Баян-Өлгий аймагт өнөөдөр Ботахара-Нура омгийн Казыбайн Байтемир агсны 75 жилийн ойд зориулсан бэсрэг ургийн наадам болж байна. Аймгийн төвөөс 14 км-ын зайд болж буй тус наадам хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болон казах үндэсний спортын төрлөөр эхэллээ.
Бөхийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Н.Батзаяа, О.Хангай, Улсын начин Б.Баатарцол, Б.Серик нарын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд очжээ. Барилдааны шагнал өндөр бөгөөд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд машин бэлэглэх юм байна. Мөн хурдан морины уралдааны түрүү болон айтыс буюу харилцаа дууны эхний байранд орсон дуучныг машинаар шагнахаар болжээ.
Казыбайн Байтемир агсан Баян-Өлгийд төрсөн бөгөөд аймгийн Авто тээврийн 21 дүгээр бааз, Зам гүүр ашиглалтын конторт он удаан жил бүр бүтээлтэй ажиллаж байжээ. Түүний үр хүүхэд энэхүү наадмыг зохион байгуулахаар Казахстанаас Өлгий хотод хүрэлцэн ирсэн байна. Дээрх ургийн баярыг түүний эхнэр С.Хути, үр хүүхдүүд нь болох Б.Ермурат, Б.Саулегүл, Б.Серикбол нар гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Наадмын арга хэмжээ өнөөдөр дуусна.
Холбоотой мэдээ