухай ярилаа. Тэрбээр “Өмнө нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэргээн засах эмчилгээнд хүүгээ хамруулах гэж өдөржингөө оочерлодог байсан. Заримдаа цаг  нь хүрэлцэхгүй, олон хүүхдүүдтэй, эмч нар нь цөөн байсан. Харин одоо энэ төв нээгдсэнээр оочер дугаар гэж байхгүй, том талбайтай, орчин нь сайхан, багш нар хүүхдүүдэд хүртээмжтэй байна” гэв.

“Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ес дэх жилдээ ажиллаж байна. Би дуу хөгжмийн багш мэргэжилтэй. Сүүлийн найман жилийн хугацаанд харааны, сонсголын, даун, аутизмтай, тархины саатай гээд бүх төрлийн хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байсан. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд маань энгийн хүүхдүүдийн адил сурах чадвартай. Хөгжим сонсоод маш их тайвшралыг авч их баярладаг. Мундаг авьяастай, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой хүүхдүүд олон бий” хэмээн тус төвийн дуу хөгжмийн багш Х.Бас-Оюун багш ярилаа.

ЗӨВХӨН АМБУЛАТОРИОР 137 ХҮҮХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖЭЭ

Шинээр нээгдсэн энэ төв нь 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж.

Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой бөгөөд тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Биднийг сурвалжлага бэлтгэхээр очиход зөвхөн амбулаторийн тусламж үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлж байв. Учрыг нь төвийн дарга Р.Галбадрахаас тодруулахад хэвтэн эмчлүүлэх 250 ортой зургаан тасгийн үйл ажиллагааг эм болон цайны газрын тендер зарласны дараагаар эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна гэдгийг хэлсэн юм.

Тус төв нээлтээ хийснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй 137 хүүхдэд сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Нэг хүүхэд хамгийн багадаа 14-21 хоног эмчилгээнд хамрагддаг гэхээр давхардсан тоогоор 1400 орчим хүүхдэд үйлчилсэн гэсэн үг. Нийт эмчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй 137 хүүхдийн 111 хүүхэд нь хотод амьдардаг бол 26 нь орон нутгаас зорин иржээ. Тэднийг насны байдлаар авч үзвэл 2-10 насны хүүхдүүд ихэвчлэн үйлчлүүлсэн байв.

Тус төвийн үзүүлж буй гол тусламж үйлчилгээ бол сэргээн засах үйлчилгээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна боловсрол, нийгмийн сэргээн засах үйлчилгээг үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээг үзүүлж, нийгэмшүүлэх арга хэмжээг авахгүй бол хоёрдогч бэрхшээл бий болж эхэлдэг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хоёрдогч бэрхшээлээс нь сэргийлж, одоо байгаа чадварыг нь аль болох бүрэн хэмжээнд нөхөн сэргээж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэллээ.

Манай улсын Үндсэн хуулинд хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй гэж заасан байдаг. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу бүх хүүхэд үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдана. Өөрөөр хэлбэл, энэ төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүдийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилдэг гэсэн үг.

СЭРГЭЭН ЗАСЛЫН 32 ЭМЧИЙН ОРОН ТОО ДУТАГДАЛТАЙ БАЙНА     

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв 2019 онд бүрэн хүчин чадлынхаа 50 хувиар буюу 189 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бол ирэх ондоо бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж хүний нөөцөө тооцоолсон гэдгийг төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Галбадрах хэлж байлаа. Учир нь Монгол Улсад сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр суралцаж, төгссөн цөөн тооны мэргэжилтэн байдагтай холбоотой юм.

Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн бүтэц, үйл ажиллагааг Монгол Улсын стандартаараа авч үзвэл сэргээн заслын 32 эмч хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр тал хэмжээнд л хүний нөөцөө бүрдүүлж, ажиллаж байна. Мөн сэргээн засах эмчилгээ үйлчилгээ дотроо хөдөлгөөн засалч гэдэг мэргэжлээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд сүүлийн долоо, найман жил төгсөгчдөө бэлдэж байгаа бол хөдөлмөр засалч мэргэжлээр дөнгөж хоёр дахь төгсөлтөө төгсгөж байх жишээтэй. Энэ мэргэжлээр өнгөрсөн жил зургаа, энэ жил 10 оюутан төгссөн. Энэ төгсөгчид улсын хэмжээнд хуваагдаж, ажиллана гэхээр хүрэлцдэггүй. Монголд энэ мэргэжил нь шинэ төгсөгчид нь цөөн байна.

Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуульд Сэргээн засах тусламж үйлчилгээг сэргээн засахын эмч, хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалч, сэргээн засахын сувилагч болон бусад мэргэжлийн хүмүүс үзүүлнэ гэж заасан байдаг. Манай улсад өнөөдөр эдгээр тусгай мэргэжлээр цөөн тоогоор  ч гэсэн мэргэжилтнүүдээ бэлтгээд явж байна. Эдгээр мэргэжилтэнгүйгээр сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг бүрэн хийнэ гэж байхгүй. Тэгэхээр бид тусгай мэргэжлээр суралцаж төгссөн мэргэжилтэнг зах зээлээсээ хайх эсвэл төвийн мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр гадаад улсад суралцуулах шаардлагатай болж байна” гэдгийг учирлалаа.

Тус төвд одоогоор хөдөлмөр засалч дөрөв, хөдөлгөөн засалч ес, хэл засалч нэг ажиллаж байна. Манай улсад хэл засалч гэдэг мэргэжлээр сүүлийн 20-иод жил мэргэжилтэн бэлтгэгдээгүй бөгөөд ОХУ-д энэ мэргэжлээр суралцаж, 2018 онд төгссөн ганцхан мэргэжилтэн ажиллаж байгаа аж. Цаашдаа портез, ортезын мэргэжилтэн, сонсголгүй иргэдэд сонсголын апарат тааруулдаг сонсголын лаборант зэрэг тусгай мэргэжилтэн нэн шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

М.Сарангэрэл гэх энэ бүсгүй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийг 2018 онд хөдөлмөр засалч мэргэжлээр төгссөн анхны зургаан төгсөгчдийн нэг. Тэрбээр “Миний мэргэжил Монголд хараахан хөгжөөгүй, харьцангуй шинэ мэргэжил. Манай төвд 0-13 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ихэвчлэн хандаж, сэргээн засах үйлчилгээнд хамрагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань өөр өөр оноштойгоор манай төвд ханддаг. Тиймээс тухайн хүүхэд бүрийн онцлогт тохирсон хөдөлмөр заслыг хийдэг. Эмчилгээгээ эхлэхдээ тухайн хүүхдээ үнэлээд, ээж, аавтай нь ярилцаж, богино хугацааны зорилгыг тодорхойлдог. Жишээлбэл, хөдөлмөр гэдэг нь тухайн хүүхдийн өглөөнөөс орой хүртэл хийж буй бүх зүйл орно. Ээж, аавууд “Хүүхдээ гутлын үдүүлж сургамаар байна”, “Цамцаа өмсөж чаддаг болгомоор байна” гэж ханддаг. Заслын үр дүнд өмд, цамцаа ялгадаггүй хүүхэд байсан бол ялгаад, өмсөж сурсан байх жишээтэй. Эцэг, эхчүүд маань ч улам цаашаа ахиад өөр нэмээд юм суръя гэдэг” талаар хөдөлмөр засалч ярьж байлаа.

ТӨВИЙН БОХИР, ЦЭВЭР УСНЫ ШУГАМЫН АЖИЛ ДУТУУ БАЙНА

Тус төвийн гадна автомашин орж, гарах гарц байхгүйгээс эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хөтлөн төв зам дагуух авто зогсоол руу алхаж харагдсан юм. Мөн төвийн хашаагаар ороход үүдний хэсэгт бохир, цэвэр усны шугамыг төв шугамтай холбох ажлыг гүйцэтгэж байв.

Энэ талаар төвийн удирдлагаас асуухад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулж, 35 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтаар буцалтгүй тусламжаар байгуулсан. Энэ бүтээн байгуулалтын ганц хоёр ажлыг туслан гүйцэтгэхээр Монгол компани тухайн үед гэрээ хийсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол талаас хариуцсан компани манай үүдний хэсэгт бохир, цэвэр усны шугамыг төв шугамтай холбох ажлыг гүйцэтгэх ажлаа хийж байна. Энэ ажил дутуу байсан. Энэ ажил дуусаад ирвэл ажил жигдрэх байх. Төв маань цэвэр, бохир устай холбогдоогүй учраас усан эмчилгээ, бассейны үйл ажиллагаагаа хараахан эхлүүлээгүй байгааг хэлсэн юм.

Харин авто зогсоолын орц, гарцын хувьд саяхан БНХАУ-ын Засгийн газраас манай Засгийн газартай нэмэлт гэрээ байгуулж, хашааны хаалгаас төв зам руу холбох гүүрийг барих, гарц, хашааны ногоон байгууламж, байгулулагын гадна хаяг зарим нэг тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар нэмж өгөхөөр шийдвэрлэсэн тухай тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтггэгч Р.Галбадрах тайлбарлалаа.

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж