Турк улсад сүүлийн үед Хятад иргэдийн эсрэг халдлага их гарах болжээ. Туркийн Истанбул хотноо өчигдөр /VII.5/ Хятадыг эсэргүүцсэн олон зуун хүн жагсаал хийж, төрийн далбааг нь шатаасан байна. Өмнөх өдөр нь Истанбулын жуулчны дүүрэгт орших хятад ресторан руу хүмүүс чулуу шидэж, цонхыг нь хагалсан аж. Энэ бүхний дараа Хятадын гадаад хэргийн яамнаас Турк улс дахь иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл гаргажээ.
Шинжаан дахь уйгур үндэстнүүдээс болж Турк Хятадын харилцаанд үл ойлголцол үүсэх болжээ. Хятадын эрх баригчид Шинжаан дахь уйгур үндэстнүүдийг исламын шашны Рамадан сарын үеэр мөргөл үйлдэж, мацаг барихыг хориглосон нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Шашин нэгтэй уйгур үндэстнүүдийг туркууд дотночлон үзэж, Бээжингийн хавчлага, дарлалаас дүрвэн ирвэл хүлээж авна гэдгээ амлажээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters