Их Британийн “Трамп”

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Их Британийн “Трамп”

Их Британийн “Трамп”

Консерватив намын даргын өрсөлдөөнд Борис Жонсон Мягмар гаригт ялалт байгуулснаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд болов. Их Британийн ерөнхий сайд Тереза Мей албан ёсоор огцрох өргөдлөө хатан хаан Элизабетад II өргөн барьснаар Лхагва Борис Жонсон албан үүрэгтээ орлоо. “NEWS агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа Их Британийн “Трамп” гэж хочлогдох болсон Борис Жонсоныг танилцуулж байна.

БЛИЦ

НЭР: Борис Жонсоны бүтэн нэрийг нь Александр Борис де Пфеффел Жонсон гэдэг

ТӨРСӨН: 1964 оны зургадугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт төржээ.

МЭРГЭЖИЛ: улстөрч, сэтгүүлч, түүхч

эхнэр, аав, дүү нарын хамт

Эцэг Стэнли Жонсон нь түүнийг төрөх үед Колумбын их сургуулийн эдийн засгийн ангид суралцагч оюутан байжээ. Эцэг нь Европын парламентын намын гишүүн байсан төдийгүй Еврокомисс, Дэлхийн банкинд ажиллаж байв. Харин ээж нь Европын хүний эрхийн комиссын ерөнхийлөгч асан Жеймс Фавсеттын охин аж. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүү болж төржээ. Түүний дүү Рейчил Жонсон нь зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй бол Лео Жонсон нь нягтлан бодохын хувийн фирмд санхүүгийн шинжээч, Жон Жонсон нь Орпингтон хотын парламентад ажиллаж байв.

ХУВИЙН АМЬДРАЛ

 

Борис Жонсон хоёр удаа гэрлэж байсан. Тэрбээр 1987 онд урлагийн түүхч Уиллиам Мостен-Овены охин Аллегратай гэрлэсэн. Гэвч тэдний гэрлэлт Борис Жонсон их сургуулийн найз Марина Вээлэрээс хүүхэдтэй болсноор 1993 онд төгссөн байна. Тэрбээр гэрлэлтээ цуцлуулснаас 14 хоногийн дараа Маринатай гэрлэлтээ батлуулсан ба таван долоо хоногийн дараа тэд анхны хүүхдээ өлгийджээ.

Хоёр дахь эхнэрийн хамт

Борис болон Марина нарын гэр бүл сэтгүүлзүйн салбараар холбогдож, эртнээс нэгнээ мэддэг байжээ. Мөн тэд хамтдаа Европын сургуульд суралцаж байсан аж. Хос хоёр охин, хоёр хүүтэй болсон. Гэвч Борис Жонсон 2009 онд урлагийн зөвлөх Хэлэн МакИнтирэтэй нэр холбогдсоноор барахгүй охинтой болсон байна. Улмаар “бутач” охины хэргийг 2013 онд шүүхээр хэлэлцэж, Борис Жонсоныг охиныг үгүйсгэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Борис Жонсон нь Маринатай гэрлэлтээ 2018 онд цуцалжээ. Өдгөө тэрбээр  “The Independent” сонины үүсгэн байгуулагчдын нэг Маттью Симондсын охин Карриетай болздог. Борис Жонсон их сургуульд сурч байхдаа каннабис, кокайн хэрэглэдэг байсан талаараа 2007 онд ярьжээ.

одоо үерхэж буй найз бүсгүй

 

СЭТГҮҮЛЧИЙН КАРЬЕР

Жонсон Брюссель хотноо Европын сургууль, Этон Коллежийг төгссөн ба Оксфордын Баллиол коллежийг дүүргэжээ. Тэрбээр 1986 онд Оксфорд холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Борис Жонсон ажлын гараагаа “The Times” сонинд сэтгүүлчээр эхэлсэн. Гэхдээ тэрбээр хуурамч иш татсан хэргээр ажлаасаа халагдаж байв. Үүний дараа “The Daily Telegraph” сонины Брюссель дэх сурвалжлагчаар ажиллах болж, Европын холбооны нэгдлийг эсэргүүцсэн нийтлэл гаргах болсон байв. Тэрбээр 1994 оноос “Telegraph” сонинд туслах редактораар ажиллаж байгаад 1995 онд “The Spectator” сонинд эрхлэгчээр ажиллах болжээ. Гэвч тэрбээр улс төрд орохоор шийдсэнээр 2005 онд эрхлэгчийн ажлаа орхисон ажээ.

УЛС ТӨРД ОРСОН НЬ

Тереза Мейн хамт

Тэрбээр 2008 онд Английн Лондон хотын даргаар сонгогдож, найман жилийн турш ажилласан. Энэ хугацаанд тэрбээр Лондон хотноо согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаж, шинэ загварын автобусыг танилцуулж, дугуйн түрээс, дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна. 2016 онд тэрбээр Их Британийг Европын холбооноос гарах эсэх бүх нийтийн санал хураалтыг зохион байгуулах гол хүмүүсийн нэг болсон байв. Бүх нийтийн санал хураалтын дараа түүнийг Консерватив намын даргын сонгууль өрсөлдөхийг урьсан ч ялах магадлал өндөр байсныг үл харгалзан татгалзжээ. Борис Жонсон сэтгүүлзүй болон улс төрийн салбарт маргаан дагуулсан хүн. Дэмжигчид нь түүнийг наргианч, алдартай улстөрч гэж магтдаг бол шүүмжлэгчид түүнийг язгууртны онолыг барьдаг, танил талаа дэвшүүлдэг, залхуу, шударга бус, арьс өнгөөр ялгаварласан үг хэллэг ашигладаг гэж буруутгадаг. Борис Жонсон 2005 оноос хойш улс төрд орсон ба 2008-2016 оны хооронд найман жил Английн Лондон хотын даргаар ажилласан юм. Харин 2016 онд Их Британийн ерөнхий сайд асан Тереза Мей түүнийг гадаад хэргийн сайдаар томилсон юм. Гэвч тэрбээр Тереза Мейн Их Британийг Европын холбооноос гаргах төлөвлөгөөг эсэргүүцэн 2018 онд албан тушаалаасаа огцорчээ.

ХАГАС ЗУУНЫ ТУРШ АНУ-ЫН ИРГЭН БАЙВ

Тэрбээр өнгөрсөн 50 жилийн турш АНУ-ын давхар иргэншилтэй явж иржээ. Түүний эцэг эх нь түүнийг Нью-Йорк хотын захиргаа болон тус хот дахь Их Британийн Консулын газар давхар бүртгүүлснээр хоёр улсын иргэншилтэй болсон аж. Харин АНУ-ын Дотоод орлогын албанаас Борис Жонсоныг татвараас зайлсхийж байсныг нь илрүүлснээр Нэгдсэн улсын иргэншлээсээ татгалзжээ. 2014 онд АНУ-ын татварын албаныхан давхар иргэншилтэй иргэдийн орлогын мэдүүлгийг шалгах үеэр Борис Жонсон татвараас зайлсхийсэн нь илэрчээ. Тэрбээр Лондоны хойд хэсэг дэх сууцаа зарснаас олсон орлогоос 50 мянган гаруй ам.долларыг АНУ-д төлөх байсныг төлөөгүй аж. Улмаар 2016 онд тэрбээр АНУ-ын иргэншлээ орхижээ. АНУ-ын албаныхны мэдээлснээр тэрбээр тухайн онд тус улсын иргэншлээс татгалзсан 5411 хүний нэг болжээ. Борис Жонсоны эцэг, өвгөд нь мусульман, еврей, христийн шашинтнууд байснаараа өөрийгөө “олон үндэстний хүн” гэж нэрлэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж