УИХ "давхар дээл"-ийг шүүх засаглалтай хамт өмсөж болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

УИХ "давхар дээл"-ийг шүүх засаглалтай хамт өмсөж болохгүй

УИХ "давхар дээл"-ийг шүүх засаглалтай хамт өмсөж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал  болон УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн шүүх эрх мэдэл, хараат бус байдалтай холбогдох асуудлаарх хэлэлцүүлэг өнөөдөр /2019.07.24/ “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр болж байна. Хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүх, прокурор,  Хуульчдын холбоо зэрэг байгууллагын 100 гаруй хүн оролцож байна.

УИХ-ЫН ГИШҮҮД болон ЕРӨНХИЙЛӨГЧИЙН боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд орсон Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтын ХАРЬЦУУЛАЛТ

ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙНХЕРӨНХИЙЛӨГЧИЙНХ
49.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараахь журмаар байгуулна:

1/Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;

2/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж,Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан МонголУлсын иргэн байна;

3/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгоно;

4/Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгоно.

 

48.1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэнэ. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно..

 

49.6. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргана.49.6. Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллана.

 

 

49.7. Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байна. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч; гурав нь хууль зүйн эрдэмтэн;гурав нь иргэдийн төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.

 

49.7. Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргана.

 

 

49.8. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах бусад шаардлагыг хуулиар тогтооно.49.8. Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
 

 

51.1.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ.

 

51.2. Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын ИхХуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ

 

51.3. Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно.

 

51.5. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.

 

Хэлэлцүүлгийн үеэр төсөл санаачлагчид оролцогчдын асуусан асуултад хариуллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бодлогын зөвлөлийн гишүүн Л.Цог: -Шүүгчийн томилгооны талаар Улсын Дээд шүүхээс санал өгсөн үү? Хоёрдугаарт, Шүүхийн Ерөнхий зөвлөлд шүүгч бус гишүүн байна гэдгийг юу гэж ойлгох вэ. Шүүгчийн хараат бус асуудал маш эмзэг гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн түүхийг авч үзвэл томилж байгаа тал нь өөрийгөө хамгаалуулах хүнийг томилдог ийм сүлжээг байгуулсан. Үүнийг өөрөөр шийдвэрлэх олон улсын арга, туршлага гэж бий юу?

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгэм оршин тогтнох эрхзүйн үндсийг хөнддөг учраас буруу хөндвөл 1992, 2000 оныг дамжсан хэрүүл өнөөг хүртэл яригдсантай адил ирэх 10 жил яригдах асуудал учраас хүн бүхэн идэвхтэй оролцох ёстой. Гуравдугаарт, хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын зөвлөлийн санал гэж яриад байх юм. УИХ-дахь АН-ын санал юм уу, эсвэл намынх нь байр суурь юм уу гэдэгт тодорхой хариулт өгнө үү?

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин: -Үндсэн хуульд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн төсөл санаачлах эрх хууль санаачлах эрх бүхий этгээдүүдэд адил” гэж заасан байдаг. АН парламентад суудалтай нам. УИХ-д бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа ч гэсэн зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Парламентад суудалтай намын хувьд УИХ-ын гишүүдээрээ дамжуулаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар саналаар илэрхийлэх, шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн төсөл өргөн барих эрхтэй.

УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: –Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Улсын дээд шүүхээс санал авах эрхзүйн үндэслэл байхгүй. Улсын дээд шүүхээс санал ирсэн үү гэвэл ирсэн. 2018 оны арваннэгдүгээр сарын 07-нд саналаа ирүүлсэн.

Тус саналд төслийн 51.2. Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэсэн саналыг хасах гэсэн.

Мөн 51.5. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно гэснийг зургаан жил болгон өөрчлөх,

49.6. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргана гэснийг хасъя гэсэн саналыг Улсын дээд шүүхээс  ирүүлсэн.   Журмын тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн төслийн талаар санал авах зохицуулалттай тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналд Улсын дээд шүүхийн шүүгчдийн хоёр удаа буюу улируулан арван жилийн хугацаагаар томилох саналтай байна гэдгээ ирүүлсэн.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах үүрэг бүхий эрдэмтэн, судлаачдын ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан: -Улсын дээд шүүхээс 2018 оны төсөлд саналаа ирүүлсэн. Энэ оны зургадугаар сарын 06-нд өргөн барьсан төсөлтэй холбогдуулж дахин санал ирүүлсэн. Журмын тухай хуулиар ажлын хэсгийн хүрээнд гишүүдийн саналыг хэлэлцэх журамтай. Улсын дээд шүүхээс өргөн барьсан төслийн талаар ирүүлсэн саналыг гишүүдийн саналаар агуулгаар нь нэгтгэж ажлын хэсгүүд дээр ярилцсан.

Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийг дэргэдээ байгуулах, даргыг нь томилох агуулгатай санал ирүүлсэн. Энэ нь өргөн барьсан төслийн үзэл баримтлалтай нэгдэхгүй гэж үзсэн. Учир нь Улсын дээд шүүхийн дор Шүүхийн ерөнхий зөвлөлийн байгуулсан тухайн үед шүүхийн дотоод хараат бус байдал алдагдсан гашуун туршлага бий.

Олон улсын  туршлага болон судалгаагаар ч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж татгалзсан байдаг. Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн хасах санал нь гишүүдийнхтэй давхацсан. Шүүгчийн хариуцлагын зөвлөл хөндлөнгийн бүрэлдэхүүнээс бүрдэж, шүүгчдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд ажиллана. Шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэлээс сэргийлэхийн тулд албан ёсны үзэл баримтлалд уг зөвлөлийн шийдвэрийг Улсын дээд шүүх хянах заалт нь хэвээр байгаа. Шүүгчийн хариуцлагын зөвлөл арван гишүүнтэй байна.

Тэнцвэрийг хангах үүднээс 10 гишүүний тав нь шүүгчдээс сонгогдох нь улс төрийн нөлөөллийг хаана. Үлдсэн таван гишүүн нь шүүгч бус гишүүд байна. Тухайлбал, хууль зүйн өндөр мэдлэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлага тавина. Мөн томилгооны сонсгол заавал хийнэ. Таван гишүүнийг УИХ-аас томилно. Ингэхдээ гуравны хоёроор буюу олонх цөөнхөд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Таван гишүүний нэгийг Засгийн газар, гурвыг нь холбогдох байнгын хороо, нэг гишүүнийг мэргэжлийн холбоо нь нээлттэйгээр хуульд заасны дагуу нэр дэвшүүлж, УИХ-д гуравны хоёроор томилгооны сонсгол хийж томилно.

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан: –Шүүгчийг томилж болдоггүй юм уу. Томилгооны хараат байдлаас гаргах нь чухал гэж үзэж байна. Дээд шүүхийн шүүгч, анхан шат, давж заалдах шатны шүүгч нарын хугацаа нь болоогүй байтал дараагийн хүнийг нь томилчихдог. Энэ зарчим алдагдах нь олон учраас сонгох хувилбарыг тусгаж болоогүй юм уу. Анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчийг тойргийнх нь сонгогчид сонгодог, Улсын дээд шүүхийн шүүгчийн Монгол Улс нэг тойргоор сонгож ард түмэнд эрх мэдлийг нь өгмөөр байна. Ингэж байж төрийн эрх мэдлийг хуваан хэрэгжүүлдэг сонгодог тогтолцоо арилна. УИХ давхар дээлийг шүүх засаглалтай хамт өмсөж болохгүй.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: –Шүүгчдийг сонгодог тогтолцоог судлаачид хамгийн сул талтай тогтолцоо гэж үздэг. Мөнгөний хамааралтай сонгууль болж шүүгчид тодорно. Зүй бус амлалтууд хүртэл явагдах тогтолцоо учраас шүүгчдийг иргэдээс сонгох тогтолцоог хамгийн сул талтай гэж судлаачид үздэг.

“АРДЧИЛЛЫГ ХУУЛЬЧИЛЖ БОЛДОГ, ХАРИН  ХУУЛИЙГ АРДЧИЛЖ БОЛДОГГҮЙ"

АН-ын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин: –Дэлхийд одоогоор гарын таван хуруунд хүрэхгүй улсад уламжлалаасаа шалтгаалсан шүүгчийг сонгодог загвар бий. Энэ  нь тухайн улсын эрх баригч болон судлаачдын толгойны өвчин нь болсон. Хуулийн засаглал буюу хүний эрх гэдэг зүйл нийгмийн олонхын хүсэл зоригоос ангид байх шаардлага гардаг. Нийгэм бүхэлдээ эсрэг байсан  асуудалд шүүгч  хууль болон шударга ёсны зарчмаа барьж эсэргүүцэж байгаа хэсгийн өмнөөс сөрж шийдвэр гаргах шаардлага гардаг. Ингэж байж хүний эрх баталгааждаг. Тиймээс ямар нэгэн байдлаар ардчиллалдаа уягдсан шүүгчийн томилгооны тогтолцоо байх нь  шүүгч яг  л улстөрчидтэй адилхан болж хувирдаг.

Асуудлын бодит, нотлох баримтад үндэслэхээс илүүтэй олон нийтийн сэтгэл хөдлөлд тулгуурлаж таалагдах гэсэн шийдвэрүүдийг гаргах эрсдэлтэй. Эрх мэдэл хуваарилах онолоор ардчилал өөрөө сэтгэл хөдлөл дээр суурилдаг бол шүүх илүү рациональ нотлох баримтад ухаалаг үндэслэлд  тулгуурлана гэсэн энэ шинжээ алдахад хүргэдэг гэж үздэг. Тийм учраас Монгол  Улсад хоёрдох улстөрчдийн давалгааг оруулж ирэх гээгүй л бол шүүгчийг сонгодог байдал л руу оруулах нь зохимжгүй.

“Ардчиллыг хуульчилж болдог, хуулийг ардчилж болдоггүй гэж үг бий. Хэрэв шүүхийг сонгодог болбол  хуулийг ардчилна буюу хуулийг өөрийнхөө үзэмжээр олон нийтэд таалагдуулахын тулд өөрчилнө гэсэн үг. Бид шүүхийг улс төр дахь нөлөөллийг яаж багасгах уу гэдэг шийдэл хайх гэж оролдож байгаа атлаа шүүхийг бүхэлд нь улс төрөөс  хамаатай болгож өөрчлөх гэж оролдвол энэ нь аюултай нөхцөл байдалд хүргэнэ.

Монголын ногоон намын дарга Бум-Ялагч: –Шүүгч нар тэрбумтан болоод байна гэдэг шүүмжлэлээс гарахын тулд хуулийн өөрчлөлтийг хийх гэж байгаа гэж ойлгож байна. Хууль санаачлагчид энэ заалтыг ингэж хэрэгжүүлснээр тэрбумтан шүүгч нараас сална гэдгээ маш тодорхой тайлбарламаар байна. Хөдөөгүүр иргэдтэй уулзахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ойлголт бага байна. Гэтэл иргэдийн тархийг юу гэж угаасан бэ гэхээр “Өөрчлөх цаг нь болсон” гэж хэлдэг.

Яагаад өөрчлөх гээд байгаа юм бэ, тэрбумтан шүүгчдээсээ яаж салах, шударга ёсыг яаж тогтоох вэ гэж асуудалд хандмаар байна. Хууль, шүүхийн байгууллагын авлигад идэгдсэн байдлыг засахын тулд Үндсэн хуулиа өөрчилж байна гэж ярих болохоос биш цэцэрхэж бусдад ойлгогдохгүй үгээр ярьж түүнийгээ хуулийн хэллэг гэж тайлбарладаг. Гэтэл шүүх дээр ард иргэдийг өмгөөлөгчтэй нь хамт дарамталдаг байж болохгүй. Энэ байдал цаашид үргэлжлэх юм бол хувьсгал руугаа орно шүү.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: –Парламентын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд шүүгчдийн томилгоо,  шүүгчдийн хариуцлагын зөвлөл, ажиллах жил зэрэгт нь зарчмын өөрчлөлтүүд орж байгаа. Улс төрөөс хамааралтай шүүгчийн томилгоог энэ төслөөр бүрэн халж Шүүхийн ерөнхий зөвлөл дангаар бүх шатны шүүхийн шүүгчдийг томилсон шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Ерөнхийлөгч батламжилдаг тогтолцоо руу орж байгаа. Улсын дээд шүүхийн шүүгч нарыг 12 жилийн хугацаатай томилох нь шүүгч нар хариуцлагатай, томилсон хүндээ үйлчилдэг  бус зөвхөн хуульд захирагдаж ажиллах болно.

"ҮНДСЭН ХУУЛИЙНХАА СУУРЬ ЗАРЧМЫГ ХӨНДӨХГҮЙ ГЭЖ ТОХИРОЛЦСОН"

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: –Шүүгчдээ хариуцлага тооцож чаддаггүй тэрбумтан шүүгч нарыг халахын тулд Ерөнхийлөгч сахилгын хороо байгуулах саналыг тусгасан. Томилсон байгууллага нь хариуцлага тооцож чадахгүй учраас шүүгч  нараас бүрдээгүй сахилгын хороог тусад нь байгуулах юм. Бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч шүүгч нарыг томилно гэснийг батламжилна гэж гишүүдийн өргөн барьсан төсөлд өөрчлөхөөр оруулж ирсэн. УИХ улс төрөөс хараат бусаар Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилно гэдэгт нь итгэхгүй байна. Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хөндөхгүй гэж тохиролцсон атлаа хуулийн өөрчлөлтөөр УИХ-аас томилогддог байгууллагын тоог нэгээр нэмээд үүгээр бүх шүүгчийг томилдог болгох нь. УИХ Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хөндөхгүй гэж тохиролцсон тул  хөндөхгүйгээр л цааш явмаар байна.

Хуульч Ц.Оюунбаатар: –Үндсэн хуулийг өөрчилснөөр Монгол Улсад шударга ёс тогтох уу, чадах уу. Сүүлийн жилүүдэд Монголын хууль, шүүхийн байгууллага дампуурсан нь үнэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна гэж МАН хэлж чадахгүй байна вэ. Монгол Улс шүүгчээ сонгодог байсан шүү. 1992 он хүртэл сонгож ирсэн. Тэр үед шүүхийн тогтолцоо шударга байсан. Гэтэл энэ хувилбарыг өнөөдөр үгүйсгээд л сууж байна. Прокурорын байгууллагын асуудлыг хуулийн төсөлд яагаад оруулж ирсэнгүй вэ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: –Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр ард түмний санал асуулга явуулах эсэх асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэдэг.

Ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан: –УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүгчдийг хараат бус, хариуцлагатай болгох чиглэлд орж болох тэр бүх зарчмууд тусгагдсан.

           "ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ТӨРИЙН ЭРХИЙГ БАРИХ ШҮҮГЧИД БИЙ БОЛОХ НЬ"

 

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар: –Аливаа улсын Үндсэн хууль өөрийн гэсэн философитой. Энэ нь улс орны хөгжлийн зам нь болдог. Төрийн эрх ард түмний гарт байна. Ингэхдээ төлөөллийн болон шууд зарчмаар төрийн эрхийг барина. Төлөөллийн зарчмаар барьдаг хамгийн том төлөөлөгч нь Монгол  Улсын Ерөнхийлөгч. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн эрхийг барих шүүгчид бий болох гэж байна.

Төрийн эрхийг хууль бус замаар авахыг энэ өөрчлөлтөөр тусгаж байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэж. Шүүгчийн ерөнхий зөвлөлд ямар хүмүүсийг оруулах юм бэ. Нийт 10 гишүүний тавыг нь УИХ томилно. Анхан, дунд, хяналтын шатны шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө сонгож Ерөнхийлөгчид өргөн барьж хүчээр батлуулах нь. УИХ-аар таван шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, иргэдийн хяналт бий болно гэж хуурч байна. Нэг ёсондоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг  томилчихвол ямар ч хүнийг хонгилоор оруулж болох нь.

Анхан шатны шүүгчийг томилоход шалгалт авдаг. Энэ шалгалтад тэнцээгүй нь танил тал хайгаад явдаг хүмүүс маш олон. Ажилласан жил нь тухайн шүүгчийн  шударга ёсны зарчим, үнэнч байх зарчмыг яаж баталгаажуулж харуулах юм бэ. Мөн ард түмний хяналт гэдэг чинь хаана байна вэ.Ерөнхийлөгчийн хуулийн  төсөлд тусгагдсан “Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллана” гэдгийг оруулж байж Ерөнхийлөгч батлах хэрэгтэй. Хэрэв УИХ-ын гишүүдийн өргөн барьсан заалт энэ хэвээрээ батлагдвал Ерөнхийлөгч онц байдал зарлаж чадах уу гэгийг Тамгын газраас нь асууя.

Ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан: –УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийн гол үзэл баримтлалд шүүгчид тавигдах шаардлагыг өндөрсгөсөн. Анхан шатны шүүхийн шүүгчээр гурван жил мэргэжлээрээ ажилласан 25 настай хүний томилдог байсныг өөрчилж мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан 30-аас дээш настай байна гэж  тусгасан.

Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно. Үндсэн хуулийн 51.3-т орж байгаа дээрх заалт зөвхөн наад захын шаардлагууд. Нэмэлт шаардлагуудыг хуулиар 27 жил тогтоож ирсэн тэр журмаараа явна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: –Гишүүдийн санаачилсан төслийн 51.3-т Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно гэсэн нь шүүгчийг хараат бус байлгах үндэс болсон насаар нь томилдог ололтоосоо УИХ ухарч болохгүй гэдгийг Ерөнхийлөгч үзэж байгаа. Анхан, Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр насаараа томилогдож болдог. Харин Улсын дээд шүүхэд тэгж болдоггүй. Энэ өөрчлөлтийг санал болгож байгаа хүмүүс өөрсдөө Улсын дээд шүүхийн гишүүн болох зорилготой хүмүүс л яриад байх шиг байна. Ийм явцуу сонирхлоор шүүгчийг бүх насаар нь томилдог, хараат бус байдлын үндсэн зарчмаа устгаж болохгүй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа.

Шүүгчийг хугацаатай томилох гэж байгаа бол бүгдийг нь 12 жилийн хугацаатайгаар томилох  эсвэл Улсын дээд шүүхийн шүүгчээр арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно гэсэн заалтаа болих энэ хоёр замын нэг талд нь гарах ёстой. Үндсэн хуулийнхаа араг ясыг эвдэхгүйгээр явъя гэж тохирсон. Тэгтэл үүнийгээ зөрчиж байгаа бол шинэ Үндсэн хуулийн тухай ярихаас өөр аргагүй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж