БНСУ-ын Куанжу хотноо болж буй усан спортын 2019 оны ДАШТ-ий усанд сэлэлтийн төрлүүд үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний эрэгтэй 200 м-ийн чөлөөт, 100 м-ийн араар даллах, эмэгтэйчүүдийн 1500 м-ийн чөлөөт, 100 м-ийн араар даллах, 100 м-ийн өврөөр даллах төрлийн уралдаанд явагдаж медалийн эзэд тодорлоо.
Энэ өдөр хятадууд 2 алт, Канад, АНУ болон Италийн багууд тус бүр нэг алтан медаль хүртсэн бөгөөд Итали улс Куанжугийн ДАШТ-ий анхны алтан медалиа 1500 м-ийн чөлөөт сэлэлтийн эмэгтэй төрөлд хүртлээ. Эмэгтэй 1500 м-ийн зайд Италийн С.Куадарелла шигшээ уралдаанд 15 мин 40.89 секундын амжилтаар түрүүлснээр аваргын алтан медаль хүртсэн. Урьдчилсан шатанд Олимп, дэлхийн аварга АНУ-ын К.Ледеки цагийн үзүүлэлтээр тэргүүлээд байсан ч шигшээ уралдаанд оролцоогүй.
Эрэгтэй 200 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд Хятадын Сун Ян 1 мин 44.93 секундын амжилтаар тэргүүлж, Куанжугаас хоёр дахь алтан медалиа хүртсэн бол Японы К.Мацумото мөнгө, Оросын М.Малютин хүрэл медаль хүртжээ. 100 м-ийн араар даллах төрөлд Риогийн олимпийн мөнгө, 2017 оны ДАШТ-ий алтан медальт Хятадын Шу Жиаю 52.43 секундын амжилтаар түрүүлж, дэлхийн аваргын хошой алтан медальт тамирчин болов. Түүнтэй хамт шагналын тавцанд Оросын Е.Рюлов болон Австралийн М.Ларкин нар гарчээ.
Эмэгтэй 100 м-ийн араар даллах төрөлд Канадын К.Мэйссе, 100 м-ийн өврөөр даллах төрөлд АНУ-ын Л.Кинг нар орсон байна. ДАШТ-ий усанд сэлэлтийн төрөлд АНУ-ын 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Хятадын шигшээ баг 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл, Австрали 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай эхний 3 байранд бичигдэж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 800 м-ийн чөлөөт, 50 м-ийн өврөөр даллах, 200 м-ийн эрвээхэй сэлэлт, эмэгтэй 200 м-ийн чөлөөт сэлэлтийн шигшээ уралдаанууд явагдана.
Б.БЯМБАБАЯР