ТОКИО 2020: Монголын багийн эрх ба боломжууд

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

ТОКИО 2020: Монголын багийн эрх ба боломжууд

ТОКИО 2020: Монголын багийн эрх ба боломжууд

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон спортын хамгийн том үйл явдал болох олимпийн наадам ирэх онд болно. Энэ удаагийн Зуны олимпийн XXXII наадмыг зохион байгуулах эрхийг ОУОХ-ны 125-р чуулганаар Японы нийслэл Токио хот авсан бөгөөд хурд хүч, авьяас билгээ уралдуулахаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид спортын 33 төрлөөр өрсөлдөх юм. Токио хот одоогоос 56 жилийн тэртээ буюу 1964 онд анх удаа Ази тивд олимпийн наадмыг зохион байгуулж байсан бол энэ удаагийн олимпийн наадмын эрхийг авснаар мөн л олимпийн наадмыг хоёронтоо зохион байгуулж буй Азийн анхны хот болж байна. XXXII удаагийн Зуны Олимпийн наадам 2020 оны долдугаар сарын 24-ны өдөр эхлэх бөгөөд нэг жилийн хугацаа үлдээд байгаа юм.

Ингээд та бүхэнд Токио 2020 олимпийн наадмын бэлтгэл ажил болон бусад мэдээллүүдийг багцлан хүргэе.

-БЭЛГЭ ТЭМДЭГ-

Токио 2020 Зуны олимпийн наадмын бэлгэ тэмдгийн загварыг гаргах уралдаанд нийт 2000 гаруй бүтээл ирснээс дизайнер Рио Танигучигийн бүтээл болох Мирайтова, Сомэйти хүүхэлдэйнүүд шалгарчээ. Шилдэг бүтээлийг  Японы 16 мянган бага сургуулийн 200 мянган гаруй сурагчдаас санал хураалт явуулсны үндсэн дээр шалгаруулсан ба Танигучигийн бүтээл 109 мянга 41 санал авсан байна. Мирайтова гэх хөх өнгийн хүүхэлдэйний хувьд хөх, цагаан өнгийн хослол буюу Токио 2020 наадмын үндсэн өнгийг илэрхийлсэн бөгөөд нэрний хувьд “ирээдүй”, “үүрд мөнх” гэсэн хоёр япон үгний нийлэмж юм. Уг хүүхэлдэй нь шударга үнэн, дайчин шинж чанарыг илэрхийлнэ гэж зохион байгуулагчид нь тодорхойлжээ.

Харин Сомэйти хэмээх хүүхэлдэйний хувьд ягаан өнгө нь Японы бэлгэдэл болсон интоорын цэцгийн өнгийг илэрхийлэхийн сацуу нэр нь “сомэйёшино” хэмээх нэг төрлийн интоорын модны цэцгийн нэрнээс санаа авсан байна. Сомэйти нэр нь англи хэлнээ “асар их, сүр хүчтэй” гэсэн утгаар буух аж.

-МЕДАЛЬ-

Токиогийн Олимп, Паралимпийн зохион байгуулах хорооноос өчигдөр /2019.07.24/ буюу олимпийн наадам эхлэх өдрөөс яг нэг жилийн өмнө медалийн загварыг танилцууллаа. Медалийн загварын санаа нь алдар хүндэд хүрэхийн тулд тамирчид өдөр бүр ялалтын төлөө тэмцэх ёстой гэсэн утгатай аж. Өнгөлсөн хурц ховил нь гэрлийг цацраах бөгөөд энэ нь тамирчид болон тэднийг дэмждэг хүмүүсийн эрч хүчийг бэлэгдэнэ. Үүнээс гадна спортын олон талт байдал, спортоор хичээллэж буй шаргуу хүмүүсийг хүндэтгэсэн утга ч багтжээ. Мөн олон хүмүүс гар гараа барилцан зогсож буй мэт дүрслэл нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн эв найрамдал, халуун сэтгэлийг илтгэж буй ажээ.

Тамирчдынхаа хувцсыг хаягдал хувцсыг дахин боловсруулж урлахаар болсон тухай мэдээлж байсан Япончууд ирэх онд зохион байгуулах Зуны олимпийн наадам болон Паралимпийн наадмын бүх медалийг гар утас, зөөврийн компьютер зэрэг цахилгаан хэрэгслийн хаягдлыг дахин боловсруулж хийсэн юм.

