Чаушескугийн булшийг нээжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Чаушескугийн булшийг нээжээ

Долдугаар сарын 21-нд Бухарестын Генча гэдэг цэргийн оршуулгын газар Румыны ерөнхийлөгч агсан Николае Чаушеску ба түүний эхнэр Елена хоёрын булшыг задалсан байна. Булшийг задлах ажиллагааг нь тэдний хүргэн Мирча Опранугийн санаачлагаар хийж байгаа бөгөөд хэрэв булшинд огт өөр хүмүүсийн шарил байх юм бол Опрану Румыны Засгийн газартай заргалдах юм байна.

Николае ба Елена Чаушеску нарын охин Зоя Чаушеску 2005 онд эрх баригчид ба оршуулгын газрын захиргаанаас эцэг, эхийнхээ булшийг эргэх зөвшөөрөл өгөхийг шаардаж байлаа. Гэвч хүсэлтийг нь биелүүлээгүй бөгөөд тэнд Чаушескугийн хосын шарил байгаа гэсэн нэг ч баримт олдоогүй байна.

Зоя Чаушескугийн хүсэлтийг зөвшөөрөөгүй шүүх харин Үндэсний хамгаалалтын яаманд үүрэг өгч тэр шаардлагатай баримт бичгийг гарга гэсэн билээ. Хэсэг хугацааны дараа булшинд байгаа цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэж хэн тэнд байгааг тогтоох зөвшөөрлийг охин нь олж авсан байлаа.

Зоя Чаушеску 2006 онд нас барсны дараа амьд үлдсэн ганц хүү нь эгчийнхээ ажлыг үргэлжлүүлсэн байна. Өнгөрсөн жилд Валентин Чаушеску ба Мирча Опрану хоёр  булшийг нээх зөвшөөрөл авсан байлаа.

1989 оны арванхоёрдугаар сарын 17-нд  Чаушеску  нууц алба ба армид Тимишоар хотын жагсагчдыг буудах тушаал өгснөөр ард түмний бослого гарсан юм. Николае ба Елена Чаушеску хоёр Бухарестаас зугтан гарч яваад Тырговиште хотод баригдан тэнд цэргийн шүүхээр шүүгдэн цаазаар авах ял аваад буудагджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж