ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитийн халдвартай амьдарч байгаа бөгөөд жилд 1,4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас болж нас барж байна. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог бөгөөд уг хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа ажээ.
Манай улс 2017 онд хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын дундах хепатитын С вирусийн архаг халдвартай хүмүүсийн тоо 56% буурсан нь тогтоогдсон байна.
Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг "Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая" уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 оны долдугаар сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг өдөрлөгийн хүрээнд долдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд ЭМЯ-ны харъяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброксан үзлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдана. Мөн эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг даатгалд хамруулж, “Монос Эм импекс” зэрэг газрууд сургалт сурталчилгаа хийж, өдөрлөгийг дэмжин ажиллах юм байна.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