Энэ удаагийн олимпийн наадамд тамирчид 33 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд зохион байгуулагчид алт мөнгө хүрэл нийлсэн 5000 орчим медалийг бэлэн болгожээ. Олимпийн медалийг хаягдал материал ашиглаж хийх энэ төсөл 2017 онд эхэлсэн бөгөөд нийт 30,3 кг алт, 4,100 кг мөнгө, 2,700 кг хүрэл шаардагджээ. Энэхүү ажлын хүрээнд нийт 82 мянган тонн гар утас зэрэг цахилгаан хэрэгсэл цугларсан байна.

 

-ТАСАЛБАР-

Японы нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулагдах 32 дахь удаагийн Зуны олимпийн наадмын 17 өдрийн дэлгэрэнгүй хуваарийг тус улсын Олимпийн хорооноос дөрөвдүгээр сарын 16-ны өдөр олон нийтэд танилцуулжээ. Олимпийн наадмын төрлүүдийн цаг, болох газар зэрэг дэлгэрэнгүй хуваарийг та бүхэн энд дарж үзэх боломжтой.

Хуваарийн дагуу Токио 2020 олимпийн наадам нь  2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд спортын 33 төрлийн 339 тэмцээн уралдаан зохион байгуулагдах аж. Мөн Паралимпийн наадам үргэлжлүүлээд наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлээд есдүгээр сарын 6-ны өдөр өндөрлөнө. Олимпын наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаа орон нутгийн цагаар оройны 20.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ. Харин тэмцээн уралдаан эмэгтэйчүүдийн софтболын тэмцээнээр Фүкүшима мужид долдугаар сарын 22-нд өглөөний 09.00 цагт эхэлнэ. Энэ нь нээлтийн ёслолоос хоёр хоногийн өмнө гэсэн үг юм.

Токио 2020 наадмын үеэр Токио хотод хэт халалт болох төлөвтэй байгаа учир наймдугаар сарын 2-нд болох эмэгтэйчүүдийн марафон, 9-нд болох эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээний эхлэх цагийг өглөөний 06.00 цагт, наймдугаар сарын 8-нд болох эрэгтэйчүүдийн 50 километрийн спорт алхалтын тэмцээний цагийг өглөөний 05.30 цаг болгож урагшлуулжээ.

Харин олимпийн наадмын тасалбарын хувьд тавдугаар сараас дотоодын үзэгчдэд зориулж санамсаргүй түүврийн аргаар борлуулж эхэлсэн бол зургадугаар сараас эхлэн сугалаанд сонгогдоогүй иргэдэд борлуулж эхэлсэн банйа. Тасалбарын үнэ 2020 иенээс 300 мянган иений хооронд хэлбэлзэх бөгөөд нийт тасалбарын тэн хагас нь 8000 иенээс багагүй байх гэнэ. Хамгийн их эрэлттэй байдаг олимпийн нээлтийн үйл ажиллагааны тасалбар 12-300 мянган иений хооронд байгаа аж. Одоогийн байдлаар Япон даяар 7,6 сая тасалбар борлуулагдаад байгаа гэнэ.

Хилийн чанадаас ирэх жуулчдын хувьд олимпийн наадмын тасалбарг тухайн улс орныхоо “Олимпийн хороо”-ноос итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраар дамжуулж захиалах боломжтой аж. Монгол Улсын хувьд http://www.newjuulchin.mn/ энэхүү хаягаар орж олимпийн наадмын тасалбарыг захиалах юм байна.

-БЭЛТГЭЛ АЖИЛ-

Олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил одоогоор 90 орчим хувьтай явагдаж байгааг зохион байгуулах комисс мэдээлжээ. Токио 2020 Зуны олимпын наадмын нээлт, хаалт, хөнгөн атлетикийн тэмцээнүүд болохоор төлөвлөгдсөн гол байгууламж болох “Үндэсний цэнгэлдэх хүрээлэн”-ийн байгууламж нийт 1,25 тэрбум ам.долларын өртгөөр босч байгаа гэнэ. Одоогоор барилгын ажил бүрэн дууссан бөгөөд дотор, гадна засал, хаягжуулах, камер суулгах, зүлэг болон зам тавих гэсэн ажлууд үлдээд байгаа аж.  Нийт 68 мянган хүний суудалтай уг цэнгэлдэх ирэх арванхоёрдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна бусад тэмцээн уралдаан, үйл ажиллагаанууд болох 43 том жижиг спортын орднууд байгаа ба тэднээс 25 нь өмнө нь байсан, найм нь шинээр баригдаж байгаа, 10 нь түр зуур ашиглагдахаар шийдсэн гэнэ. Токио 2020 зуны олимпын наадмын олимпын хотхон нийт 18 мянган ортой. Паралимпын тамирчдад зориулсан тусгай 8000 ортой байх аж.

