ОХУ-ын Эрхүү мужийн “Усольехимпром” үйлдвэрийн өнөөгийн байгаа нөхцөл байдал хоёр дахь Чернобыль болоход ойрхон байна хэмээн ОХУ-ын Байгаль орчны хяналтын газрын тэргүүн Светлана Радионова "Известия" сонинд өгсөн ярилцлагадаа анхааруулсан байна.
"Усольехимпром" үйлдвэр нь хлор болон бусад химийн бодис үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн эзэмшигч нь тус үйлдвэрээс ашиглаж болох бүхнийг аваад үйлдвэрийг зөнгөөр нь хаясан хэмээн Светлана Радионова хэлээд мөнгөн усаар үйлдвэр бараг бүхэлдээ хордсон байгаа учраас юуны түрүүнд мөнгөн усны хороос цэвэрлэх хэрэгтэй гэлээ.
Мөн үйлдвэрийн хонгил, агуулахуудад химийн аюултай бодис ихээр хадгалагдаж байгаа, гэхдээ тэнд яг ямар төрлийн химийн бодис байгааг хэн ч мэдэхгүй байна гэсэн байна. Үйлдвэрийн хажууханд Ангар мөрөн урсаж байгаа учраас ямар нэг юм болоход Ангар мөрөн төдийгүй энэ хэсгийг газар, агаар бүхэлдээ хордох маш аюултай байдалд байгаа ажээ.
Байгаль орчны хяналтын газар энэ үйлдвэрийг хоёр дахь Чернобыль болох бүрэн магадлалтай гэж анхааруулж, үйлдвэрийг аврах, хоргүйжүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн гэлээ.
Иймэрхүү маягаар эзэд нь хаяад явсан, байгаль экологид хор учруулж болохуйц хэд хэдэн объект байгааг Радионова хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