Төв Азийн хамгийн хаалттай улсуудын нэг Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн тарсан билээ. Төв Ази судлаач, Оросын мэргэжилтэн Аслан Рубаев “Москвагаас ярьж байна” нэвтрүүлэгт оролцохдоо Туркменистанд байдаг танилуудаасаа Гурбангулыг нас барсан гэж сонссон" хэмээн ярьжээ. Үүнтэй зэрэгцэн Турменистаны сөрөг хүчнийхэн “Youtube” сувгаараа дээрхтэй адил мэдээлэл цацаж эхэлсэн байна.
Эдгээр мэдээллүүдийн дараагаар Москва, Бишкек дэх Туркменистаны Элчингээс энэ мэдээлэл ор үндэсгүй худал хэмээн зарласан. Мөн зарим эх сурвалжууд Ерөнхийлөгчийг амралтаа авсан, амралтаараа Германд эмчлүүлж байгаа өвчтэй ээжийгээ эргэхээр явсан хэмээн мэдээлсэн юм.
Энэхүү цуурхлын талаар дахин нэг шинэ мэдээлэл гарсан нь түүнийг анх нас барсан хэмээн мэдээлсэн “Erkin Turkmenistan” хэмээх “Youtube” суваг дээр нэгэн бичлэг тавигдсан байна. Уг бичлэг дээр түүнийг долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд комд орж, ухаангүй байж байгаад сэргэсэн гээд, өмнө нь худал мэдээлэл тараасандаа хүлцэл өчсөн байв. Мөн Аслан Рубаев ч хэлсэн үгэндээ уучлал хүсчээ.
Гэхдээ л Гурбангулы одоог хүртэл олны өмнө харагдаагүйгээс гадна ганц ч албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй байна. Үүнээс гадна тус улсын төрийн өмчийн мэдээллийн сувгууд Бердымухамедовын тухай хуучирсан мэдээнүүдийг давтан үзүүлж байгаа нь сэжигтэй байгаа юм.
Туркменистан улсын хувьд маш хаалттай, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хатуу чанга хяналттай байдгаас гадна Төв Азийн зарим улсуудад төрийн тэргүүний үхлийг удаан хугацаанд нууцалсан тохиолдол гарч байжээ. 2016 онд Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовыг нас барахад цуурхал нь албан ёсны мэдэгдэл гарахаас долоо хоногийн өмнөөс эхлэн тарсан байдаг.
Эх сурвалж: BBC