Олимпийн наадмыг зохион байгуулах ажилд гадаад дотоодын нийт 110 гаруй мянган сайн дурын ажилтнууд ажиллахаар бүртгүүлжээ. Зам тээврийн хувьд олимпийн наадмын үеэр жуулчид ихээр ирэх учир замын ачаалал эрс буюу 200 орчим хувиар нэмэгдэх тооцоолол гарсан байна. Тиймээс зохион байгуулах хорооноос ард иргэдийг олимпийн наадмын үеэр аль болох ийш тийшээ аялахгүй байх, мөн зарим компаниуд боломжоороо ажилчдаа гэрээс нь ажлаа хийх боломжоор нь хангахыг уриалж байгаа гэнэ.

-МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН БЭЛТГЭЛ-

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон спортын хамгийн том баяр олимпийн наадам Японы Токио хотод эхлэхэд яг нэг жилийн хугацаа үлдлээ.

Зуны спортын XXXII наадам 2020 оны долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 9-ий хооронд спортын 33 төрөлд болох бол Паралимпийн XVI наадам наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 6-ны хооронд болно.

Токио хот 1964 онд анх Зуны Олимпийн наадмыг хүлээн авч байсан бөгөөд монголчууд энэ наадмаас эхлэн Зуны олимпийн буухиаг эхлүүлж байсан түүхтэй.

2019 он гарсаар спортын бүхий л төрлүүдэд “Токио 2020” Олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд эхэлсэн. Энэ удаа Монголын баг тамирчид эрхээ хэрхэн авч байгаа талаарх мэдээллийг хүргэе.

“Рио 2016” Олимпийн наадамд Монголын баг спортын есөн төрөлд 43 тамирчинтай оролцож, хоёр медальтай ирсэн. Энэ амжилтыг ахиулахын төлөө тамирчид дор бүрнээ бэлтгэл сургуулилтаа хийсээр байна.

БУУДЛАГА

“Токио 2020” Олимпийн анхны эрхийг буудлагынхан авсан. Одоогоор хоёр тамирчин Токиог зорих эрхтэй болоод байна.

Буудлагын спортын Дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон. Тэмцээний хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол ханган, “Токио-2020” Олимпийн наадамд цэц мэргэнээ сорих эхний эрхийг авсан билээ.

Ц.Анударь зургадугаар байрт шалгарсан ч 1-4-р байрыг эзэлсэн тамирчид эрхээ авчихсан байсан учир манай тамирчинд энэ боломж олдсон юм. Тэрбээр 22 настай бөгөөд олон улсын тэмцээний өсвөрийн болон залуучуудын ангилалд амжилтаа ахиулсаар, 2017 оноос эхлэн насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн залуу тамирчин.

Удаах эрхийг эрэгтэйчүүдийн гар бууны 10 метрийн дасгалд Энхтайваны Даваахүү авсан. Тэрбээр мөн Дэлхийн цомын цуврал тэмцээнд шагналт тавдугаар байранд орж, Токиог зорих эрхтэй болсон. Э.Даваахүү Дэлхийн аваргын хос хүрэл, 2015 онд Дэлхийн оюуны Зуны Универсиад наадмаас ганцаарчилсан төрлөөс алтан медальтай, багийн төрлөөс мөнгөн медальтай ирж байсан манай шилдэг тамирчдын нэг юм.

2008 оноос хойш тасралтгүй буудлагын спортоор хичээллэж байгаа ОУХМ Э.Даваахүү Олимпийн наадамд анх удаа өрсөлдөнө.

Урд хөршид болсон “Токио 2020” Олимпийн эрх олгох тэмцээнээс буудлагын тамирчид хоёр эрхтэй ирж Монголын багийн салхийг хагаллаа.

Олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй буудлагын тамирчид энэ онд эрхийн бүхий л тэмцээнд оролцоно.

ЖҮДО

“Рио 2016” Олимпийн наадамд 14 жингийн 13-т оролцсон Монголын баг энэ үзүүлэлтээ ахиулах зорилготой. Жүдочдын хувьд жиндээ чансаа өндөр нэг тамирчин улсаа төлөөлөн Токиог зорих бөгөөд 2020 оны зургадугаар сард энэ асуудал тодорхой болно. Энэ Олимпийн наадмаас эхлэн холимог багийн төрөл орж ирсэн учраас жүдочдод багаараа өрсөлдөх бүрэн боломж гарч ирсэн. Тиймээс хувийн төрөлд оролцож чадаагүй тамирчин багийн төрөлд өрсөлдөх боломжтой.

ЧӨЛӨӨТ БӨХ

“Рио 2016” Олимпийн наадмаас хүрэл медалиа харамсалтай алдсан Г.Мандахнаран тэргүүтэй бөхчүүдийн сорилго ирэх есдүгээр сараас эхэлнэ. “Нур-Султан 2019” ДАШТ-ээс “Токио 2020” Олимпийн эрх олгох учир чөлөөтийнхөний сорил одооноос эхэлж байна.

Монголын эрэгтэй чөлөөтийн тамирчид Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн ч 1980 оны олимпиос хойш медальгүй ирсээр байгаа. Дөрвөн жилийн өмнө холын Бразилиас хүрэл медальтай ирэх байсан Г.Мандахнаран сүүлийн мөчид медалиа алдаж, монголчууд Риогийн дэвжээнд багагүй шуугиан тарьсан билээ. Тиймээс Риогийн наадам чөлөөтийн эрэгтэй багийнханд маш том сургамж өгсөн. Харин Токиод энэ азгүйтлийг дуусгаж, медальтай ирэх даалгавар тэдэнд бий.

БОКС

Монголын боксын тамирчид сүүлийн гурван Олимпийн наадмаас медальтай ирсэн. “Рио 2016” Олимпийн наадамд зургаан тамирчин оролцож, нэг хүрэл медальтай ирсэн. Хэдийгээр Олон улсын сонирхогчдын боксын холбоонд асуудал гарсан ч эрхийн тэмцээнүүд ирэх намраас эхэлнэ. Монголын баг Риод авсан эрхээ ахиулахаас гадна анх удаа эмэгтэй тамирчнаа сойх боломж бий. Тиймээс шигшээ багийн бэлтгэл энэ онд эрчимтэй эхэлсэн.

Байт харваа, хөнгөн атлетик, таэквондо, хүндийг өргөлт зэрэг төрлүүдээр эрхийн тэмцээнүүдэд оролцож байна. Монголын баг “Рио 2016” Олимпийн наадамд спортын есөн төрөлд 43 тамирчин эрх аван оролцож байсан бол энэ эрхийг ахиулах бүрэн боломжтой. Мөн багийн төрлөөр буюу 3х3 сагсан бөмбөгийн тамирчид Токиог зорихын төлөө бүхий л хүчээ дайчлан явж байгааг энд онцлох нь чухал. Хэрвээ сагсчид энэ зорилгоо биелүүлж чадвал монголчууд багийн төрлөөр анх удаа эрх аван өрсөлдөх юм.

“Токио 2020” Паралимпийн наадамд Монголын баг эрхээ авсаар байна. Энэ удаагийн Паралимпийн наадамд таеквондогийн төрөл нэмэгдсэн бөгөөд Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар “Токио”-г зорих эрхтэй болсон. Тэд 2019 оны хоёрдугаар сард Туркэд болсон пара таеквондогийн ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж эрхээ авсан юм. Энэ эрхүүд Монголын багийн “Токио 2020”-д өрсөлдөх анхны эрхүүд байсан юм. Пара буудлагын төрлөөс З.Ганбаатар Токиог зорих эрхээ аваад байгаа.

Мөн пара жүдогийн тамирчин А.Мөнхбат Дэлхийн хараагүйчүүдийн наадмаас аваргын алтан медалийг хүртэж чансаагаа ахиулсаар байна.

“Рио 2016” Паралимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ өөрийн жиндээ пауэрлифтингийн дэлхийн рекордыг дахин шинэчилж, дэлхийн аварга болоод байна. Энэ мэтчилэн Монголын Паралимпийн хорооны тамирчид амжилтаа ахиулж, эрхийн тэмцээнд оролцсоор байна.

“Рио 2016” Паралимпийн наадамд спортын таван төрөлд найман тамирчин оролцож, хоёр хүрэл медальтай ирж байсан юм. “Токио 2020”-д 10-с дээш тамирчинтай оролцож, амжилтаа ахиулахын төлөө тамирчид бэлтгэж байна.

“Токио 2020” эхлэхэд нэг жилийн хугацаа үлдлээ.

БЭЛТГЭСЭН: Н.АМГАЛАНТУУЛ, Ч.БОЛОРЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж