Дэлхийн палеонтологийн салбарын шилдэг 10 эрдэмтдийн нэг, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Р.Барсболдтой ярилцлаа.
-Азийн динозаврын ээлжит IV их хурлын үеэр таны хувьд Монголын үлэг гүрвэлийн түүх гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Энэ тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Монгол орны үлэг гүрвэлийн олдворын нөөц баялаг, чулуужсан үлдэгдэл хадгалагдан үлдсэнээрээ судалгаа их, тоо төрлөөрөө олон янз. Өнөөдөр Монгол орны үлэг гүрвэлийг судлахгүйгээр дэлхийн үлэг гүрвэлийн түүхийг сэргээх, улиран хувьслын зүй тогтлыг тогтоох боломжгүй. Хятад Монгол хоёр улс Ази тивдээ үлэг гүрвэлийн олдвор судалгаагаар тэргүүлж буй ч өөр бусад улсууд энэ чиглэлийн судалгаа хийж байна.
Манай улс үлэг гүрвэлийн олдвор цуглуулга төдийгүй төрөл зүйлээрээ дэлхийд дээгүүрт жагсдаг гэлээ. Өнөөдрийг хүртэл хэчнээн төрөл зүйлийн үлэг гүрвэл бүртгэгдээд байна ?
-Монголд 80 орчим төрөл зүйлийн үлэг гүрвэл бүртгэгдэж, судалгаа шинжилгээний ажлыг ч маш сайн хийж байна. Төрөл зүйлийн олдвороор хэдийгээр Хятад улсыг гүйцэхгүй ч зарим талаараа дэлхийд сайрхмаар олдворууд их.
Дэлхийд 50 жил гаруй хүлээгдэж байсан дейнихирус аймшигт үлэг гүрвэлийн бүтэн ясыг олж тогтоосноороо эрт цагийн ургамал, үлэг гүрвэлийн талаарх олон жил судлагдсан хамгийн гайхмаар олдвор. Энэ бол дэлхийд байхгүй олдворын нэг юм.
Японы Токио хотын Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музейд “Дино Экспо-2019” үлэг гүрвэлийн үзэсгэлэнд голлох үзмэр нь яах аргагүй Монголын Дейнохейрус мирификус (Deinocheirus mirificus) үлэг гүрвэлийн хэлхээ араг яс /хуулбар/ байв. Энэ олдвор бол дэлхий нийтийг сүүлийн 50 жилд хүлээлгэсэн хамгийн удаан судлагдсан цор ганц аймшигт үлэг гүрвэл юм. Монгол орны үлэг гүрвэлийг судлахгүйгээр дэлхийн үлэг гүрвэлийн түүх, байгалийн шим ертөнцийг ярих боломжгүй.
-Манай улсад эрт цагийн амьтдын ул мөр ястайгаа цуг хадгалагдан үлдсэн байдгаараа онцлог гэх. Ер нь манай улсад үлэг гүрвэлийн олдвор хадгалагдаж үлдсэн байгалийн тогтоц дэлхийд хаана ч байхгүй гэв үү?
-Манай улсад үлэг гүрвэлийн олдвор чулуужсан яс хадгалагдсан байдал нь маш сайн. Хадгалалт сайн байх тусам илүү үндэслэлтэй судалгаа хийнэ. Гэхдээ аль нэг амьтны хумс, биеийн хэлтэрхийг нь олчхоод нээлт хийхээс илүү нээлт хийж шинэ төрөл зүйл илрүүлье гэвэл маш сайн үндэслэл хайж судлах хэрэгтэй. Энэ үүднээс Монголоос олдсон 80 орчим төрлийн үлэг гүрвэл дэлхийд судлагдаж батлагдсан гэж хэлж болно. Энэ бол ач холбогдлоороо дэлхий нийтэд олдсон олдворуудаас тэргүүлж байгаа юм. Жишээ нь, ноцолдож байхдаа зууралдаж мөхсөн үлэг гүрвэл. Монголоос олдсон ийм олдвор дэлхийд цор ганц. Одоогоос 70 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн зан байдал, бусадтайгаа харьцах зан араншин, зэргээрээ дэлхийд харьцангуй муу судлагдаж буй үлэг гүрвэлийн зан үйл, үлэг гүрвэлийн биологи зэрэг чулуужиж үлддэггүй зүйлсийг энэ мэт гайхалт олдворыг илрүүлснээрээ тогтоох боломжтой гэдгээрээ онцлог. Гэтэл Тайланд улс Монголын дэргэд үлэг гүрвэлийн олдвор цуглуулгагүй гэж хэлэхэд болно. Гэхдээ мэр сэр олдсон олдвор цуглуулгаа судалж, энэ чиглэлийг хөгжүүлж байна.
-Дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатарт ирсэн зочин төлөөлөгчид Монгол Улсыг үлэг гүрвэлийн орон хэмээн онцолж байна. Тиймээс ч геопарк байгуулах шаардлагатай гэсэн саналыг дэвшүүллээ. Манай улсад геопарк байгуулах тал дээр хэр анхаарлаа хандуулж байна вэ?
– Геопарк байгуулах нь зүйтэй. Энэ асуудал дээр манай улс дэлхийн улс орнуудаас хоцорч байна. Аль эрт геопарк байгуулах ёстой байсан ч Засгийн газраас нь дэмждэггүй, геопаркийн бүтээн байгуулалтыг хийдэггүй.
Бидний хувьд энэ ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаа ч төрийн дэмжлэг хэрэгтэй. Жишээ нь, БНХАУ бол үлэг гүрвэлийн олдворт газруудтай гэдгээ мэдэж эхэлмэгц Засгийн газраас нь судлаачдаа дэмжиж, палеонтологийн салбарт дэлхийд тэргүүлэхэд анхаарал хандуулах чиг үүрэг өгдөг. Харин манай улсад эсрэгээрээ. Ер нь үлэг гүрвэлийн үнэт олдворыг болон олдворт газрыг хамгаалах нь улс оронд чухал хэрэгцээтэй. Жуулчдыг татах, хүмүүст танин мэдэхүйн боловсрол олгохоос гадна шинжлэх ухааны салбарт чухал ач холбогдолтой. Экологийн баримтад тулгуурлан цаг уурын өөрчлөлтийг судлах, доройтсон нөхцөл байдлыг сайжруулах тал дээр судлах эерэг нөлөөтэй.
– Одоогоос 120 сая жилийн тэртээ цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт нугасан хошуут үлэг гүрвэлийн өвгийг Чойродон барсболдиа хэмээн ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн, үлэг гүрвэл судлаач, доктор Х.Цогтбаатар таны нэрээр нэрлэсэн. Үүнээс өөр таны нэрээр нэрлэгдсэн үлэг гүрвэлийн төрөл зүйл байдаг уу?
–Миний нэрээр нэрлэгдсэн үлэг гүрвэлийн төрөл зүйл гурав байж болох юм. Гадна, дотнын найз нөхөд болон шавь нар өгсөн байдаг.
-Тантай уулзсаных нэг зүйлийг тодруулахгүй байж чадахгүй нь, Үндэсний их баяр наадмын өмнө танай гэрт халдлага болсон. Тухайн үед таныг болон гэр бүлийн тань хүнийг сүрдүүлж, эд зүйлсийг тань дээрэмдсэн хоёр этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулахад таны таньдаг хүмүүс байв уу. Таны хувьд яагаад уг хэргийг зохион байгуулалттай гэж үзсэн бэ?
-Мэдээж зохион байгуулалттай үйлдсэн. Хулгай хийхээр Урьдчилан тооцоолж бэлдсэн, туршлагатай хүмүүс байсан. Миний хувьд тэр хүмүүсийг танихгүй.
–Тэдгээр залуус таныг дээрэмдэх үед гэрт тань золоор үнэт олдворууд байгаагүй гэж та өмнө нь хэлсэн. Үнэт олдворуудыг зориулалтын хадгалах байраас гадна гэртээ хадгалж болдог юм уу. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу.?
–Үлэг гүрвэлийн үнэт олдворыг олон улсын стандартын дагуу зориулалтын хадгалах байрт хадгална. Зарим тохиолдолд судлаач хүн урт хугацааны судалгаа хийх шаардлагатай тохиолдолд өөрсдөдөө байлгах тохиолдол бий. Гэхдээ энэ нь тодорхой хугацаатай. Удаан хугацаанд өөрсдөдөө хадгалж судалдаггүй гэсэн үг.
Холбоотой мэдээ