Үндэсний шилдэг брэнд ГОЁО загварын ертөнцөд шинэ өнгө төрх, шийдлийг дахин авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Үндэсний шилдэг брэнд ГОЁО загварын ертөнцөд шинэ өнгө төрх, шийдлийг дахин авчирлаа

Монголын хувцас загварын зах зээлд хувьсгал хийж, дэлхийн зах зээлд өөрийн өнгө төрхийг бий болгосон “Гоёо” брэндийн загварын шоу Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт 2009 оны 12-р сарын 3-ны үдэш болж, Монголын хувцас загварын төдийгүй дэлхийн загварын ертөнцөд бас нэг хувьсгал хийлээ.

“Гоёо” брэндийн нэрийн хуудас болсон уг шоуг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд анх 2007 онд “Goyo Fashion Show ‘07” нэртэйгээр ноолуураар дэвшилтэт технологи ашиглан ямар ч бүтээгдэхүүн хийж болно гэдгийг мэдрүүлсэн хувцас загварын шинэ өнгө төрх бүхий загварын шоуг “Чингис” зочид буудалд зохион байгуулж байсан юм. Үүний дараа 2008 онд “Goyo fashion show ’08”-г зохион байгуулсан нь ноолууран бүтээгдэхүүний өнгө, загварт шинэчлэл хийгээд зогсохгүй загварын шоунд дэлхийн стандартад нийцсэн толин загварын тайзыг Монголд анх удаа ашиглаж, дэлхийн загварын шоуны жишгийг Монголд нэвтрүүлсэн юм.

Харин энэ жилийн шоуны хувьд “Гоёо” брэнд үндэсний шилдэг брэнд гэдгээ баталж, Австрийн алдарт “Swarovski” брэндтэй хамтран ‘’Goyo Fashion Show 2009’’-г зохион байгууллаа. Уг шоуны үеэр “Монгол ноолуураар дэлхийг гоёно” уриан дор “Гоёо”-гийн шилдэг дөрвөн дизайнерын дэлхийн загварын чиг хандлагад нийцүүлэн урласан 100 гаруй загвараас толилуулсан юм.

Дизайнер Алтангадасын загварууд дэлхийн загварын чиг хандлагыг үндэсний хувцасны хэв маягтай хослуулан, сүлжмэлийн сүлжээн дээр хээний зохиомж гарган, тод өнгөний эффект оруулан урласан нь олны сонирхлыг татаж байлаа. Өдөр тутмын хэрнээ хээнцэр, цоглог загварууд багтсан байсан түүний коллекциудыг шоуны үеэр олон хэрэглэгч захиалсан юм. Дизайнер Сорын загваруудад барууны дүр төрхийг эртний овог аймгийн загвартай хослуулан зохиомжилж, сарлаг тэмээний ноосоор урласан нь урьд өмнө аль ч шоунд харагдаж байгаагүй содон шийдэл байсан бол дизайнер Мөнхцэцэгийн загварууд ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулсан энгийн бөгөөд нарийн хийцтэй тансаг байдлыг илтгэн урласнаараа шоуг чимж байлаа.

Түүний коллекциуд олон төрлийн нугалаа, хуниасыг орчин үеийн хэв маягт оруулж, зохион бүтээлтийн хувьд уламжлалт бус шинэлэг зохион бүтээлтийн аргачлалыг гарган, торгоны хольцтой нарийн ноолууран утсаар сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан урласнаараа ихэмсэг хийгээд дэгжин төрхийг илтгэж байсан юм. Дизайнер Дөлгөөн болон Амармөрөнгийн загварууд нь эрэгтэйчүүдийн гадаад төрхөд өнгө нэмж, Английн дээдсийн амралт зугаалгын нэгэн хэсэг болсон ангийн хувцаснаас сэдэвчилсэн нь залуучуудын төдийгүй хүүхнүүдийн харцыг булааж байсан юм.

Уг шоуны үеэр хуран цугласан гадаад, дотоодын зочид төлөөлөгчид “Гоёо” брэндийг Монголын нэрийг дэлхийн давцанд таниулахуйц шилдэг үйлдвэрлэгч болсныг сайшаан үнэлж байлаа. Техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт нь чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг бий болгож, дотоод гадаад хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрдүүлсэн үндэсний шилдэг “Гоёо” брэнд “Монгол ноолуураар дэлхийг гоёно” гэсэн эрхэм зорилгодоо хүрч, Монгол ноолуураар дэлхийг гоёсон Монгол брэнд болох өдөр тун удахгүй нь лавтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж