“Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай дэлхийн оюутны зуны "Универсиад" XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод өнгөрөгч баасан гаригт хөшгөө нээсэн билээ. Энэ удаагийн наадамд 148 орны 12986 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсын 160 тамирчин спортын 12 төрөлд хүч үзэж байна.
Өнөөдөр Монголын багийн медалийн буухиа эхэллээ. Эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг хүрэл медаль хүртлээ. Энэ дасгалд БНСУ-ын баг алтан медаль хүртэж, ОХУ-ын баг удаалав. Манай баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү 542 оноо, спортын мастер Оюуны Төгөлдөр 540 оноо, спортын мастер Энхтайваны Бадамгарав 538 оноо авч багийн дүнгээр медалийн тавцанд зогссон юм.
Тэгвэл жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа аваргын алтан медалийг авлаа. Тэрээр БНСУ, АНУ, Франц, Японы бөхчүүдийг ялж, мөнгөн медалийн болзол хангаад байсан. Шигшээ барилдаанд Хорватын бөх Андреа Бекичийг цэвэр ялж, "Универсиад"-ын аварга боллоо.
Тэмцээний гурав өдрийн дараах байдлаар БНСУ 10 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол БНХАУ (8+6+5), Япон (8+5+7), Итали (4+4+6), Франц (4+3+3), АНУ (4+1+4), ОХУ (3+11+7) II-VII байрт бичигдэж байна. 33 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас манай баг тамирчид өнөөдөр анхныхаа медалийг авч жагсаалтын 13-р байрт бичигдэж эхэллээ.
Ч.БОЛОР