Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосоос ирэх хүнсний тусламжийг авахаас татгалзжээ. Өмнөд Солонгос улс нь АНУ-ын цэргийн хүчинтэй хамтарсан сургууль явуулахаар төлөвлөсөн учир ийнхүү тусламжаас татгалзаж байна гэж тайлбарласан байна.
БНАСАУ болон Дэлхийн хүнсний байгууллага /WFP/-ын төлөөлөгчдийн ажлын түвшний уулзалт саяхан болсон бөгөөд уг уулзалтын үеэр дээрх мэдэгдлийг гаргажээ. Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус улс нь WFP байгууллагаар дамжуулан Хойд Солонгос руу 50 мянган тонн цагаан будаа илгээхээр төлөвлөөд байсан юм.
Өнгөрсөн онд Хойд Солонгос улс 2008 оноос хойшхи хамгийн бага хэмжээний ургац хураасан бөгөөд үүний улмаас тус улсын 10 сая орчим иргэн буюу нийт хүн амын 40 орчим хувьд хүнсний тусламж нэн шаардлагатай байгаа тухай НҮБ-ын байгууллагуудын хамтарсан тайланд мэдээлсэн билээ.
Эх сурвалж: KOREA TIMES
Холбоотой мэдээ